О.Цагаанзам: Бид эх орныхоо дуудлагыг хүлээж байгаа ард түмэн

2019 оны 02 сарын 06

Монгол түмэн Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд, Монголтой холбоотой хэн бүхэн энэ өдрүүдэд хүндэтгэлтэй хандаж байгаад эргэлзэх юун. Тэгвэл өөрсдийгөө Монголын түүхийн “үсэрсэн цус, тасарсан мах” гэж бахархдаг Халимагийн ард түмний төлөөлөл болох туульч О.Цагаанзамын ярилцлагаас  хүргэж байна.

 

“Жангар” туулиа хайлж,  “Ээж минь” дуугаа эгшиглүүлж Монгол туургатнуудад танигдсан тэрбээр Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьж байв. Тэр жил нь түүнтэй уулзаж энэ талаар нь анх ярилцаж, нийтлэж байв. Тухайн үед тэрбээр:

 

 “Халимагууд бид Монгол нутагт ирэх,  адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг. Би энэ жил  Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй  гурван  ч удаа уулзсан. Монгол Улсын Иргэн болох хүсэлтээ сая тавьсан. Франц зэрэг гадаадын улс  орнуудаар явж байхдаа хууль бусаар амьдардаг олон монгол хүнтэй таарч байсан. Тийм болохоор өөртөө  “Цагаанзам минь Америкт очиж цагаач иргэн болох уу.  Эцэг өвгөдийн нутаг Монголдоо ирж амьдрах уу”  гэж асуулт тавиад байна. Америк бол хүний нутаг. Зөвхөн гэдсээ тэжээж  амархан амьдрахын төлөө бол тийшээ явж болно. Гэхдээ тэнд юу хийж энэ насаа өнгөрөөх билээ. Хүнд хэцүү  боловч аав, ээжийн өлгий болсон энэ газар нутагтаа ирээд чадлаараа байя  гэсэн сэтгэл надад байна” хэмээн ярьж байлаа.

 

Ингэж ярьснаас хойш 3 жилийн дараа буюу 2014 онд Сар шинийн  баяр тохиогоод удаагүй байх үед түүнтэй дахин уулзаж ярилцахдаа  Монгол Улсын иргэн болох хүсэлт нь хэрхсэн талаар тодруулахад:

 

-Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ. Намайг  анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол  төдийгүй нийт Монгол туургатнууд нэгдэх нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан.

 

Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг,  нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн  “Халимаг ах дүү нартаа илгээх урилга”  хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг. Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ” хэмээн ярьж байлаа.

 

Монгол түмний баяр тохиож буйтай холбогдуулан О.Цагаанзам эрхэмтэй ярилцсан  2011, 2014 оны ярилцлагуудаасаа эшлэн хүргэж байна. Кирсан Илюмжиновыг  Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч байхад  дэргэд нь  дөрвөн жил шадарлаж, Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан О.Цагаанзам эрхмийн яриа уншигч танд нэгийг бодогдуулах болов уу.

 

                       ХАЛИМАГ АРД ТҮМНИЙГ ЭЛЭГ НЬ ТАТАЖ БАЙНА

 

- Та Ерөнхийлөгчид  хүсэлт гаргахаасаа өмнө гурван ч удаа биечлэн уулзсан гэж байсан. Тухайн үед бол их л нааштай шийд гарах юм байна гэж ойлгогдож байлаа. Одоо тэгэхээр бүтэхгүй болж байгаа гэсэн үг үү?

 

-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлээд өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц танд хоёр улсын иргэншлийн асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ.

 

Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна.

 

Оросын иргэншлийг орхиод Монголын паспортыг аваад ирлээ гэхэд бид яг юу хийх вэ. Хэрэгтэй бүх зүйлээ нэхээд сууна гэхээр яаж тийм байж болох вэ.

 

Миний бодлоор хоёр иргэншлийн асуудал Халимаг, Монгол хоёрын хооронд харилцаа сайжруулах боломж ихтэй. Халимагийн газар нутаг монголын газар нутаг учир тэр газрыг хамаагүй хаяж орхиж болохгүй.

 

-Албан ёсоор хүсэлт гаргасныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нүүр тулан уулзсан уу?

 

-Хүсэлт гаргахдаа бол уулзаагүй. Ер нь би жаахан эмээж, ичиж байна.Миний бодлоор Ерөнхийлөгч хэчнээн гоё зүйл ярьж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн боловч, түүний хажууд байх тодорхой эрх мэдэлтэй хүмүүс, санаж сэдсэн зүйлсийг нь ажил болгож, хуульчилж чадахгүй бол “Утасгүй зүүгээр хувцас оёхтой адил” дүнгүй шүү дээ.

 

Би энэ яваа насандаа Монгол туургатнуудыг нэгтгэх санаатай хүн. Тиймээс ч иргэний асуудлыг бүтэх байх гэж найдаад явдаг юм. Гэхдээ энэ асуудлыг монголчууд шийднэ гэдгийг би сайн ойлгож байгаа. Болохгүй боллоо гэхэд би хувьдаа харамсахгүй ээ. Хаана явж байгаад ч “Атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн  ч надад гомдолгүй”. Гол нь Монголын нэрийг хаана ч гутаахгүй, нэр сүрээ алдалгүй алдарт Жангар туулиа хайлаад явах л санаатай байна даа.

 

-Таны итгэл алдарч ээ дээ?

 

 

-Хүсэлт тавьж, иргэншил хүссэн ч энэ асуудал бүтэхгүй их удлаа. Одоо үүнийг буцааж сэргээх талаар би бодохгүй байна. Нэгэнт хуулийн орчин нь бүрэлдээгүй байхад би байн байн асуудлыг сөхөж, хүмүүсийг шахаад яах вэ гэж бодсон.

 

Уг нь дэлхийн монгол туургатнуудыг эх орондоо эргэж ир гэж байгаа ч урьдаар хуулиа батлах хэрэгтэй. Халимаг ахан дүүс ирлээ гэхэд байнгын оршин суух эрх өгч тусад нь гаргалаа гэхэд визний асуудлыг хөнгөвчилж, анхан шатанд нь туслах хэрэгтэй байна.

