ЖАГСААЛ: Ард ТҮМЭН буюу аядуу зөөлөн ХҮЧ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Сүхийн талбайд гурван мянган хүн жагслаа. УИХ-ын хэсэг гишүүд, нийгэмд танил болсон салбар бүрийн төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл ч жагсаалд оролцов. Зарим хүний нүдээр харвал олон болж харагдах гэсэн хэсэг хүмүүс.  Бүр заримынх нь харж байгаагаар нэгийг нөгөөгөөр солих гэсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл. Жагсаалд оролцогчдын нүдээр харвал эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө тэмцэж буй үйл явц. Саарал ордны өнцгөөс харвал эмх замбараагүй байдал болчих вий гэсэн айдас. Чухамдаа аль нь ч бай бидний сонгож аваад замнаж байгаа ардчилсан нийгмийн давуу тал нь энэ юм. Төрийг ч, нийгмийг ч хүмүүс бүрдүүлдэг учраас асуудал оршсоор байх болно. Хүмүүс байгаа учраас нийгмээ засах гэсэн хүсэл тэмүүлэл ч байсаар байх болно. Үзэл бодлоо илэрхийлж жагсаалд оролцсоных нь төлөө хэн нэгнийг шүүх, хэн нэгэнд хамаатуулах эрх хэнд ч байхгүй гэдгийг санахад илүүдэхгүй.

 

ЖАГСААЛЫН ЦААНА


Баялгийн тэгш бус хуваарилалт. Жаран тэрбум. ЖДҮ. Концесс. Эрх баригч намын түүхэн үнэнийг өөрчилсөн гинжин хэлхээ нь энэ байлаа. Жирийн иргэн биднийг төрийн харалган бодлого, эрх мэдлийн гинжин хэлхээ, утаа, түгжрэл бухимдуулдаг.  Чухамдаа эрх баригч нам доторх үзэл бодлын зөрчилдөөн жирийн иргэдийн бухимдал нэг цэг дээр огтлолцсон нь энэ. Гурван жилийн өмнөх сонгуулийн үр дүн дээр өндийсөн засаг концесс, 60 тэрбумаар өвдөг шороодож өмнөх засгийн тоосон дээр У.Хүрэлсүхийн засгийн газар өндийсөн. Тоосон дунд торойж байсан жижиг, дундын чулуу У.Хүрэлсүхийн засгийг ганхуулах нөхцөл болсон. Засгийн тэргүүн, намын даргын хувьд Сүх сайд сахилга хариуцлагыг чангатган, шударга ёс тогтооно гэж амлан байж суудалтайгаа үлдсэн. Намын даргынхаа хувьд улс төрийн томоохон албан тушаал хашиж байсан хүмүүстэйгээ хариуцлага тооцох шийд гаргасан. Сонгуулиар ялалт байгуулсан ч менежментийн удирдлагаар хангаж чадаагүй тул М.Энхболдыг намын даргын суудлаас нь буулгасан. Болсон үйл явдал ердөө л энэ. Эрх баригч намын хувьд удирдлагын бүрэлдэхүүнээ өөрчилж,хариуцлага тооцсоны төлөө нийгмийн асуудал болгож, талцаж хуваагдан өдийтэй золгов. Шийдвэр, үр дүн нь хариуцлага тооцогдсон хэсэгт таалагдаагүй болохоор тэр л дээ. Байдал ингэж өрнөж байхад олон нийт эсэргүүцэж жагсаал, цуглаан зохион байгуулах эрхээ эдлэн талбай дээр нэгдэж байгаа.

 

Чухамдаа эрх баригч нам доторх үзэл бодлын зөрчилдөөн жирийн иргэдийн бухимдал нэг цэг дээр огтлолцсон нь энэ.

 

Засаглал бүхэлдээ хазайсныг, төрийн дээр эрх мэдэл зайдалсныг, жирийн иргэдийн боломжийг эрх мэдэлтнүүд хуваасныг, нийтийн эрх ашиг тээр хол үлдсэнийг тэд эсэргүүцэж жагссан юм. Ардчилсан улсын иргэд эдлэх ёстой эрхээ л эдэлсэн нь энэ.


ХАШЛАГЫН ЦААНА

 

Талбайд татсан “Police” тэмдэгтэй саарал хашлагын цаана биш шүү. Монгол Улсын хилийн шугамын цаана байдал ямар байгаа вэ? Гаднынхан шидийг олоод тэнгэрт мандсан учраас жагсч, цугладаггүй бодь ард түмэн үү? Гэтэл үгүй аж. Тэд бидэнтэй л адил асуудалтай, дээрээс тусах сүүдэртэй. Хуучин оны арваннэгдүгээр сард Парис хотын “Ялалтын хаалга”-ны урд шатахууны татвар нэмэгдсэнийг эсэргүүцэн олон мянган францчууд эрх мэдлийнхээ төлөө жагсав. Шар хантааз өмсөн эрх баригчдыг эсэргүүцсэн олныг өдгөө дэлхий нийт “Шар хантаазтанууд” гэдгээр нь мэднэ.

