Боулинг: Найман сая төгрөгийн шагналын сантай тэмцээн боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

“JA Bowling club”-ын нэрэмжит 2 дахь удаагийн өндөр шагналын сантай, багийн нээлттэй тэмцээн 2019.01.19-нд “Big bowling” төвд боллоо. Хоёр эмэгтэй, гурван эрэгтэй, нийт таван гишүүнээс бүрдсэн 14 баг оролцсон тэмцээний аваргаар “Big bowling-1” баг тодорч 2,999,999 төгрөгийн шагнал, аваргын цом, алтан медаль хүртлээ.

 

Аман хүзүүнд “Winners-1” баг шалгарч 1,999,999 төгрөг, гуравдугаар байранд “Big bowling-2” баг орж 1,119,999 төгрөг, дөрөвдүгээр байранд “Winners-3” баг орж 499,999 төгрөгөөр мялаалгалаа. Мөн хэсгийн тоглолтонд үзүүлсэн хувийн дундаж онооны үзүүлэлтээр эрэгтэйчүүдээс “JA Bowling club”-ын тамирчин, спортын мастер Ш.Баатар тодорч 299,999 төгрөг, эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин, дэд мастер Т.Нансалмаа шалгарч 399,999 төгрөгийн эзэн боллоо.

 

“Эв эеэ эрхэмлэж, эмэгтэйчүүдээ хүндэлье” уриатай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “DGH electronics” компани ажиллав.

 

Найман сая төгрөгийн шагналын сантай тэмцээний шилдэгүүдийн шагналыг “JA Bowling club”-ын ерөнхийлөгч Д.Отгонжаргал гардуулан тамирчдад амжилт хүссэн юм.

 

“JA Bowling club”-ынхэн нэрэмжит тэмцээнээ бүх тамирчин, багт боломж олгосон шинэлэг дүрмээр зохион байгуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн. Түүнчлэн тус клуб өргөмжлөл, цом, медалиа өмнө үзэгдээгүй загвараар хийж, тамирчдын бүх зардлыг даасан. Мөн арын албаныхныг ч урамшуулахаа мартсангүй.

 

Монголд боулингийн спорт клубын системд шилжиж, өмнө нь “Strikes”, “Big bowling” клубууд нэрэмжит тэмцээнээ хийж байсан бол энэ удаа “JA Bowling club”-ынхэн тэмцээнээ ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top