 

-Манай Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монголчуудаа дуудах нь зөв гэх байр суурийг 2012 оны сонгуулийн өмнө илэрхийлсэн. Гэтэл  таны хэлж ярьж байгаагаас үзэхэд монгол туургатнуудаа дуудах нь нэг хэрэг. Харин тэд энд ирээд хөлөө олж, хүн шиг амьдрахын тулд ихээхэн саадтай тулна гэдгийг олж харж байна л даа?

 

-Тийм ээ. Ер нь миний хүсэлт гаргасан асуудлын тухайд сонгуулийн үеэр шуугиж байгаад л өнгөрсөн дөө. Одоо энэ асуудлыг дахиж сөхөхгүй гэж байгаа нь, болохгүй байхад нэгнийгээ хатгаад байх нь сайн зүйл биш гэж бодсон хэрэг. Миний бодлоор цаг хугацаа хэрэгтэй байх. Хуулийн орчин нь бүрэлдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй гэсэн үг.

 

Ер нь Монголоо гээд зориод ирж байгаа монгол туургатнууддаа байнгын оршин суух эрхийг хүндрэлгүйгээр гаргаад өгдөг болох хэрэгтэй. Энэ нь Монголдоо ирсэн халимаг хүмүүст ажил хийх боломж өгнө гэсэн үг. Бид одоо бол жуулчны визээр л орж ирж байна.

 

Цагаанзам хэмээх Халимагийн туульч Монголд ирэхэд яг л орос хүний ёсоор ирэхээс өөр аргагүй. Оросын иргэн гэдэг утгаар тэр. Өнөөдөр Монголдоо ирэхийг хүсдэг, Монгол нутагт хайртай, элэгтэй маш олон халимаг хүн байна.

 

Тэд надаас Монголын иргэн болсон эсэхийг байнга асуудаг. Гэтэл асуудал энд гацчихаад байгаа нь надад маш эвгүй байна. Би халимагуудад юу хэлэхээ мэдэхгүй байна. Монголын тал юу ч хийж чадахгүй гэж хэлэхэд хэцүү, болохгүй байна гэхээр бас л хэцүү. Яагаад гэвэл халимагууд энэ асуудалд маш их итгэл тээсэн.

 

Миний хувьд эхний ээлжинд байнга орших суух эрх авмаар байна. Халимаг хүмүүс энд ирээд улстөрд орохгүй. Зүгээр л жирийн монгол иргэний ёсоор ажиллаж, амьдрахыг л хүсдэг.

 

Байнга оршин суух эрх авахыг яагаад хүсч байна гэхээр энд ирээд ажиллах боломжтой болно гэсэн үг. Компани байгуулаад ч юм уу, ямар нэгэн байдлаар үр бүтээлтэй ажиллах нөхцлийг эрнэ. Харин улс төр, сонгуульд оролцохгүй л дээ, энэ эрхийг авсан тохиолдолд. Бид ч үүнийг хүсэхгүй.

 

Бас нэг асуудал бий. Халимаг ахан дүүс минь одоо наашаа ир гэх цаг ирлээ гэж бодъё. Тэгэхэд бид ирсэн хойноо төрөөр тэжээлгээд байж таарахгүй. Нийгмийн бүхий л харилцаанд орж, ажиллаж, монгол хүний ёсоор амьдрах шаардлагатай.

 

Юу гэхээр, Монгол Улс монгол туургатнаа хүлээн авахад зориулсан тусгай хөтөлбөртэй байх хэрэгтэй юм. Яагаад гэвэл, эх орноо зорьж буй хүмүүс газар нутаг, ажил төрөл, бүх юмаа хаяад ирнэ гэсэн үг. Ирчихээд гудамжаар зүгээр алхах ёсгүй.

 

-Кремлийн зүгээс  Халимагийг  том шорон болгон хувиргаж байгаа нь гадаад ертөнцөд ил харагдахгүй байгаа хэмээн та өмнө нь ярьж байсан. Тэгвэл одоо Халимагт ард түмний амьдрал ямархуу байгааг та бодитоор нь хэлээч. Ер нь халимагууд одоо яг хэдүүлээ байгаа бол?

 

-Тоо гаргахад хэцүү. Залуус ажил хайгаад гадагшаа явах нь олширсон. Европ, Америкаар ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр одоо газар эзгүй үлдэх аюултай болов. Эзгүй газар ба газаргүй хүмүүс гэсэн бодлого бий. Ард түмнийг ядууруулж, нутгаас нь холдуулаад газрыг нь авна гэсэн үг.

 

Миний бодол бол Монголд хэн нэгэн чадалтай халимаг хүн компани байгуулж, татвараа төлж, ажиллана. Тэгээд Халимагт үлдсэн хүмүүстээ тусалснаар, нутаг минь эзгүйрэхээс аврагдана. Хүн ядуу бол газраа алдана шүү дээ.

 

Кремлиэс халимагуудыг та нар яаж амьдрахаа өөрсдөө мэд, бидэнд хамаагүй гэдэг ч эдийн засгийн дарамт, хаалт, боолт үзүүлдэг. Мөн Халимаг дотор чоно дагасан нохой шиг хүмүүс бас бий.

 

Халимаг 77 мянган км.кв газар нутагтай. Монголын нэг аймаг шиг. Гэхдээ арвин их түүхтэй Ижил мөрний хөвөө, Бат хааны нийслэл байсан, Алтан ордын хаад тэнд байсан гээд. Тиймээс бид нэгнээ тулж түшин, дэмжих ёстой юм.

 

Халимагт үзэл бодлоо гээгээгүй, зан заншлаа унаган төрхөөр нь хадгалж ирсэн хүн олон бий. Бид дандаа дайн аянаар явсан хүмүүс. Миний эмээ, ээж хоёр үндэсний хувцсаа өмсөж явсаар тэнгэрт хальсан. Нэг ч удаа орос халад өмсөөгүй. Эмээ маань 103 насалсан. Гэтэл ганц ч орос үг мэдэхгүй байлаа. Хажууд нь оросоор дуулахаар их уурлана. Яг ийм олон хүн байгаа.