 

Жагсагчдынхаа урдаас гүрийж буй манай хэдээс ялгаатай нь тэдний эрх баригч, улстөрчид буулт хийн шийдвэрээ өөрчилжээ.

 

300 мянган хүнийг хамарсан уг жагсаал үр дүнд хүрч анх эхэлснээсээ хойш сар хүрэхгүй хугацааны дараа Засгийн газар нь шатахууны татварыг зургаан сарын хугацаанд нэмэхгүй байхаар болж эрх баригчид шийдвэрээ өөрчилжээ. Хамгийн хачирхалтай нь “Ялалтын хаалга”-ны урд эхэлсэн шар хантаазтаны хөдөлгөөн хөрш Бельги, Итали, Португал, Германаас гадна зүүн европын Болгар, Хорват, ОХУ, Серби, африк тивийн Буркино Фасо, Төв Африк, Ази тивийн Ливан, Пакистан, Тайвань, Ойрх Дорнодын Йордан, Ирак зэрэг 30 гаруй улсад “халдварлаад” байна. Тэд бүгд Засгийн газрын бодлого, эрх баригчдын харалган шийдвэр, цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмжийн бодлого алдагдсан тул удирдагчдынхаа эсрэг тэмцэж байгаа. Жагсагчдынхаа урдаас гүрийж буй манай хэдээс ялгаатай нь тэдний эрх баригч, улстөрчид буулт хийн шийдвэрээ өөрчилжээ.

 

АРД ТҮМЭН БУЮУ АЯДУУ ЗӨӨЛӨН ХҮЧ

 

Стенфордын их сургуулийн тодорхойлсноор шар хантаазтануудын хөдөлгөөн 1989 оны өөрчлөн байгуулалтын хөдөлгөөн, 2010 оноос эхэлсэн Арабын хавраас хойш хамгийн үр дүнтэй хөдөлгөөн гэж дүгнээд байна. Хачирхалтай нь хил хязгаар үл хамааран 30-40 хоногийн зайтай дэлхийн өнцөг булан бүрт хүчээ авч байгаа аж. Цаашид шар хантааз “өмсөх” улсын тоо ч нэмэгдэх хандлагатай байна. “Сүх”-ийн талбайн жагсагчдыг бид дотооддоо үүний хүн, түүний хүн, алиа хошин салбадай гэж “угшил тогтоож” байх хооронд дэлхий нийт үзэл бодлоо илэрхийлсэн ард түмний нэгдэл гэж харж байгаа.Тэднээс ялгаатай нь эндээ шар хантааз өмсөөгүй.

 

Улстөрчдийн муйхар, хатуу шийдвэрийг аядуу зөөлөн болгох хүч чухамдаа ард түмэнд байдаг болохоор ухамсарт нийгэм тэднийг хүндэлж, жагсаалаас айж цочдоггүй гэдгийг санахад илүүдэхгүй биз...

 

Монголчууд бидний сонгож аваад замнаж байгаа ардчилсан нийгэмд жагсч, цуглах нь байдаг л зүйл. Үүнд ямар нэгэн сонин, хачирхалтай зүйл байхгүй. УИХ-ын даргыг огцруулж,хариуцлага алдсан гишүүдтэйгээ хариуцлага тооцохын тухайтад жагсагчид талбай дээр нэгдсэн. Жагсаалын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдан заавал ямар нэгэн шийдэлд хүрч, хариуцлага алдсан дөрвөн гишүүн болон УИХ-ын даргыг олонхын саналаар огцруулж болох хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Олон нийтийн хүч ердөө л энэ. Зургаан сар эрх баригчид дотооддоо хэлэлцээд шийдэлд хүрээгүй нөхцөл байдал хоёр удаа талбайд жагсаад “аядуухан зөөлрөх”болов. Улстөрчдийн муйхар, хатуу шийдвэрийг аядуу зөөлөн болгох хүч чухамдаа ард түмэнд байдаг болохоор ухамсарт нийгэм тэднийг хүндэлж, жагсаалаас айж цочдоггүй гэдгийг санахад илүүдэхгүй биз...

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новшийн төр засаг(103.26.193.88) 2019 оны 01 сарын 12

Та бүхэнд наалдах юм юу байна оюутолгойг 49Q болгохын төлөө тэмцвэл та бүхэнд өгөөжтэй дэ

0  |  0
баялгийн хуваарилалт(202.126.89.227) 2019 оны 01 сарын 11

үндэсний баялгийг тэгш хуваарилах тал дээр бид зөв гарцаа ологүй өдийн хүрлээ, байж болох зөв хувилбарууд /олон улсын туршлагаас хархад/ - бүх трөлийн нийгмийн даатгал, түүний дотор эрүүл мэндийн даатгалаар дамжуулж нийгмийн үйлчилгээнд бүх нийтийн эдийн засгийн эрсдэлгүйгээр хамруулах, зорилтот бүлгийн маш явцуу, гэхдээ маш зөв тодорхойлж халамж үзүүлэх, бүх нийтийн оролцоотой хувьцаат компани байгуулах, ирэдүйд хувьцааны ногдол ашиг авах боломж бүрдүүлэх гэх мэтээр

0  |  0
Top