Оёдолчдыг дэмжих зорилготой “Уран үйлчин” уралдааныг Чингэлтэй дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгуулахад 100 гаруй оёдолчин оролцсон юм. Тэдний 100 нь бүсгүйчүүд байсан бол хоёр нь энэ мэргэжлийг эзэмшсэн эрчүүд байв. Нацагнямын Дарханбаяр гэх залуу олон арван уран оёдолчин өрсөлдсөн эл уралдаанд түрүүлж, дүүргийн уран үйлчнээр тодорсон нь ховор тохиолдол байлаа. Тэрбээр наймхан настайгаасаа оёж, хатгах эрдэмд суралцжээ. Ээждээ туслан, өлзий хээ хатгаж, эсгүүр хийдэг болсноор нэг л мэдэхэд оёдол, үйлийн урлагт суралцжээ.
-“Уран үйлчин” уралдааны тэргүүн байр хүртсэнд баяр хүргэе. Яагаад оёдолчин болохоор шийдсэн талаараа сонирхуулаач?
-Миний ээж, аав оёдолчин хүмүүс байсан. Хоёр охин дүүтэй боловч манай дүү нар дээл оёх талаар ерөөсөө сонирхоогүй юм /инээв/. Би сонирхлоороо ээж, аав хоёрыгоо дагаж, хээ урлаж гүйсээр дээл оёж урсан. Арван жилээ төгсдөг жил хүүхдүүд бүгд л их, дээд сургуульд орох гэж яарч байхад би сайн оёдолчин болох юмсан л гэсэн бодолтой явдаг байлаа. Миний хамгийн зөв сонголт юм шиг мэдрэмж төрж байсан санагддаг. Тийм ч учраас дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор сонголтдоо харамсч байсан удаагүй. Манайх гурван үеэрээ оёдолчин, үйлчин хүмүүс байсан гэж хэлж болно. Эмээ минь Дэнсэнбал гэж хүн байсан. Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын оёдолчноор насаараа ажилласан. Ээж Норов хувиараа дээл урладаг байсан. Удмын авьяас байдаг юм шиг санагддаг. Анх өлзий хээ урлаж эхлэх үедээ би найман настай байсан.
-“Уран үйлчин” уралдаанд хэзээнээс бэлтгэсэн бэ?
-Хоёр сарын өмнөөс. Чингэлтэй дүүргийн 17-р хорооны ойролцоо нэг дэлгүүр байдаг юм. Тэр дэлгүүрийн эгч надад анх “Чингэлтэй дүүргийн үйл урлаачдын анхдугаар наадам болох гэж байгаа, миний дүү орооч” гэж санал болгосон. Уралдааны үеэр материал нь цаанаасаа өгөгдөж, үндэсний хэв загвар агуулсан монгол дээлийг нэг өдрийн дотор урласан. Тэр дундаас миний дээл ялгарч чадсанд маш их баяртай байгаа. Эмэгтэй үйлчдээс эрэгтэй үйлчид дутахгүй гэдгийг багахан ч болов харуулж чадсандаа баяртай байна.
-Та хэчнээн дээл урласан байдаг вэ. Тоолж байсан уу?
-Урласан дээл маань тоогоо алдсан байх /инээв/.
-Та бусдад дээл оёх, урлах эрдмээсээ заадаг уу?
-Урлаж, оёх, хатгах дуртай хүмүүс санал тавьж ирдэг. Оёх үнэхээр дуртай бол надад зааж өгөхөөс дургүйцэх зүйл байхгүй. Гарын арван хуруунд багтах шавь нар бий. Тэд нар маань одоо Өвөрмонголд ажиллаж байна.
-Та өмнө нь мэргэжлийн дагуу уралдаанд оролцож байсан уу?
-2012 онд “SBN” телевизээс зохион байгуулсан “Дээл” шоунд оролцсон. Тухайнд үед 100 гаруй хүн оролцогч байсан санагдаж байна. Миний хувьд шилдэг 15-д шалгарч байсан. Шоуны дараа Өвөрмонголд ажиллах санал ирж, тэр дагуу зургаан жилийн хугацаанд Өвөрмонголд ажиллаж, амьдарч байгаад гурван сарын өмнө нутагтаа ирсэн. Ирээд удаагүй дүүргийнхээ уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. Ялагч боллоо гэж оёдлын машинаар шагнасан.