 

-Халимаг хэдийгээр хилийн цаана байгаа ч өвөг дээдсийн үлдээсэн газар нутгийн нэг хэсэг. Гэхдээ монгол туургатнууд Монголд ирэхийг л хүсдэг гэж таны ярианаас ойлгогдож байна. Энэ газар шороо та бүхнийг яг юугаараа тэгтэл татна вэ?

 

-Үүнийг хоёр, гуравхан үгээр хэлэхэд хэцүү. Илэрхийлэх боломжгүй зүйл. Нутаг руугаа гүйдэлтэй морь гэж бий шүү. Түүн шиг. Хайрын сэтгэл гэж байна. Хүн яагаад бусдад хайртай болсноо яг хэлж чадахгүй. Эх, үрийн хайр гэж бас бий. Үүний учир шалтгааныг яг сайхан тайлбарлах боломжгүй. Учир нь тэр агуу их утга юм.

 

Яагаад халимагууд өөрсдийгөө монгол хүн гэж бодоод байна вэ. Бид монгол түүх, монгол өвөг дээдэс, монгол зан заншлаа шүтдэг. Бурхан Халдун ууланд сүсэглэдэг. Дээд өвөг дээдэс Бөртэ Чонодоо залбирдаг.

 

Хайрыг ил гаргаад харж чадахгүй, тэр зүйл хүний дотор, сэтгэлд байдаг. Тийм учраас халимаг ард түмнийг элэг нь татаж байна. Орхиод явсан нутгаа санадаг шиг элэг зүрх минь өөрөө тэмүүлээд байгаа юм.

 

Ромын эзэнт гүрнийг айлгаж явсан Аттила бидний өвөг дээдэс мөн. Тэр хүн Монгол газар төрөөгүй ч “Ард түмэнд хэл, соёл, зан заншлаа хайрлах хэрэгтэй. Ард түмэн эв нэгдэлтэй байх ёстой” гэж хэлсэн. Миний найз нар дотор Монголд амьдармаар байна гэж ярьдаг хүн маш олон.

 

Нэгэн цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халимагт ирсэн. Тэгээд надад “Алтан гадас” одон зүүж өгсөн юм. Тэр үед халимаг хүмүүс Ерөнхийлөгчийг юу ярих бол, бидэнд яаж хандах бол гэсэн хүлээлтээр угтсан. Тэрнээс өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгч ч очиж, халимаг нутгийг харж байгаад л буцсан.

 

Гэтэл Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр Цагаанзамд одон зүүж өгсөн чинь тэнд цугласан халимагууд маш ихээр баярлаж, ёстой л нэг дэвэрсэн. Тэд Цагаанзамд ганцааранд нь биш халимаг ард түмэнд одон өглөө гэж баярлаж байсан юм. Тэнд халимагууд “Путин биш Элбэгдорж чинь бидний Ерөнхийлөгч шүү” гэж хашхирч байлаа.

 

Оросын Метрапанов хэлсэн. Кавказууд оросуудтай байнга мөргөлддөг. Астрахань, Волгоград хавьд нэг тийм асуудлууд гаргаад л байдаг. Тэр хүн надаас “Өөрсдийгөө халимагууд гэж нэрлэсэн цөөн хүн ам байна. Тэд Чингис хааны үр сад гэж ярьж байх юм. Гэтэл тэд яагаад кавказуудаас илүү тайван байна вэ” гэж асуулаа.

 

Би түүнд “Бид монгол зантай, монгол цустай хүн” гэсэн. Өөрөөр хэлбэл, бид эх орныхоо дуудлагыг хүлээж байгаа ард түмэн юм.

 

Чибулаг хэмээх мундаг эх оронч, морин хуурч байна. Гэтэл түүнийг Монголдоо ирэхээр хятад хүн гэж ад үзнэ, Хятадад очихоор муу монгол гэдэг тухай ярьсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж байна. Эцэст тэр Хубилай хааныхаа байгуулсан Бээжин хотод амьдаръя даа гэж хэллээ.

 

Шинжаан, Өвөрмонгол, Дээд Монгол Хятадад байна. Харин халимаг, буриадууд Орост байна. Нэгэн цагт Монгол Улс маань тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн болж, туурга тусгаар улсын ёсоор хөгжиж эхлэхэд бидний баярласан сэтгэлд хязгаар байгаагүй. Тэгээд л одоо эх орон минь биднийг тосч авна аа гэж хүлээх болсон. Одоо ч тийм.

 

Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улс маань үүнийг зохицуулах хуультай болсонгүй. Би үр хүүхдэдээ ингэж ярьдаг. Их дээр үед Монгол Улс дэлхийн талыг эзэлсэн том гүрэн байсан бөгөөд ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист эр цэргээ илгээсээр талаар нэг тарсан юм. Одоо харин дэлхийгээр тарсан монголчууд нутагтаа ирэхийг хүсч байна гэж.

 

Бид нутгаа хэзээ ч мартаагүй ээ. Элэг минь биднийг ийш татдаг. Халимаг, Дээд Монгол, Өвөр Монгол гээд монгол туургатнууд хэл, соёл, зан заншлаа гээгээгүй. Өнөөдрийг хүртэл маш сайн хадгалж ирлээ.

 

Нэг хүн надад “Буриад, халимагууд Орост уусч, хэл, соёлоо гээсэн” гэж хэлсэн. Би тэр хүнд “Халимаг ард түмэн эртнээс Жангар туулиа хайлаад ирсэн юм шүү” гэж хариулсан юм. Гэтэл одоо Монголд “Жангар”-ыг хайлдаг хүн бараг байхгүй. Харин бид Ижил мөрний хөвөөнд 400 жилийн турш “Жангар” туулиа хайлаад, бид монгол хүн гэдэг зүрхээр явж ирсэн.

 

Нөгөө талаар, Халимагт миний аав, ээж, өвөг дээдэс амьдарч ирсэн. Тэр бол Монголын газар гэж боддог. Тэгэхээр халимаг ахан дүүс минь наашаа ир гэж дуудахаас гадна Халимагийн газар манайх гэж бодх ёстой шүү. Бид тэндээс зугтаад ирлээ гэхэд газраа алдана. Бөмбөрцөг дэлхий дээр газраас үнэтэй зүйл байхгүй.

