БАЯНХОНГОР: Гахайн мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчний аюул хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн онцгой комисс яаралтай хуралдлаа. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. Баянхонгор аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 4 байгууллага байдаг байна.


Онцгой комиссын хуралдаанаар аймаг орон нутаг руу гахай болон гахайн мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, дэлгүүр үйлчилгээний төвүүд хагас болон түүхий гахайн мах махан бүтээгдэхүүн зүйлсийг худалдаалахыг хориглох, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж тогтмол шинжилгээ хяналтад байлгах, иргэд гадагш дотогш зорчихдоо гахайн мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байх, зэрлэг гахай бүхий бүс нутгийн Засаг дарга нарт зэрлэг гахайтай газар нутагт тандалтыг нарийвчлан явуулж байх онцгой комиссын шийдвэр гарлаа. Тус шийдвэрийг өнөөдрөөс эхлэн Баянхонгор аймгийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь холбогдох байгууллагуудын удирдлагууд буюу онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top