Шар хантаазтнуудын жагсаал ес дэх удаагаа боллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 13

“Шар хантаазтанууд"-ын жагсаал “уламжлал ёсоор” бямба гарагт /2019.01.12/ Францын олон хотод болж өндөрлөлөө. Тус улсын эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах үүднээс хууль сахиулах албаны 80 мянга орчим алба хаагчдыг дайчилсан байна.

 

Жагсагчид Ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцрохыг шаардсаар байна. Зарим жагсагчид цагдаа нар руу лонх, чулуу шидсэний хариуд хүчнийхэн нулимс асгаруулагч хий болон резинэн сум хэрэглэсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, цагдаагийнхан хууль сахиулах байгууллагын алба хаагчдын эсрэг хүч хэрэглэж, хориотой зэвсэг авч явсан хэргээр 240 хүнийг саатуулсан байна.

 

Ес дэх бямба гарагтаа үргэлжилсэн энэхүү жагсаалд давхардсан тоогоор нийт 84 мянга орчим хүн оролцжээ.

 

“Шар хантаазтнууд"-ын гэх тодотголтой жагсаал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд түлшний үнэ, татвар нэмэхийг эсэргүүцэн эхэлснээс хойш ес дэх бямба гарагтай золгоод байна. Нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авч байгаа хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа францчууд жагсаал, цуглаан хийсээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top