Филиппин: Жоло сүмд халдлага болж, олон хүний амь үрэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Филиппин улсын Жоло арлын католик сүмд халдлага болсны улмаас 20 хүн амиа алдаж, олон арван хүн шархдлаа гэж ВВС агентлаг мэдээлэв. Халдлагын хохирогчдын ихэнх нь энгийн иргэд байжээ.

 

Лалын Жихад бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Жоло арал дээр гарсан энэхүү халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээхээ мэдэгджээ.

 

Эхний дэлбэрэлт Маунт Кармелийн цогчин дуганы дотор болсон бол хоёр дахь дэлбэрэлт сүмийн үүдэнд гарчээ. Халдлага болохоос хэдэн хоногийн өмнө лалын шашинтнууд давамгайлсан тус нутагт өөртөө засах эрхийг өргөжүүлэх тухай бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон санал асуулгаар Филиппиний лалын шашинтнууд давамгайлсан Жоло хотын оршин суугчид Бангсаморо өөртөө засах орныг байгуулахын төлөө саналаа өгсөн бол Сулу мужийнхан /нийслэл нь Жоло хот/ эсрэг саналаа өгчээ.

 

Энэхүү санал асуулгыг Филиппиний засгийн газар, Моро лалын чөлөөлөх фронтын хооронд байгуулсан энхийн гэрээний дагуу зохион байгуулжээ. Эрх баригчид эл арга хэмжээ нь лалын салан тусгаарлагч, католик шашинтнууд давамгайлсан Филиппин улсын арми хооронд үүсээд буй олон жилийн мөргөлдөөнийг шийдвэрлэх улс төрийн шийдэл гэж найдаж байв. Олон жил үргэлжилж буй мөргөлдөөний улмаас нийт 120 мянган хүн амиа алджээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top