БАЯН-ӨЛГИЙ: Зудад өртөх эрсдэлтэй 405 өрхөд тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн тус аймагт хэрэгжүүлж байгаа "Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл"-ийн зохицуулагч нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцож харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, тус аймгийн Баяннуур, Булган, Цэнгэл сумдад 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны хооронд Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр "Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл" хэрэгжиж эхэлсэн билээ.

 

Эл төсөл нь зудын хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах зорилготой бөгөөд төслийн хүрээнд зудын хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй малчин өрхүүдэд малын тэжээлийн тусламж үзүүлэх, тэдгээрийн хүүхдүүдэд зайлшгүй хэрэгцээт эд зүйлс худалдан авахад нь зориулж мөнгөн тусламж олгох, мөн зудын нөхцөлд малчдын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд орхигдохоос сэргийлж хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн гарын авлага тараах, мэдээлэл хүргэх ажлуудыг тус тус зохион байгуулах юм. Төслийг Английн Старт Сан санхүүжүүлж байна. Энэхүү "Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл"-д хонин толгойд шилжүүлсэнээр 200-аас доош толгой малтай малчин өрхүүдийг хамруулсан байна. Үүнээс гадна өрхийн орлого багатай, насанд хүрээгүй болон их дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоо, өрх толгойлсон малчин өрх, өрхөд жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй байгаа эсэх, Хөгжлийн бэрхшээлтэй болон эмнэлгийн байнгын хяналтанд байдаг хүнд өвчтэй хүн байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг тус тус харгалзан үзжээ.

 

Тухайлбал Цэнгэл сумаас 137 өрх, Баяннуур сумаас 115 өрх, Булган сумын 153 өрх нийт тус 405 өрхийг хамруулсан ба өрх тус бүрт 240 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр болов. Үүний 155 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн мөнгөнд 200 кг малын тэжээл олгохоор болсон бөгөөд тусламжийг өчигдөрөөс сумдад байгуулагдсан түр комисст хүлээлгэж өгч эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top