972 айлын ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ хэзээ ашиглалтад орох вэ?

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Түрээсийн орон сууц хэзээ ашиглалтад орох талаарх мэдээллийг иргэдийн зүгээс ихээхэн сонирхдог. Учир нь иргэд орон сууцыг хямд өртгөөр түрээслэн хуримтлал үүсгэх замаар орон сууцтай болох боломжийг эрэлхийлж буй. Мөн түрээсэлж байгаад өмчлөх боломжийг судалж байгаагаа ч салбарын удирдлагууд хэлдэг.


Х.Баделхан: “Буянт-Ухаа 2” хорооллыг зохих хэмжээгээр түрээсээр олгоно 


 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлэхдээ “Буянт-Ухаа 2” хороололд түрээсийн орон сууцны зориулалтаар 972 айлын орон сууц баригдаж байгаа. 972 айлын хэдэн хувийг түрээслэх, хэдэн хувийг борлуулах нь одоохондоо шийдэгдээгүй. Шийдвэрийг Засгийн газар гаргана. Гэхдээ тэр орон сууц төрийн бодлогоор төрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа учраас зохих хэмжээгээр түрээсээр олгоно.

 

Энэ барилгыг ашиглалтад оруулахад нийт 71 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд байна. Ингээд бодохоор метр квадрат нь 1.300.000 – 1.400.000 төгрөг орчим болж байгаа. Хөгжлийн банкнаас гарсан 71 тэрбум төгрөгийг шийдчих юм бол түрээсээр ашиглах боломжтой” хэмээсэн. Тэрбээр мөн “Буянт-Ухаа 2” хороолол бүрэн ашиглалтад орж дуусахад дулааны холболтын асуудал үүсээд байгааг хэлж байсан юм.

 

Б.Мөнхбаатар: 972 айлыг дулаанд холбоход бэлэн болсон

 

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын дулааны асуудлыг БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатараас тодруулахад “Ерөнхийлөгч Х.Баттулга Хот байгуулалтын сайд байхдаа Буянт-Ухаа орчимд дэд бүтэц тавьж эхэлсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар л дэд бүтэц нь ашиглалтад орж дуусч байгаа. Дулааны шугамын 4 тэрбум төгрөгийг манай яам хөөцөлдөж байж, 972 айлтай холбоход бэлэн болоод байна. Энэ хүрээнд түрээсийн орон сууцны журмуудыг боловсронгуй болгох шаардлага гарч байгаа. Нийгмийн зүгээс зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангахыг мөн шаардаж байгаа. Нөгөө талаар түрээсийн орон сууцаа өмчилж авах сонирхолтой хүмүүс бий. Бид журмыг боловсруулж, бусад яамдын саналыг авч ажиллаж байна” гэсэн хариулт өглөө.

 

С.Дотнобилиг: Дулаанд холбосон нөхцөлд 45 хоногийн дотор ашиглалтад өгнө


 

“Буянт-Ухаа 2” хорооллыг Засгийн газрын захиалгаар Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний бүтээн байгуулалтын корпораци барьж байгаа. Тус корпорацийн зүгээс “Буянт-Ухаа 2” хорооллын үргэлжлэл 972 айлын орон сууцны барилгын дулааныг өгсөн нөхцөлд 45 хоногийн дотор ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн гэсэн юм.

 

Энэ талаар Үндсэний бүтээн байгуулалтын корпорацийн гүйцэтгэх захирал С.Дотнобилиг “Гүйцэтгэгч байгууллагуудын зүгээс дулаан ирсэн тохиолдолд заслалын ажлыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ажиллахаар бүх талын бэлтгэлийг хангаад байна. Бид боломжтой бүхий л аргаар ажлаа явуулсаар 2019.01.10 хүртэл гадна тохижилтын ажлыг хийж дуусгасан. Одоогоор ажил зогссон байна. 2019.03.01-нээс дулаан ирнэ гэсэн төсөөлөлтэй байна” гэж тайлбарлалаа. Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн зүгээс өмнө нь ашиглалтад орсон “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын ашиглалтыг доголдуулахгүйгээр дулаанаа өгөхөд анхаарахыг хүсч байлаа.