-Монгол дээл, Өвөрмонгол хийцийн дээл оёход хэр ялгаатай байдаг юм?
-Өвөрмонголчууд их үндсэрхэг хүмүүс. Өвөрмонгол дээл зөвхөн ийм юм байх ёстой гэсэн л бол ямар нэгэн загварын хэв маяг оруулдаггүй. Үндэсний хэв шинжээ заавал хадгалж үлддэг. Хоорондоо мэдээж маш их ялгаатай.
-Цагаан сарын өдрүүд дөхөж байгаа учраас та захиалга ихтэй байгаа байх. Энэ жилийн хувьд таны үйлчлүүлэгчид голчлон ямар өнгө, загварын дээл захиалж байна?
-Цагаан сар дөхөөд ирэхээр дээлний захиалга их болдог. Гэхдээ би монголчууд маань жирийн өдрүүдэд ч гэсэн монгол дээлээрээ гангараасай гэж бодож явдаг. Өвөрмонголчууд жишээ нь үндэсний хувцсандаа ямар их хайртай гээч.
Цагаан сарын дээл захиалгын тухайд би заримдаа өдөрт нэг дээл гаргаж байна. Одоогоор дөрвүүлээ нийлж ажиллаад өдөртөө 3-4 дээл урлаж байна. Энэ жил ерөнхийдөө бараан өнгө давамгайлж байгаа нь ажиглагдлаа. Манай монголчууд баяр ёслолын үед хар дээл өмсөхийг цээрлэдэг байсан. Одоо харин бараан өнгийг илүү сонгодог, тэр нь орчин үеийн өнгөний сонголт, хандлагатайгаа нийцэж байх шиг байна.
-Нэг дээлийг та ямар үнээр урладаг вэ?
-Эрэгтэй дээлийг 200-230 мянган төгрөгөөр, эмэгтэй дээлийг 180-200 мянган төгрөгийн хооронд оёдог. Хороотойгоо хамтран ажиллаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, ажлын байраа өргөтгөх хүсэл тээж яваа. Тэгж чадвал үйлдэрлэлээ улам өргөжүүлэх боломж олдох байх гэж найддаг.
Сэтгэгдэл ( 23 )
Hi ystoi mundag zaluu bnaa amjilt amjilt amjilt
Darhanbayrtaa ajil hodolmort n ondor amjil hvsie
Ийм л залуустаа ажлын байртай болох үйл урлалаа хийхэд нь дэмжлэг болгож тэр ЖДҮ ийн зээл очих ёстой юм бгаам даа.
vil uran zaluu bn haraad l baharhaj bn. hayagaa.
Мундаг залуу юм. Хүн өөрт тохирсон чин сэтгэлээсээ хийдэг дуртай ажилтай байна гэдэг сайхан
Ulam ih amjilt husie hee uraldag talaaraa sanal bodloo huvaaltsaaraai
Bayr hurgii tom urlantai bolohin tuluu anjilt bayraa
Shildeg oedolchind bayr hurgej Amjilt husei.
99859464 holbogdoh utas ni
Амжилт хүсэе ханцуйн залгалт жоохон өө бна индүүдлэг чухал шүү бусдаар ОК бнаа амжилт
wow mundag yma bayar hvrgey,bi ch bas surmaar bn
Мундаг уран юмаа.өөрөөсөө санаа зовчихлоо.дээл оёж сурнаа
Хаана байдаг юм бол? Хаягийг нь оруулж өгөөч
Одоо монголдоо цех ажиллуулаж байгаа бол хаяг байна уу?
Мундаг юмаа.Тэр ЖДҮ-н зээлээ ийм залуучууддаа өгөөчээээээээээ.
Bayr hurgie mundag iumaa
овоо залуу юм, баяр хүргэеэ