 

Монголын Засгийн газар бүх монгол туургатныг авч ирэх боломжгүй юм бол онцгой зарим хүнд энэ эрхийг өгөх ёстой. Үүнийг шийдвэрлэхэд асуудал уг нь байхгүй гэж бодож байна.

 

Чибулаг хэмээх хүн социализмын үед ч морин хуураа тэврээд явж байсан хүн шүү дээ. Яагаад гэвэл түүнд жинхэнэ эх оронч үзэл байгаа юм. Одоо хүсэлт гаргаснаас хойш бараг гурван жил болж байна. Энэ хугацаанд иргэний эрх өгдөггүй юм аа гэхэд байнга оршин суух виз олгож болох байсан.

 

 

ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮН ТЭНД НЭГ АЙЛД ӨЛӨН ЗЭЛМҮҮН ХҮҮХЭД УЙЛЖ БАЙГАА ШҮҮ ГЭЖ БОДОХ ЁСТОЙ

 

-Кремлийн бодлого хэр хатуу байна вэ. Хятадад бол Өвөрмонгол, Шинжаанд хатуу бодлого хэрэгжүүлдэг?

 

-Оросын алдарт найрагч Лев Гумилёв Америкийн индианчуудыг сонирхон судалж байсан гэдэг. Тэр хүн ярихдаа “Би индианчуудаас хэтэрхий хол байсан тул тэдэнтэй адил санагдах баруун Монгол, Зүүн гар юм шүү. Тэд бол миний бахархал. Дайсанд дарагддаггүй ард түмэн” гэсэн. Бидний өвөг дээдэс аян дайн, соёл, зан заншил, адуу мал гэдэг байсан бол одоо цаг үе хувьсан өөрчлөгджээ. Харин бизнес, худалдаа, мөнгө гэх боллоо. Чингэс хаан наймаа худалдаанд лалын шашинтнуудыг ажиллуулдаг байж. Яагаад гэвэл жинхэнэ монгол хүн наймаа хийж чадахгүй. Олсон юмаа цацаж, тараагаад, хүн дайлж цайлаад дуусгачихдаг.

 

Одоо амьдралын зарчим хүн бүрийг бизнест суралцахыг шаардах болж, ард түмний амьдрал хэцүү болж байна. Тэгэхээр ард түмнийг хамгаалдаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Тэр хүн улсаа зөв залах ёстой. Зэгстэй газар мал бэлчээдэггүй шиг.

 

“Би алдавч ард түмэн минь алдаж болохгүй” гэж Их эзэн хаан Чингис хэлсэн. Халимаг ард түмэн Оросын төлөө 28 дайнд оролцжээ. Тэр 28 дайнд Халимагийн хамгийн ухаантай, эх оронч, авьяас билэг хүмүүс, элит хэсэг нь үрэгдсэн. Оросын зохиолч, нийтлэлчид ч Орост халимагаас өөр тусаа өргөсөн ард түмэн байхгүй гэж бичдэг.

 

Гэтэл өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхэт, хууль цаазтай атлаа юу хийхээ мэдэхгүй зогсоод байна. Хөл дээрээ бат зогсож чадсан хэрнээ цааш яаж алхахаа мэдэхгүй байна. Зүрх, зориг хэрэгтэй, нийгмийн элит хэсэгт боломж олгох ёстой. Шулуун шударга, зориг зүрхтэйгээр урагшлах хэрэгтэй.

 

-Чоно дагасан нохой шиг хүмүүс бий гэж та түрүүн ярилаа. Цөөхөн халимагууд дунд тийм хүмүүс бас байна гэж үү?

 

-Оросууд хэлдэг, “Айл бүрт нэг муу хүн бий” гэж. Яг одоо 120 мянган халимагийг бүгд үндэсний цэвэр үзэлтэй гэж хэлэхэд хэцүү. 100 мянга нь байлаа гэхэд 20 мянга нь буруу тал руу явсан л байгаа. Тэднийг Москва дээрээс харж, татаж өөртөө уусгаж байна.

 

- Москвагийн дарамтын талаар хэлж яриад байхаар таныг чиглэсэн дарамтууд ирж байв уу, өнгөрсөн хугацаанд?

 

-Би олны танил болж, энд тэнд үгээ хэлээд явдаг хүн. Тэгэхээр намайг нударлаа гэхэд халимаг ард түмэн зүгээр байхгүй нь мэдээж. Гудамжинд явж байхад хүмүүс ирээд гарыг минь атгаж итгэж буйгаа хэлдэг. Тийм болохоор би үгээ чөлөөтэй хэлдэг. Гэхдээ би ганцаараа биш үгээ өргөдөг олон хүн байгаа шүү.

 

Нөгөө талаар халимагууд хоорондоо дайтдаггүй ч халуун цустай хүмүүс. Нэг халимаг залууг чеченүүд буудаж алсан хэрэг гарсан. Тэгэхэд ард түмэн түрхэрч, уурсан, нөгөө газар очиж дайсан этгээдүүдтэй тулсан юм. Тэр үед Москвад чечень биш халимагууд эвгүй шүү гэж ярилцсан.

 

-Ингэхэд халимагууд  нүүдэлчин угшилаа хадгалж чадаж байгаа болов уу. Малчин айлууд бий юу?

 

-Мал байдаг ч нүүдэллэх арга байхгүй. Газрыг яг хэмжиж аваад тэндээ л амьдрахаас нутаг сэлгэн нүүдэллэж, малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсон.

 

-Халимагууд баян, бэлтэй гэж удирдагчид нь яриад байдаг. Хэрэг дээрээ тийм байж чадаж байгаа болов уу?

 

-Манай шинэ Ерөнхийлөгч Москвагаас юм татахгүй гэж ярьдаг. Энэ нь буруу. Ард түмэн бүр ядуурна. Өнөөгийн нөхцөлд хүмүүст өгөөжтэй гэсэн ажлыг заавал хийх ёстой.

