Венесуэл: Мадуро сонгууль явуулахаас татгалзлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Европын зарим улс орноос шаардаж байгаачлан сонгууль явуулахаас татгалзлаа.

 

Мөн үеэр АНУ-ын зүгээс тус улсын дипломатууд болон өөрийгөө “түр” ерөнхийлөгчөөр өргөмжлөөд буй Хуан Гуаидогийн эсрэг хүч хэрэглэх, заналхийлсэн тохиолдолд эсрэг хариу арга хэмжээ авна гэж сануулав.


Өнгөрсөн ням гарагт /2019.01.27/ Испани, Их Британи, Франц, Нидерланд, Герман зэрэг улсууд Мадуро найман хоногийн дотор сонгууль зарлахгүй бол Гуаидог ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хэмээн хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн юм.

 

CNN Turk сувагт өгсөн ярилцлагадаа Мадуро эдгээр улс тулгаж буй шаардлагаа татаж авах ёстой гээд тэд эрээ цээргүй үйлдэл хийж, алдаа гаргаж байна гэв. Тэрбээр Карабобо мужид болсон цэргийн сургуулилт дээр төрийн эргэлт хийх оролдлогыг ялан дийлэхийн тулд нэгдмэл, сахилга бат, нягт холбоотой байхыг уриалжээ.


35 настай Гуаидо энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон Мадурог эсэргүүцсэн жагсаалын үеэр өөрийгөө ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хэмээн зарласан билээ. Тэрбээр Мадурог хоёр дахь удаагаа сонгосон сонгууль луйврын сонгууль болсон гэж мэдэгдсэн юм.

 

Николас Маудрог Хятад, Орос, Сири, Турк, Куба, Боливи зэрэг улсууд дэмжиж байна.

 

Тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан бямба гарагт /2019.01.26/ болсон НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл хурал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Мадурог Венесэулийн эдийн засгийг нураасан хууль бус мафижсан төрийн нэг хэсэг хэмээн нэрлэж, Мадурогийн засгийн газартай ямар нэгэн санхүүгийн төлбөр тооцоо хийхгүй байхыг уриалжээ.

 

Оросын зүгээс АНУ-ыг төрийн эргэлтийг удирдахыг оролдож байна гэж буруутгаад Мадурог хамгаалах үүднээс Оросын 400 цэрэг бүхий бүрэлдэхүүн Венесуэлд байна гэх мэдээллийг няцаажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top