ШУУД: УИХ-ыг хуралдуулах ЗӨВЛӨМЖ-д УИХ-ын дарга гарын үсэг зурсан

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагчид болох УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019.01.04-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг өнөөдөртөө багтааж хийх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг танилцуулаад, УИХ-ын гишүүдийг уг зөвлөмжийг биелүүлж, чуулганы хуралдаанд оролцохыг уриаллаа.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд гурван гишүүн бүгд хүлээн зөвшөөрсөн цагт баталдаг. Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх хуулийг өнөөдөртөө багтаж батлах нөхцөлийг зөвшөөрч, гарын үсэг зурсан гэсэн үг” гэж тайлбарлалаа.


Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Монголын ард түмэн төв талбай дээр 50 мянгуулаа цуглалаа. Маш ноцтой нөхцөл байдал үүслээ. 1990 онтой дүйцэхүйц үйл явдал өрнөж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг сонсоод ард түмэн сэтгэл хангалуун тарцгаасан. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан шийдвэр болон ард түмний хүслийг хүндэтгэж, чуулган хуралдах ёстой. УИХ-ын 40 гишүүн чуулгандаа орохоор ирээд байна. Харамсалтай нь, МАНАН-гийн талын гишүүд Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ирцийг хүргэхгүй, гацааж байна. Байнгын хорооноос болоод чуулган гацаж байна. Өнөөдөр бид Сүхбаатарын талбай дээр гэр барьж эхэлсэн. Маргаашнаас суулт үргэлжилнэ. Энэ замаар явах юм бол Монголын хувь заяа хүндэрнэ. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг чуулгандаа суухыг уриалж байна. Одоо 40 гишүүн байна. УИХ-ын дарга чуулганыг удирдах юм бол бид хуралдахад бэлэн байна” гэсэн юм.


Жич: Яг одоо чуулганы хуралдах ирц бүрдсэн байгаа ч чуулганы өмнө хуралдах ёстой Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц хараахан бүрдээгүй байгаа тул хуралдаанууд гацаанд ороод байна.


ШУУД ҮЗЭХ


 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin өлсөөд ү(223.39.188.218) 2019 оны 01 сарын 10

Үх үх өлсөөд үх аагаа ыагтаасан новшнууд хүрэлсүхтэйгээ үхээрээ албан тушаалийн төлөө ингэж байгаа вм үхвэл таарна ё үх үх үхэж чадөхгүй вм нууд

0  |  0
Top