BOOKTELLER: “Амьдрал нэрт Кафед” номоос онцлох 10 алдартны 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Энэ суут эрхэм 1989 онд Нью-Йорк хотноо "Village Voice" сонинд өгсөн ярилцлагадаа "Хорвоо дээр ердөө арван үг үлдлээ гэхэд ямар үгс сонгох вэ" гэсэн асуултад "Хайр, үзэн ядалт, ганцаардал, айдас, гэнэтийн учрал, өвдөлт, зовнил, бурхан, үүрэг хариуцлага, цагаан цайлган сэтгэл" гэж хариулсан байдаг. Эдгээр нь Кшиштоф Киесловскийн бүтээл туурвилуудын онцлох шинж чанарууд билээ. Дольш орноос төрсөн нэрт найруулагчийн нэг К.Киесловскийн Оскфордын их сургуулийн оюутны сонинд 1995 оны зургадугаар сарын 2-ны өдөр өгсөн ярилцлагыг хэсэгчлэн орууллаа.

 

Яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын 2017 онд эмхэтгэн гаргасан "Оршихгүйгээр оршихуй" номыг 2019 оны хамгийн эхний "Bookteller" буландаа онцолсон билээ. Алдартнуудын ховор ярилцлагаас бүрдэх тус номын хоёр дахь цуврал болох "Амьдрал нэрт Кафед" бүтээлээс онцлох 10 алдартны 10 эшлэлийг хүргэж байна. 

 

1. Итгэл үнэмшилгүй зүйлдээ би хүчээ шавхахгүй. Миний эх нутаг, орон гэр, сүм хийд аль нь ч бай уран бүтээлдээ өөрийгөө хэр чөлөөтэй илэрхийлэхээс хамааран зохиол бүтээлд минь шингэнэ. Миний өөрийгөө хамгаалах зэвсэг бол биеэ золих, анир чимээгүйд уусах, басхүү ов мэхтэй байхыг хослуулах юм.

/Жэймс Жойс “Хөрөг бүтээгчийн хөрөг”/

 

2. Хүн бүр сонирхлыг минь татдаг ч би ухаантай хүнийг л хайрлаж, ухаалаг хүнтэй л ойлголцдог. Уй гунигаа живүүлэх гэж би уудаг болсон. Гэтэл өнөөх золиг чинь сэлээд сурчихлаа.

/Фрида Кало “Зураачийн дуун”/

 

3. Би хорвоо ертөнцийг өөрийнхөө үзэж туулснаар, басхүү яг байгаагаар нь нэгэн зэрэг харуулахыг хүссэн юм. Хайраас төөрөгдөл үүсдэг, хайр зовлон авчирдаг. Хайргүйгээр бид амьдарч чадахгүй хэр нь хайрлаад ч бас амьдарч чаддаггүй.

/Кшиштоф Киесловски “Амьдрал гэгч жижигхэн кафе”/

 

4. Онгод гэж байдаггүй юм. Харин юу ч юм хийхгүй бол багалзуурдаж алах гээд байдаг, юу нь үл мэдэгдэх харын хүч л гэж бий. Хэдий ихийг уншиж мэднэ, төдий хэрээр хүн төрөлхтний нэг хэсэг байгаадаа ичиж, эмээдэг болж.

/Жан Кокто “Урлаг гэдэг хүний ухамсартайгаар болоод ухамсаргүйгээр үйлдсэн бүхний нэгдэл”/

 

5.Бичнэ гэдэг зөвхөн ном уншихын жаргалтай л дөхөж очих тийм дээд таашаал юм. Ийм таашаалыг сэтгэл хангалуун зохиолч, талархах сэтгэл төрсөн уншигч л бүрэн дүүрэн мэдэрнэ. Эсрэгээрээ оюун ухааны далдын хүчиндээ  талархсан уран бүтээлч, түүнийг нь мэдэрсэн сэтгэл хангалуун уншигч бас үүнийг мэднэ.

/Владимр Набоков “Гуйвшгүй”/

 

6. Урлагийн бүх бүтээл ойлгогдохын төлөөнөө “мэндэлдэг”. Гэхдээ амар ойлгогдохгүй зүйл гэж бий. Түүнийг л элит урлаг гээд байгаа юм. Тэр амаргүй зүйлийг ойлгох гэж хүн бодно, тунгаана, бас ч үгүй зовно. Тийм явц л хүнийг аварч, амарлиулах учиртай.

/Андрей Тарковский “Орос хүн цагаач байж чадахгүй”/

 

7.Үхэл, амьдралын талаар эргэцүүлэхдээ хүн үргэлж ямар нэг учир шалтгаан олох гэж зүдэрдэг. Харин зарим хүн зөвхөн өөрийгөө бодож амьдрахаас залхдаг. Тэгээд ердийн нэг шалтаг бус илүү нэр төртэй зүйл эрэлхийлдэг байх. Гэтэл ардчилсан тогтолцоо тийм хүндтэй шалтгаан, үнэт зүйлсийг нь хүмүүст зэхэж өгөхгүй байна. Тийм болохоор л одоо цагт баатарлагаар амиа алдах боломжгүй болсон. Уг нь амь наснаасаа илүү эрхэмлэх зүйлтэй байсан цагт л хүний сэтгэл зүрх хоосрохгүй, амьдрал нь ч илүү утга учиртай байх сан.

/Юкио Мишима “Үхэлд ховсдуулсан зэтгэр”/

 

8.  Хайр гэдэг хүний анхдагч хэрэгцээ юм. Гэхдээ одоо цагт үнэн сэтгэлээсээ хайрлаж, дурлана гэдэг ховор үзэгдэл болжээ. Хэн нэгнийг хайрлана гэдэг цаашид бүр ч хэцүү байх болно. Энэ нь хүний төсөөлөл хөгжиж, хийсвэр ойлголт хүмүүс хоорондын харилцаанд нөлөөлөх болсонтой, бас хайраас бусад зүйлийг чухалчлах хүн олширсонтой холбоотой. Бид амжилтанд хүрэхийг, хөрөнгө мөнгөтэй болохыг, түүнд хэрхэн хүрэхийг илүүтэй боддог болж.

/Эрих Фромм “Одоо цагт үнэн сэтгэлээсээ шүтлэгтэй байх ч боломжгүй”/

 

9. Намайг анх зурж эхлэхэд хүн бүр л шүүмжилж байсан. Би тоогоогүй, зурья гэснээ л зурсан. Хүлээн зөвшөөрөгдтөлөө зурсан. Тэгээд нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. хүмүүс бид бие биенээ хэзээ ч бүрэн гүйцэд ойлгодоггүй, ердөө хүлээн зөвшөөрдөг юм байна гэдгийг.

/Анри Матисс “Өнгөний шидтэн”/

 

10. Хүнийг инээлгэнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн хэцүү ажил. Зовж шаналдаггүй хүн гэж байхгүй. Харин энэ гунигтай амьдралын өөдөөс инээнэ гэдэг хэцүү. Уй гунигийг голдоо ортол мэдэрсэн хүн л жинхэнэ алиалагч, элэглэгч болж чадах байх. инээдэм гэдэг, ер нь амьдарна гэдэг үүнтэй л ижил юм. Харанхуйн өөдөөс гэрэлтэнэ гэдэг л амьдрахын утга учир.

/Марта Грэм “Дундаж байна гэдэг хамгийн том нүгэл”/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top