2018 онд 1.4 тэрбум жуулчин аялжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Өнгөрсөн жил олон улсын аялал жуулчлалын салбарын хувьд хамгийн таатай жил байлаа гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага дүгнэжээ.  

 

2018 онд нийт 1.4 тэрбум жуулчид гадаад улс орнуудаар аялсан бөгөөд тус байгууллага 2020 он хүртэл ийм хэмжээний жуулчид аялна гэж тооцоолоогүй гэнэ.  


Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа нь аялал жуулчлал эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол хөдөлгүүр хүч болж буйг илтгэж байна гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили онцолжээ.

 

2010 онд тус байгууллагаас гаргасан урт хугацааны урьдчилсан мэдээнд 2020 онд олон улсын жуулчдын тоо 1.4 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байжээ. Хоёр жилийн өмнө гарч буй энэ амжилт эдийн засгийн өсөлт, визийн хөнгөлөлт болон нисэх онгоцны тийз хямдарсантай холбоотой гэж үзэж байна.

 

Ойрх Дорнод, Африкийн аялал жуулчлалын салбар дэлхийн дунджаас дээгүүр буюу 6 гаруй хувиар өссөн бол Ази, Номхон далай, Европ руу аялсан жуулчдын тоо зургаан хувиар тус тус өссөн байна. Америк тивийн аялал жуулчлалын салбар гурван хувийн өсөлттэй гарч, Төв Америк, Карибын тэнгист аялсан олон улсын жуулчдын тоо 2 хувиар буурчээ. Энэ нь 2017 оны есдүгээр сард болсон Ирма, Мариа далайн хар салхины үр дагавар гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэ жил олон улсын аялал жуулчлал олон жилийн дундаж буюу 3-4 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байна. Брекситийн тодорхойгүй байдал, эдийн засгийн бууралт, худалдааны салбар дахь хурцадмал байдал үүнд нөлөөлнө. Гэсэн хэдий ч түлшний үнийн тогтвортой байдал, агаарын харилцаа холбоо сайжирч, хөгжиж буй орнуудын иргэд олноор аялах болсон нь 2019 онд эерэг нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна.  

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top