Энэ онд алтны салбарт 21 төсөл хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр 2019 онд хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ээ батлуулсан 21 төсөл байгаа аж. Хөрөнгө оруулалтаараа бусад төслүүдээ тэргүүлж буй төсөл нь Өмнөговь аймгийн нутагт орших “Хоримт худаг”, “Улаан хяр” алтны үндсэн ордын төсөл бөгөөд төслийн нийт хөрөнгө  оруулалт 10.5 тэрбум төгрөг байхаар ТЭЗҮ-д тусгасан байна.


Баянхонгор аймагт хамгийн олон буюу есөн төсөл энэ онд хэрэгжихээр болсон байна. Алтны шороон ордуудын нөөц дуусах шатандаа орж байгаа тул цаашид хөрөнгө оруулалт их шаардагддаг үндсэн ордуудын олборлолт хөрөнгө оруулагчдыг татна гэж салбарынхан үзэж байгаа юм. Энэ онд хэрэгжих хүлээлттэй байсан Дорнод аймгийн нутагт орших Алтан Цагаан овоо ордын олборлолт эхний хагас жилд багтан эхлэхээр болсныг “Steppe Gold” компани онцолжээ.


Энэ онд дэлхийн зах зээл дээр алтны ханш тогтворгүй хэлэлцэх хүлээлттэй байгаа ч хөрөнгө оруулагчид харьцангуй тогтвортой байна гэж дүгнээд байна. Монгол Улс оны эхнээс алтны рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байх шийдвэр цуцлагдсан бөгөөд УИХ-аас үүнийг сунгах, эсвэл шинэ журмаар дагаж мөрдөх эсэхийг хүлээж байгаа юм. Алт тушаалтыг огцом нэмэгдүүлсэн “Алт 2” хөтөлбөр энэ онд ч мөн хэрэгжинэ гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам баталж буй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top