 

Дэргэдэх хүмүүстээ сэтгэл гаргаж л чадахгүй бол арван хүний ч толгой дээр гаргаж болохгүй гэж эзэн Чингис хаан хэлсэн. Хажууд байгаа хүн нь ядуу, баян байгааг мэдэхгүй бол тэр буруу. Ялангуяа Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ амьдралыг мэдэрдэг байх ёстой. Шөнө унтахдаа л тэнд нэг айлд өлөн зэлмүүн хүүхэд уйлж байгаа шүү гэж бодох ёстой, энэ нь Ерөнхийлөгчийн нэг үүрэг.

 

Өөрөө сайхан амьдраад, цатгалан байгаагаа ард түмний амьдралын илэрхийлэл гэж байгаа бол тэр хүн Ерөнхийлөгч биш. Би Францад байхдаа тэнд хараар амьдардаг нэг монгол хүнтэй уулзсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Тэгэхэд Австриас төрийн айлчлал хийсэн нэг хүнд Ерөнхийлөгч “Ийм гоё газраас хүмүүс яагаад зугтаад байна вэ” гэсэн тухай ярьсан.

 

Ард түмэн яагаад харь улсыг зориод байгааг Ерөнхийлөгч ойлгоогүй гэж үү. Кирсан Илюмжинов яг адилхан. Өөрсдөө цатгалан бол ард түмэн ч цатгалан гэж боддог. Адууны шинж, хүний шинж гэж байдаг.

 

Адуу шинжиж чаддаг хүн хурдан хүлгийг хараад л мэддэг. Түүн шиг дээр үеийн чадалтай, эрдэмтэй хүмүүс манлайлагчийг багад нь хараад хэлдэг байж. Галдан бошгитыг зургаан настай байхад Түвд рүү ном заалгахаар явуулсан. Тэгэхэд торгуудын цэргийн жанжин энэ хүүг бүү явуул, тэр ард түмний толгой болох хүн гэж хэлж байсан гэдэг. Кирсан Илюмжинов Ерөнхийлөгч болохдоо хүн бүрт 100 ам.долар өгнө гэж гарч ирсэн хүн юм шүү.

 

-Та Кирсан Илюмжиновыг Кремлийн бодлогыг хэрэгжүүлэгч гэж шүүмжилдэг шүү дээ. Тэр танд эгдүүцэж, эвгүй хандлага илэрхийлж,  дарамталсан уу?

 

-Би уржнан жил Кирсантай нэг уулзсан. Урьд нь би тэр хүнийг төрийн тэргүүн, ард түмний элч учраас та гэж дууддаг байсан. Харин би уулзахдаа чи гэж хэлсэн. Түүнээс би “Чи 17 жил Ерөнхийлөгч байлаа. Гэхдээ одоо чиний дэргэд хүн үлдэв үү” гэж асуусан. Тэр “Үгүй” гэлээ. Кирсаныг би 17 жил ард түмний нэрээр Москвад бүжиглэсэн гэж хэлсэн юм.

 

Өнөөдөр би Халимагт гудамжаар гарахаас эмээж байна. Ард түмний нүдний гал бөхөх боллоо. Тэд итгэсэн итгэлээ надаас нэхэж байгаа гэдгийг ч хэлсэн.

 

-Таны гэр бүл одоо Халимагт байна уу. Амьдрал ахуй хэр байна вэ?

 

-Миний хоёр хүү Элстэйд, охин минь АНУ-д байна. Өнөөдөр Цагаанзамын хүүхдүүдийг Халимагт ажилд авахгүй. Аав нь дандаа болох болохгүй юм ярьдаг болоод тэр байх. Цагаанзам телевизээр гарч болохгүй, Цагаанзам сонинд ярилцлага өгч болохгүй. Гэхдээ халимаг ард түмэн намайг хүндэтгэж итгэж байна.

 

Хүүхдүүд 30 хүртлээ ээж минь гээд, тэрнээс цааш аав минь гэдэг. Ялангуяа хөвгүүд. Анх миний хүү надтай эсэргэцэж, таны хийж байгаа ажил зөв үү гэж асуудаг байсан. Хүү минь ээжийгээ л бодсон хэрэг. Харин одоо аав аа таны хэлсэн үг, хийсэн ажил яах аргагүй зөв байжээ гэх болсон.

 

Би хүүхдүүддээ “Та нар Батуд овогтой, агуу түүхтэй хүмүүс шүү. Буруу зүйлд толгойгоо мэдүүлэхгүй, үеийн үед өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй” гэж хэлдэг. Охин маань Архангайн нэг залуутай үерхэж, одоо гэр бүл болон үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа.

 

-700 жилийн өмнө Монголоос гарсан Хазара Монголчуудын  үр удам болох  хүнтэй уулзаж байхад, өвгөд дээдсийн нутагтаа ирж үзэхийг хамгийн их хүсч байсан хэмээн ярьж байв. Үнэхээр ч  дэлхийн монголчууд монголоо их санацгаадаг гэдэг. Халимагуудын тэр сэтгэлээс та хуваалцахгүй юу?

 

