Нэмэгтийн хөндийгөөс ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН шинэ төрөл зүйл илэрчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 07

Овираптозавр буюу орчин цагийн шувуутай адилхан байсан үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл Монголын нутгаас илрүүлснийг Өмнөд Солонгосын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс олдсон шинэ төрөл зүйлийн олдворыг Говьраптор гэж нэрлэсэн байна. Шинэ төрөл зүйлийн судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй аж.

 

Энэ төрөл зүйл нь шүдгүй, тухайн цаг үеийн бичил биетэн, ургамлаар хооллодог байсан болохыг тогтоосон юм. Энэ төрөл зүйлийн олдвор Хятад, Хойд Америкийн нутгаас ихэвчлэн олддог ч Нэмэгтийн хөндийгөөс олдсон олдвор нь зарим нэг талаараа дээрх олдворуудаас өөр байсан бөгөөд эрдэмтэд Овираптозаврын шинэ төрөл зүйл гэх дүгнэлтэд хүрсэн байна. Говьраптор гэж нэрлэсэн уг олдворын эрүү нь ижил төрлийн араг яснаас жижиг байжээ.

 

Монголын Шинжлэх ухааны академи болон Сөүлийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажил одоо ч үргэлжилж байгааг “Эврика Алерт” шинжлэх ухааны сэтгүүл онцолсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.119) 2019 оны 02 сарын 09

МОНГОЛЫН ИХ ГОВЬ МӨН Ч ИХ НУУЦЫГ ХАДГАЛЖ БАЙГААДАА.

Top