Г.Дарханзул: ”ЦЭГЦ” үйлчилгээ ээжүүдийн дунд ЭРЭЛТТЭЙ байгаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Цагаан сарын баяр дөхсөн эл өдрүүдэд айл бүхэн ихэнх цаг хугацаагаа сар шинийн бэлтгэлд зарцуулж байна. Тэр дундаа гэр цэвэрлэгээний ажилд айл гэрийн эзэгтэй нар ханцуй шамлан ордог нь магадгүй жилийн хамгийн их ачаалалтай цэвэрлэгээ болдог байх. Тэгвэл эзэгтэй нарын энэ их ажлыг хөнгөвчлөх боломжтой “Цэгц” гэр цэвэрлэгээний үйлчилгээг та бүхэнд танилцуулъя. Үүсгэн байгуулагч Г.Дарханзултай сүүлийн үед хамгийн эрэллтэй байгаа үйлчилгээний талаар ярилцлаа.


 

-Мэдээлэл өгөхөөр урилга хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Та бүхний үйлчилгээг сонирхож байгаа хүмүүст өөрийгөө болон үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу? 

 

-Маш их баярлалаа. Анх удаа хэвлэлд ярилцлага өгч байна /инээв/. Бидний үйлчилгээ олон хүнд хүрч, холбоо тогтоож байгаад баяртай байгаа. Намайг Г.Дарханзул гэдэг. Гурван хүүхдийн ээж. Хүүхэдтэй ээжүүд чөлөө зав багатай тул бусдаас тусламж, үйлчилгээ авах шаардлага бишгүй л их тулгардаг. Би ч мөн ялгаагүй. Ах, дүү, хамаатан саднаасаа тусламж хүсдэг ч байнга тэднийг дуудаад байж болохгүй. Энэ мэт бэрхшээл ээжүүдэд маань олон гардаг шүү дээ. Яг л энэ нөхцөл байдал дээрээс санаа төрж, завгүй, бага насны олон хүүхэдтэй ээжүүддээ туслах зорилгоор гэр цэвэрлэгээний үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн. Анх гурван хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бол одоо айлаар яривал “Цэгц” үйлчилгээ өрхийн тэргүүн нь болж, 30-40 хүнтэй өнөр өтгөн баг болж өргөжөөд байгаа. Цэвэрлэгээний ажил эрхлэх болсон гол зорилго маань маш тодорхой. Ажил төрөлтэй завгүй хүмүүс, олон хүүхэдтэй ээжүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах хамгийн бодитой үйлчилгээг хүргэхэд чиглэгддэг. Энэ бодол маань ч биелж, ялангуяа ээжүүдийн дунд манай үйлчилгээ эрэлт ихтэй, ам сайтай байгаа.


 

--"Цэгц" үйлчилгээ эхлээд хэдэн жил болж байгаа вэ?

 

-2018 оны есдүгээр сараас эхэлсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани байдаг байх. Давуу болон сул тал байна. Сул тал гэвэл зарим хүмүүс захиалга өгчихөөд, яг гэрийнх нь гадаа очихоор болилоо гэдэг ч юм уу, ажилтай болчихлоо гэсэн тайлбар өгдөг. Энэ тохиолдолд бэрхшээлтэй байдал үүсдэг. Хотын түгжрэлээс бас их зүйл шалтгаална /Инээв/.

 

-Нэг айл цэвэрлэхэд хэчнээн цаг зарцуулдаг вэ? 