-Бид  элэг нь татна гэж ярьдаг юм. Газар нутгийн хувьд  5-6 мянган км заагтай, цаг хугацааны хувьд 402 жил тусгаарлагдсан ч,  санаа сэтгэл нь ойрхон. Монгол гэхээр элэг нь урсдаг, элэг нь татдаг хүмүүс. Эндээс тасраад гарсны дараа 28 том, жижиг дайнд оролцон,  цавчилдаж амьдарсан хүмүүс. Нутаг усны тухай шүлэгээ сонсохоор нүднээсээ нулимс унагадаг хүмүүс. Манай Халимагууд өөрсдийгөө  бат чанга гэж бахархдаг.  Бид 140 мянгуулаа  байсан  ч  цөөрч байгаа. Дагестанд түмэн цэргийг толгойлж байсан Ногай ханы үр удам  Ногайчууд бий. Тэд мусульманы шашинд ороод Турк хэлтэй болсон байна. Бид  хоорондоо сайн найз нөхрийн харилцаатай байдаг.  Бидний гал голомт Монголын Бурхан халдун гэж  хоорондоо ярьдаг юм. Би  1989 онд анх  Монголд ирж байсан. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд ганц нэг дуугаа дуулаад Монголын ард түмэнд танигдсанаа миний хувь заяа гэж бодож  бахархдаг. Одоо цагт Монгол язгууртай бидэнд нийлэх, нягтрах боломж гарч байна гэж хардаг.  Мал боловч хол газраас мөөрөлдөж ижлээ хайна гэж ярьдаг шүү дээ. Шинжааны,  Өвөрмонголын, Хөх нуурын дээд Монгол, Халимаг,  Буриадууд бид ойр харилцаатай. Энд тэнд тарж одсон биднийгээ  хэзээ Ар Монгол маань нэгтгэж, нийлүүлж авах бол. Ар Монгол маань хэзээ их хүчирхэгжиж, биднийг нэгтгэх боломжтой болох бол гэж ярьцгаадаг.

 

Та түрүүн Халимагийн иргэд цөөрч байна гэлээ. Тоо баримттай хэлвэл?

 

1991 онд 145 мянган иргэн байсан. 2002 онд тооллого явуулахад  80 мянга гаруй болсон байсан. Тэгээд яагаад ингэж цөөрөв гэж ихээхэн асуудал болоод  дээрээс нь 40 мянгыг нэмж худлаа бичсэн. Хэчнээн иргэн байгааг ард түмэн мэдэхгүй. Амьдрал яаж ядарч байгаа нь дээр байгаа хүмүүст  хамаагүй. Дандаа бизнес,   шатрын тухай яриад л  явж байна. Манай Халимагт хамгийн аюултай нь төрөлт маш бага байна. Москва  хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд тэтгэмж олгоно гэх зүйлийг ярьсанаас хойш арай нэмэгдэж байна. Гэхдээ тэр мөнгийг авахад хэцүү юм шиг байна. “Шархаа долоосон нохой таргалахгүй” гэдэг. Халимагийн ард түмний зовлонг нэмэхийн төлөө биш байгаасай гэж хүснэ. Халимагийн залуучууд ажил хайн  Европ руу их гарч байна. Монголд бас тийм байна шүү. Халимагаас Монгол руу ирэх сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Мянган хүн ч ирж магадгүй.

 

-Таны энэ тэмцэл, эх оронч сэтгэл хаанаас ундардаг юм бол гэж асуумаар байна?

 

-Би цамцтай төрсөн хүн. Аз жаргалтай хүн давхар хальстай төрдөг гэж оросууд үздэг. Би Волгоградын орчимд, аян замд төрсөн. Сибирьт цөлөгдсөн халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийсэн юм.

 

Тэр үед би мэндэлж, эмээ маань надад Цагаанзам хэмээх нэр хайрлажээ. Намайг төрөхөд эх барьж авсан орос эмч нөгөө хальсыг авахад эмээ маань жаахан хэсгийг тасалж авсан гэдэг.

 

Миний амьдрал хэцүү байсан. Багад маань “Хөгшин өвөө” гэж хочилдог байсан. Өвгөд ярилцаж байхад хажууд нь суугаад яриаг нь чагнадаг байж. Жаахандаа л “Жангар” туулийг сонирхож, сэтгэлийг минь татсан. Пионер, комсомол болоод явсан ч орхиогүй.

 

Нэг удаа өндөр барилгуудтай газар би тайзан дээр “Жангар” туулиа хайлахаар явж байна гэж зүүдэллээ. Зүүдэндээ цагаан өвгөнтэй тааралдсан, түүнийг хоёр хар хүн хутгалаад миний хажууд авчраад орхичих юм. Би тэр хоёр хүнээс маш их айж байсан ч өвгөнд санаа зовсон. Би түүнд халимаг хүн гэдгээ хэлэхэд “Би чамайг анх хараад таньсангүй. Есдүгээр ангид сурч байхад чинь чамайг анх харсан. Гараа өг” гэлээ. Би их ширвээтэж байсан ч гараа өгч, цагаан өвгөн миний алган дээр хоёр юм бичиж “Хүнд үзүүлж болохгүй. Аваад хурдан яв” гэж байх юм.

 

Би өглөө босоод зүүдээ санаж, есдүгээр ангид чухам ямар зүйл болов гэж дурстал би тэр үед “Жангар” туулийн гурван бүлгийг цээжилж байснаа санасан. Хөлбөмбөг өшиглөөд гүйх насандаа анх цээжилж байсан юм.

 

Атомын цахилгаан станцын инженер болоод ирсний дараа ч совинтой зүүдүүд зүүдлэгдэж, зүрх сэтгэл минь арай өөр тийш зүтгээд байсан юм.

 

-Та инженер мэргэжилтэй юм уу?

 

-Би уг нь инженер хүн. Би Москвад атомын станцын барилгын инженерээр мэргэжил эзэмшсэн. Гэхдээ тэр мэргэжлээрээ ажилласангүй. Намайг арай өөр зүйл хийхийг дээрээс даалгаад байна.

 

-Ингэхэд та зөн билэгтэй юу?

 

-Би зүүдээр олон зүйлийг хардаг. Нэг удаа манай хүү нэг тийш юманд явах болоод. Гэтэл надад муу зүүд зүүдлэгдэж, хүү минь миний үгэнд ороод яваагүй. Гэтэл хүүгийн найзууд Хар тэнгис рүү амрахаар яваад, тэнд кавказуудтай муудалцаж, зодоон цохиондоо хүрсэн юм билээ. Тэнд юу ч болж мэдэх байсан байх гэж би боддог юм.

 

Одоо хятадууд Чингис хааныг ашиглаж байна. Гэтэл монголчууд хоёрхон саяулаа, хятадууд дүнчүүр. Хүч тэнцвэргүй учраас өөрөөр үзэх хэрэгтэй. Тухайлбал бид Чингис хааны шашин, философийг дэлгэрүүлж болно.

 

-Цаг гарган  ярилцсан танд их баярлалаа.

