Оксфордын их сургууль Huawei компаниас хандив авахаа зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Оксфордын их сургууль Хятадын харилцаа, холбооны Huawei компаниас шинээр хандив авахаа зогсоожээ. Тус компанийн төхөөрөмжүүдийг улс орнууд тагнуулын зорилгоор ашиглаж байж болзошгүй гэж АНУ тэргүүтэй зарим улс үзэж байгаа. Huawei компанийн зүгээс үүнийг үгүйсгэсэн юм. АНУ тус компанийг АНУ-ын компаниудын “Худалдааны нууцыг хулгайлсан” гэх хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдэж, Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөрчин, тус улсад нууцаар үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаад байгаа юм.

 

Оксфордын их сургууль Huawei компаниас хандив, санхүүжилт авахаа зогсоож буй шийдвэрийн талаар тус компанид мэдэгдсэн хэмээж буй. Гэхдээ Оксфордын их сургууль энэ шийдвэрээ эргэн авч үзэх боломжтой бөгөөд тус компанитай холбоотой асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Эл шийдвэр судалгааны төсөл болон сайн үйлсийн хандивт хамаарч байна. Ингэхдээ Huawei компаниас санхүүжилт авсан, эсвэл авахаар тохиролцсон хүчин төгөлдөр үйлчилж буй судалгааны гэрээнүүдээ үргэлжлүүлэх гэнэ. Одоогийн байдлаар тус компанийн 692 мянган фунт стерлингийн санхүүжилт бүхий хоёр судалгааны төсөл хэрэгжиж байгаа аж.


Харин Huawei компанийн хэвлэлийн төлөөлөгч энэ шийдвэрийн талаар "Мэдэгдэл аваагүй" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top