 

-Тухайн айлын за талбай, өрөө, тохижилтоос шалтгаална. 1-2 өрөөг бол нэг хүн очоод цэвэрлэчихдэг. Өрөө олон бол хүн нэмэгдэнэ. Дуудлага өгсөн айлынхаа хүнтэй ярилцаж байгаад үйлчлэгчийнхээ тоог тохирдог. Ойролцоогоор нэг айлд 2-3 цагийг бүрэн зарцуулдаг. Бид болж өгвөл цаг заадаггүй. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн баталгаа бидний ажлын үр дүн гэж хардаг. Тэгэхээр үйлчлүүлэгч цэвэрлэгээг дууссан гэж үзвэл ажил дуусч байна гэсэн үг. Гэр эмх цэгцтэй байхад хүн болгон сайхан мэдрэмж авдаг шүү дээ. Тэгэхээр очсон айл бүрээ аз жаргалтай байлгахын тулд бид чин сэтгэлээсээ гэрийг нь цэвэрлэж, цэмцгэр, сайхан болгохыг хичээж ажилладаг.


 

-Хивс, буйдан цэвэрлэх үйлчилгээ багтдаг уу? 

 

-Ерөнхийдөө энгийн цэвэрлэгээ гэж байхгүй, дуудлагаар очиж л байгаа бол нарийн, сайн цэвэрлэгээ хийж өгдөг. Их цэвэрлэгээний үйлчилгээнд хивс, цонх, буйдан хараахан багтахгүй. Бусад бүх тавилга цэвэрлэх үйлчилгээ багтана.

 

-Ачаалал хэр байна вэ, цагаан сар дөхсөн болохоор улам нэмэгдэж байгаа байх?

 

-Цагаан сар дөхсөн учраас айлууд их цэвэрлэгээний үйлчилгээ их захиалж байна. Баярын өдрүүдэд ажлын ачаалал ер нь их нэмэгддэг. Битүүн хүртэл захиалга авсан. Айлуудаараа цэвэрлэгээгээ хийж эхлээд байгаа. Энгийн өдрүүдэд гэхэд 10-15 дуудлага авч байна. Цагаан сарын дөхсөн үед 20 гаруй дуудлага ирдэг.


 

-“Цэгц” гэр цэвэрлэгээний үйлчилгээг авахын тулд яаж холбогдох вэ, үнэ өртгийн талаар та товч мэдээлэл өгч болох уу? 

 

-Захиалга өгөхдөө 8088-2229 утсанд хандаж, цэвэрлэгээ хийлгэх өдрийнхөө өмнөх өдөр захиалга өгөх боломжтой. Яг өдрөө товлоод хэлчихвэл ажлын хуваариа зохицуулаад очих боломжтой байдаг. Үнийн хувьд манайх их боломжийн хувилбар санал болгодог гэж үзэж байна. Улаанбаатар хотын ижил төстэй бусад үйлчилгээнээс зах зээлээс хамгийн доод үнээр цэвэрлэгээ хийдэг. Тухайлбал, 1-2 өрөө 25000, гурван өрөө 35000, дөрвөн өрөө 45000, таван өрөө 55000 байна. Манайх мөн граш, зочид буудал, албан байгууллагын цэвэрлэгээ хийдэг. Цэвэрлэгээ хийх боломжтой бүх л талбайг цэвэрлэж, үйлчлэх боломжтой гэсэн үг. Багцын үйлчилгээ гэж байдаг учраас тухайн хүнтэйгээ тохиролцох байдлаар ажиллах бүрэн боломжтой. Багцын үйлчилгээ гэдэг нь өглөөний 09 цагаас оройн 21.00 хүртэлх хугацаанд бүх зүйлээ цэвэрлүүлээд, нэг хүний 100 мянган төгрөгөөр тооцож, хөдөлмөрийн хөлс төлөх гэхчлэн хувилбарууд бий.

 

-Ажилчдадаа ямар шаардлага тавьдаг вэ?

 

-20-45 насны хүмүүсийг ажиллуулдаг. Өмнө нь цэвэрлэгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Нягт нямбай, ажилсаг, үйлчилгээний ажлыг үнэхээр үнэнч, цэгцтэй хийж чадна гэсэн хүмүүс хандвал бид сургаж, ажлын байраар хангадаг.

 

-Ажилд нь амжилт хүсье?

 

-Та бүхэнд баярлалаа.

 

 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.58) 2019 оны 01 сарын 21

холбоо барих: EMail:

0  |  0
Top