 

 

                                                                                                                              

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байдар(202.126.90.117) 2021 оны 02 сарын 27

Тэднийгээ бүхий л талаар дэмжих болно

0  |  0
Арвиа(202.9.45.65) 2019 оны 07 сарын 31

Одоогийн Орос улс - ””ХАЛИМАГ ””~ т ямархуу байдалтай хандаж яаж түүхийн нугачаанд зовж зүдэрч ирсэн элэг нэгтнүүд минь билээ дээ. Одоо Улсын Ерөнхийлөгч Х. БАТТУЛГА маань энэ асуудлыг ямар хэмжээнд бодож байдаг бол? ??!!!!

0  |  0
Арвиа(202.9.45.65) 2019 оны 07 сарын 31

Халимаг, буриад, Тува, Шинжаан уйгар, Төвд, ӨМӨЗОрны монголчууд, Дээд монгол, Хөх нуурын монгол гээд ~ ””МОНГОЛ ””~ удам угсаа, ёс заншил, хэл, соёл, түүхээ хадгалж Бидний Монголчуудыг нүдээ чилж, элгээ хаттал харж байдаг Монголчуудаа Улсынхаа иргэн болох, давхар иргэншилтэй байх эс бол удаан хугацаагаар оршин сууж амьдрах эрх олгоход яагаад боддоггүй юм бэ.??!!!! 10.000 - хятад иргэд оруулж ирж ажлын байраар хангаж байхаар 10.000 монгол үндэстэн, тэр дундаа Халимагуудаа оруулж ирүүлбэл ямар сайхан бэ.??!!! Оросын хаант улс, улаан большевикуудын Орос улс, ЗСБНХОУлс, ЗХУлс,

0  |  0
Арвиа(202.9.45.65) 2021 оны 02 сарын 27

Агуу туульч элэг нэгт Эрхмийг гомдоож дээ экс Ерөнхийлөгч Элбэгдорж гуай маань. Нээрээ нэг уриалга хэлээд элэг нэгт Монгол ахан дүүсээ урьж байна гээд байсан, худлаа хошигруулж байсан бас нэг жишээ байж дээ харамсалтай юм.!!! Гадны улс орнуудаас тэр дундаа хятад, солонгос, вьетнам иргэд Улс оронд минь хэдэн арван мянгаараа орж ирээд ажил хийж, Монгол үндэстэнтэй гэр бүл болж тэр сэжмээрээ Улсын маань газар нутаг дээр үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмч хөрөнгөтэй болох, эзэмших, одоо хөдөө аймаг, суманд 1000-т малчид болцгоож Монгол хүнээр малаа маллуулж байна гэсэн мэдээлэл цацагдаж байна

1  |  0
Mongol negdene(202.179.26.227) 2021 оны 02 сарын 27

Elbegdorj bolon odoogiin uls torchidod 1% ch buu itge .Ted ali hediin hudaldagdsan.Mongoloo zaraad duussan odoo toloh estoi uiliin uree huleej bui.Harim Mongol mandah, sereh, negdeh sain tsag udahgui gej heliedee.Ta mundag shuu

2  |  0
Зүрхний хилэн(66.181.161.5) 2021 оны 02 сарын 27

Манай үе үеийн ерөнхийлөг ч нэртэй юм нууд баахан худлаа амлаж байгаад л алга болж дээ тэдэнд ямар Монголоо гэсэн сэтгэл байх биш дээ ядаж Монгол туургатнаа бодсон ганц хууль гаргачихаад өөрийгөө ерөнхийлөгч гэж боддог болоосой

4  |  0
Хэнчбиш(203.91.115.48) 2021 оны 02 сарын 27

Ямааны сүүгээр бүтээгдэхүүн хийх чадвартай халимаг гэр бүл байвал Баянхонгорт нэг жилийн оршин суух эрх өгч туршиж цааш сунгаад явж болох байх 5 жтлийн дараа иргэншилөгдөгч юм уу

1  |  0
Asuuchii(156.56.145.168) 2019 оны 07 сарын 31

Halimaguud chini tegeed tuuhiin hund ued halh mongoloo hayaad durveed urvaad yavsan geed baih yum bainashdee Endii shatriin master halimagchuud hujaagaas garaltai gesen yaria ni shar hevleluuded huuchraagui l baina daa tegeheer odoo yah yostoi yum?

1  |  1
Batzorig (122.201.31.102) 2019 оны 02 сарын 08

Saihan yriltslaga bna bi demjij bna ta buuj uguhgui shuu jenko asuudliig shiideh zorig zurh gargaachee gej husej bna

0  |  0
zochin(59.153.115.105) 2021 оны 02 сарын 27

Hesegheniig l sonsohod hiimer tsog

1  |  0
ud(66.181.184.237) 2021 оны 02 сарын 27

Setgel uvtgusun ,setgel hudulgusun yariltslaga baina.Mongoloo gej temuulj baigaa Halimaguudiin maani husel bieleh bilrugai.Tsagaanzam guai Ih shudarga shuluun yariatai hun baina.Elbegdorj geheer l buur durgui hurehiin.

3  |  0
Mai(73.83.84.234) 2019 оны 02 сарын 08

Zindaa pi yagaad hunii setgegdel ustgaad bn. Elbegee giin boov huhugchuu

2  |  0
irgen(188.155.76.116) 2019 оны 02 сарын 07

zygeer l mongoliin irgenshil ogoochdee, tegeed medeej ihenh ni busad oron shig tendee l baina shdee bygd irehgui medeej ter gazar nutgaa hamgaalaad medeej,,,hamgiin gol ni mongol gedgeeree baharhaj baina ed nar, busad oronch tegdeg, irgenshil shuud ogdog tegeed l 2 irgenshiltei yavj l bagdee hoorhii mongolchuud mini,,,mongol uls dendyy archaagui

0  |  0
irgen(188.155.76.116) 2019 оны 02 сарын 10

yhej baisan Mongolin tor yadaj ene metiin todorhoi hymyyst shuud mongol pass ogch bolno shdee, oros hyrtel orosiig gesen gadnii hyn bolgond l tv.-eer gargaad l shuud pass ogood l baigaa shyydee putin ooriin bieer, mongol dendyy archaagui ulsaa estoi, izrail hyrtel izrail yndestei hyn shuud l irgen boldog, huuliach hiij chadahgui malnuud, dendyy orovdoltei setgeleeree mongoloo geseer baigaad yheh umaa hoorhii amtad, elbegdorj gej neg mulguu hulgaich yhvel taarna, mongoliin toloo mongolchuudiin toloo yuch hiigeegui baij mongoliin ner barij delhiigeer tenesen novsh, hudalch , archaagui hyn,,,,

3  |  0
Цогт(139.5.219.79) 2019 оны 02 сарын 08

Хэлний хувьд Халимагууд маань харин хуучин Монголоороо, бүр хуучин галигаараа ярьдаг юм билээ.

