Треви усан оргилуурын зоосыг хэрхэх талаар маргаан дэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Италийн нийслэл Ром хотын захиргаа, Ромын католик сүмийн хооронд Треви усан оргилуурнаас гаргаж авсан зооснуудыг хэрхэх талаар маргаан дэгджээ.

 

Дэлхийд алдартай энэхүү усан оргилуурт шидсэн зооснуудыг католик шашны буяны байгууллагуудад гачигдаж буй хүмүүст туслахад зориулдаг уламжлал тогтсон бөгөөд жилд 1.5 сая евротой тэнцэх хэмжээний зооснуудыг гаргаж авдаг байна.

 

Ром хотын захирагч Виржиниа Рэгги хандивын мөнгийг хотын дэд бүтцийг сайжруулахад зарцуулах шийдвэр гаргаад байгаа бол Каритас католик шашны буяны байгууллага орлогыг нь хурааж авбал ядууст хүндээр тусна гэж үзэж буй юм.

 

Хотын захиргаанаас гаргасан энэхүү шийдвэр энэ оны дөрөвдүгээр сард хүчин төгөлдөр болох бөгөөд италичууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан эл шийдвэрээ эргэж харахыг хүссэн байна.

 

Хотын захирагч Рэгги 2016 онд сонгогдсон ба хотын өрийн асуудлаас болж нэр хүнд нь унаад байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сард олон мянган ромчууд хотын захиргааны байрны гадаа жагсаж, хотын хог хаягдал, автомашины замын чанар зэрэг асуудлыг шийдэж чадахгүй байна гэж шүүмжлэн, огцрохыг шаардсан билээ.

 

300 жилийн настай Треви усан оргилуурыг үзэхээр жил олон сая жуулчид ирдэг. 1954 онд дэлгэцнээ гарсан “Гурван зоос” кинонд Фрэнк Синатра Треви усан оргилуурт гурван зоос шидсэнээс хойш эл алдарт усан оргилуурт зоос шидэх уламжлал тогтжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.134) 2019 оны 01 сарын 15

тэнэг юм .усны ёроолд хэвтэж байх нь ядууст буян болохуу тэгээд.

0  |  0
Top