М.Энхболдыг “буулган” авч, тэмцлийн гал өрдсөн долоо хоног

2019 оны 01 сарын 14

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдрал халуухан үйл явдлаар өрнөв. Юуны өмнө шударга бусын хонгилыг нураах тэмцлийн галд нэгэн том “цучил” нэмсэнээр шинэ долоо хоног эхэлсэн. Энэ нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг төрсөн дүү, хамсаатны хамт ихээхэн хэмжээний авлига авсан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан /2019.01.07/ хорьсон явдал байлаа. Үүнийг “Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболд “Д.Дорлигжавын дүүгийн данс руу дөрвөн сая ам доллар шилжүүлсэн” хэмээн хэвлэлээр удаа дараа мэдэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Ямартай ч авлига хээл хахуульд идэгдсэн төр, нийгмийг цэвэрлэх, МАНАН-г устгахаар тэмцэж байгаа нөхдийн галыг өрдсөн хэрэг байсан нь гарцаагүй.  

 

Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн “гол дүр” нь “МАНАН дэглэмийн эсрэг жагсаал” өргөн хүрээнд /2019.01.10/ эхэлж, суултаар үргэлжилсэн. Тэмцэгчдийн хувьд “УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол суултаа үргэлжүүлж өлсгөлөн зарлах”-аа ч мэдэгдэж байгаагаас гадна хамрах хүрээ ч өргөн болоод буй. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын бүрэлдэхүүнтэй цугларсан олны уухайтай дөрөө харшуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаравчлан /2019.01.10/ хуралдлаа.

 

Уг хуралдаанаар “Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдүгээр сарын 10-ны өдөр багтаан хэлэлцэх” чиглэл өгсөн юм. Энэ нь шууд утгаараа удаан хугацаанд олны дунд хүлээлт үүсгээд байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хууль эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг.

 

Уг зөвлөмж шийдвэрийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тэмцэгчид хурсан олонд дуулгасан нь жагсагчдын уухайг хүч түрэв. Түүнчлэн УИХ-ын чуулганы /2019.01.11/ хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хууль болон дагалдах хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс энэ дагуу ирэх пүрэв гаригт тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон юм. Нэгэнт Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан, УИХ-аас хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас УИХ-ын дарга М.Энхболдыг хууль ёсны дагуу ажлаас нь чөлөөлж, тэмцлийн гал түр ч атугай намдана гэсэн үг. Харин дараагийн тэмцэл юу байх вэ гэдэг олны хүлээлт ч нэгэнт бий болчихлоо. Үүнээс харвал он дамжин суудлаа хамгаалж буй УИХ-ын дарга М.Энхболдыг буулган авч, тэмцэгчдийн галыг олон үйл явдлаар өрдсөн долоо хоног өнгөрч байна гэж харж болохоор.    

 

Дараагийн тулаан бол шударга ёсыг тогтоох тулаан байх ёстой. Монголын эрх ашгийн эсрэг зогссон, үйл ажиллагаа явуулсан хэнийг ч үл ялган шударга ёсыг тогтоохыг шаардан тэмцэх болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч М.Энхболдоор үл хязгаарлагдан шударга ёс тогтоох тэмцэлд үргэлжлүүлэн оролцох ёстой. Манай редакцийн зүгээс ч энэ тэмцэлд хатуу байр сууриа илэрхийлэн оролцохоо илэрхийлж байна.

 

Тэмцлийн гал дундуур болж өнгөрсөн нэгэн зүйл бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар /2019.01.10/ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэв. Харин үүнд холбогдох УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурор Л.Энх-Амгалангийн саналыг Дэд хорооны гишүүдийн олонхи дэмжээгүй ч Ерөнхий прокуророос “Энэ бол гэмт хэрэг мөн хэмээн шалгаж байгаа ч мөрдөн байцаах ажиллагаанд саад болоогүй, дуудсан цагт ирж тус тусын мэдүүлгээ өгсөн” хэмээв. Улмаар дөрвөн гишүүний асуудал УИХ-ын чуулганы /2019.01.11/ хуралдаанаар орж, гишүүдийн олонхийн санал, Ерөнхий прокурорын “мөрдөн байцаах ажиллагаанд саад болоогүй” гэсэн байр сууриар бүрэн эрхтэйгээ “дээсэн дөрөөн дээр” үлдэв.

 

Өнгөрөгч пүрэв гарагаас түүчээлэн хоёр шөнө өрнөсөн хуралдаанаар /2019.01.12/ чамгүй хугацаанд эзэнгүй байсан ХХААХҮ-ийн сайдын суудалд Ч.Улааныг томилсон юм. Ямартай ч өнгөрөгч долоо хоногт улс төрийн үйл явдалд онцлох үйл явдал өрнөж, ард түмний хүсэн хүлээсэн олон шийдвэр гарсан нь яах аргагүй анхаарал татсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top