5  |  0
Цогт(139.5.219.79) 2019 оны 07 сарын 31

Халимагууд маань бидний мах цусны тасархай. Америкт байхдаа би нэг халимаг гэр бүлтэй их ойрхон байдаг байлаа. Иванчуков гэдэг хүн гэр бүлтэйгээ, маш мундаг хүн надад, бид хэдэд элэгтэй гэж жигтэйхэн, яг л аав ээж минь дэргэд байгаа юм шиг. Та нарынхаа тусламж дэмжлэгт их баярлаж явдаг шүү. Бид хилийн чанадад явахдаа яаж нутгаа санагалздаг билээ, эд маань ч гэсэн өөрийн нутагтаа мөн Монголоо цээжиндээ бид нар шиг үргэлж тээж явдаг шүү дээ. Биднээс илүү хэдэн үеээрээ ингэж бэтгэрч үндэснийхээ жижиг хэсэг, хэл соёл, заншлаа харь улсад уусгалгүй өдий болтол авч яваа бидний тасархай.

11  |  0
Zaanaa(73.83.84.234) 2019 оны 07 сарын 31

Muu urvasan hulgai ebi giin hiisen ajil uim bishuu. Mongol ulsiin irgen bolgohgui gesen.

6  |  0
монголын төлөө (202.126.88.56) 2019 оны 07 сарын 31

үнэхээр бахархмаар хүншүү цагаанзам гуай итгэлээ бүү алдаарайдаа та нар минь. үнэхээр урагшгүй төр засагтай бнада. гэхдээ одоо арай өөр болх блгүйдээ. эсвэл энэ женко путинээс жийрхээд хөдлөхгүйн болуу. ийм л хүмүүстээ байнга оршин суухах ядаж өгчиж болдгүйнмуу. яахав шалгуур шаардлага бдаг л биз тэрийгээ тагнуул имигрэйшн нь хийнэ л биз. гэхдээ энэ эрхэм хүнд өгөх л хэрэгтэй. Mонгол минь мандан бадраг. хувма хичээсэн муухай зангаа больцгооё монголчууд минь

8  |  0
ХАЛИМАГУУД ЗАЙЛ(66.181.161.2) 2021 оны 02 сарын 27

ХАЛИМАГ БОЛ МОНГОЛ БИШЭЭ!

2  |  17
Нямдаваа(66.181.186.214) 2019 оны 07 сарын 31

Төрийн 3 өндөрлөг маань одоо л нэг зоригтой шийдвэрүүд гарган хэрэгжүүлж улс орноо жаахан сэргээгээд. Илүү гадагшаа чиглэсэн .гаднах монголчуудаа нэгтгэн нягтруулж нэгдсэн хүч бололцоог нь эрчимтэйгээр ашиглах бодлого баримтлах цаг ирж байх шиг..айл гэрт ч улс гэрт л өөдлөн дэвжихэд хүнд хүн л хэрэгтэй байдаг шүү дээ.. гадаад монголчууд маань аль нь ч их зовлон туулж хатуужсан хүмүүс байгаа шүү дээ.. энэ бол түүхэн цаг дуудлага хэмээн хүлээж бнааа хурай ..хурай..хурай...

8  |  0
А(39.7.28.166) 2021 оны 02 сарын 27

Ар монгол нь хүчирхэгжээд та нарыгаа удахгүй авнаа монгол хэвээрээ бж бгаарай газраа алдаж болхгүй

8  |  0
Зочин(64.119.27.40) 2021 оны 02 сарын 27

Төв Европ дахь газар нутгаа алдаж болохгүй.

13  |  0
Иргэн(64.119.25.163) 2019 оны 02 сарын 08

Буриад, Өвөр монголоо өөртөө нэгтгэх хадөлгөөн өрнүүлье?!?!?!

10  |  0
ард түмэн(66.181.190.154) 2021 оны 02 сарын 27

халимгаас ирье гэсэн хүиүүсийг монголдоо авчирч болдоггүйм уу ядаж цус холдоод ухаантай хүүхдүүд төрнө ш лээ тэгээд ч монголын хүн ам өсөж улс орноо хөгжүүлэхэд хүн хүч хэрэгтэй ш дээ хятаджулыг авчирч бхаар халимаг туьа хүиүүсийг аьчирч болдоггүйм уу Ерөнхийлөгч өө

13  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 02 сарын 08

Mongoloo gej bgaa elgen haluun setgeltei ene saihan tuulicn bilig awyastai hunee mongol nutag ni olgiidon awah boltugai

8  |  0
MONGOL (202.179.24.50) 2019 оны 02 сарын 10

Tun udahgui MONGOL dahin mandah bolno.Itgelee buu aldaaraa.Elbegdorj yah ve tsag zuuriin alia salbadai, tuunii ue har tsag ueteigee ongor ch baina. Hulgana jilees MONGOLIIN MONH -TENGERIIN TSAG ehelnee.Bid negdeh bolno.Dahin delhiin chihiig deldiilgeh bolno.

7  |  0
Zochin(103.229.121.150) 2019 оны 02 сарын 07

Yamar mundag hun bee.. Tani hysel bieleh boltugai.... Amjilt hysie..

5  |  0
Mngl(202.9.44.36) 2019 оны 02 сарын 07

Vneniig yarjee demjie

11  |  0
Top