Эрчим хүчний салбар ухаалаг системд шилжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Эрчим хүчний яам 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарлалаа. Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхийн тулд гурван үндсэн зорилт дэвшүүлжээ. Энэ жил эрчим хүчний төлөв байдлыг бодитоор үнэлж, найдвартай, тогтвортой ажиллагааг хангах. Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх түвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны шинэчлэл, эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх. Ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм байна.

 

“Дэлхий нийт бүгд ухаалаг системд шилжиж байна. Бид бүхэн энэ нийгэмд амьдарч байгаагийн хувьд салбартаа нэвтрүүлэх ёстой. Ингэснээр агаар орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд маш том хувь нэмэр болдог. Салбарын үр ашигтай, найдвартай байдал ч нэмэгддэг. Эхний ээлжинд бид бэлтгэл ажлаа базааж, нэвтрүүлж эхэлнэ” гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьсан юм.

 

Салбарын яам ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бэлтгэх, программ хангамжийг нэвтрүүлэх, сүлжээний нэгдсэн дата бааз бий болгоход анхаарч ажиллахаар болжээ. Түүнчлэн энэ жил хоёрдугаар болон гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг дээшлүүлэх ТЭЗҮ боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахаар болсныг дуулгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top