ЧУУЛГАН: ЖДҮ-ийг шалгах түр хороо байгуулахыг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд зохих журмын дагуу оруулсан, түр хорооны даргыг уг хороо байгуулагдсан тохиолдолд түр хороо өөрсдөө сонгодог болохыг тайлбарлаж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Бидний журмын нөхөд энэ асуудалд холбогдсон явдлыг би санаатай гэж бодохгүй байна. Харин журмыг нээлттэй болгоход анхаарах учиртай. Засгийн газрын бусад тусгай сангуудын журмыг нэгдсэн байдлаар өөрчлөх нь зүйтэй. Өөрчлөлтийг иргэдэд ээлтэй, албан тушаалтан холбогдох боломжийг хязгаарлах байдраал зохицуулах нь зөв” гэсэн юм.


УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хэлэхдээ “УИХ-ын бүтцийн байгууллагын түвшинд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлыг анхаарах учиртай. Бүр жие даасан нэгж ажиллаж байж улсын төсвийн хөрөнгө оруулалттай бүх сангийн үйл ажиллагааг хянах боломж олдоно. Ингэснээр Засгийн газар, УИХ-ын харилцан уялдаатай ажиллах боломж бүрдэнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Зарим сангуудыг нэгтгэх хэрэгтэй байна. ЖДҮ-ийн дэд хороо Эдийн засгийн байнгын хороонд байдаг. Энэ дэд хороо ажлаа хиймээр байна. Дарга нь Ж.Ганбаатар. Түр хороо байгуулснаар хүний муу үзэх гээд байгаа юм байхгүй. Бусдыг яллахгүй. Тиймээс гишүүд дэмжихийг хүсч байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Манай дэд хороо ажлаа сайн хийж байгаа. Асуудал байвал гишүүд манай дэд хороонд саналаа хэл. Хэрэв түр хороо байгуулах гэж байгаа бол манай дэд хороог татан буулгах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Ийнхүү тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон УИХ-ын гишүүдийн 64.3 нь дэмжсэнгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.187.109) 2019 оны 01 сарын 17

ШУДАРГА НЯМДОРЖ МАНАН ГЭЭД ЯРИАД ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙГЭЭД БАЙГАА БОЛД БАТЗАНДАН ОЮУН-ЭРДЭНЭ АЮУР-САЙХАН 4 ЖДҮЧИН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ГИШҮҮДЭЭ УЛАЙРАН ХАМГААЛЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ БЭ.ШУДАРГА ХҮМҮҮС МӨН ЭНЭ 5 ХҮН.

1  |  0
Top