 

Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын үргэлжлэл 972 айлын орон сууцны барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ хүрээнд 972 айлын 18 блок барилгын гадна заслал 100 хувь дууссан бол дотор заслал 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Өөрөө хэлбэл, паркетан шалаа шахаж, обойгоо наагаад тоноглолуудынхаа тохируулгыг хийгээд л оршин суугчдаа хүлээж авахад бэлэн болоод байгаа юм байна.

 

Ж.Хичээнгүй: Гурван шийдлийг БХБ-ын яаманд хүргүүлсэн байгаа


 

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг борлуулах эсэх болон түрээслэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх учиртай. Тус хорооллын хэдэн хувийг түрээслэхээр шийдвэрлэхтэй холбогдуулан түрээсийн журамд өөрчлөлт орох талаар яригдаж байгаа юм байна. Энэ талаар "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй тайлбарлахдаа “Яг одоо бол бид барилгыг ашиглалтад оруулах үүрэг хүлээгээд ажиллаж байна. Барилга дууссаны дараа энэ асуудлыг Засгийн газарт Барилга хот байгуулалтын яамаар дамжуулж тавьснаар Засгийн газраас тухайн барилгыг худалдан борлуулах уу эсвэл түрээслэх үү, магадгүй түрээслэвэл ямар журмаар хэрхэн шийдвэрлэх вэ гээд тухайн үед бүрэн шийдэгдэнэ.

 

Ер нь 972 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй байгаа. Бид нар уг нь энэ хоёрдугаар сард дуусгах хуваарьтай байсан ч дэд бүтцийн асуудал дээр шугам трассыг өөрчлөх шаардлага гарсан. Энэ ажлууд дээр тодорхой хэмжээний хүндрэлүүд учраад барилгын ажил ерөнхийдөө хойшилж байна. Ирэх гуравдугаар сард багтаад дулааны эх үүсвэрээ хангаад авчихна гэсэн мэдээлэлтэй явж байна. Дулааны эх үүсвэрээр хангагдсан тохиолдолд хоёр сарын хугацаанд дотоод заслыг ажлыг хийж дуусгаад иргэдийг хамруулах ажил бэлэн болох юм” гэлээ.

 

Түүнчлэн “Түрээс байрны үнийг өөрчилнө гэж байсан. Шинээр үнэ тогтоосон уу” хэмээн лавлахад “Одоо бол түрээсийн орон сууцны үнэ метр квадрат нь Улаанбаатар хотод 6000 төгрөг, хөдөө орон нутагт 4500 төгрөг хэвээрээ байгаа. Энэ жишиг цаашдаа хадгалагдаад явж болно. Ер нь бол иргэдэд энэ түрээсийн байрыг нь өмчлүүлэхийн тулд төлбөр дээр өөрчлөлт орох шаардлагатай. Мэдээж энэ 6000 гэдэг үнэ чинь нэмэгдэж байж өмчлөх асуудал нь нээгдэнэ. Тэгээд түрээсээрээ явах нь түрээсээрээ, өмчлөх сонирхолтой нь өмчлөөд холимог системээр явна. Бид гурван шийдлийг барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.91.115.39) 2019 оны 02 сарын 16

Түрээслэгчдийг ямар аргаар сонгон шалгаруулах вэ энэ талаарх хүсэлтээ хаана уламжлах вэ

Zichin(202.9.42.3) 2019 оны 02 сарын 11

Yamar jurmaar yaj tureesluuleh n bol medeelelee oruulmaar bna. Tegvel huvi hund bish kompanid mongoo ogood bval amar l yuma. Bairtai boloh bolomj bna.

Odnoo(202.9.43.1) 2019 оны 02 сарын 10

Ymar utsar holbogdoh be hezee ashiglaltand oroh be

Ariunaa(202.21.106.129) 2019 оны 02 сарын 09

Negent barij bgaa ym chini chanartai barisan ni deer shu. Turiinh geheeree chanar muu boljchdog shu

boloroo(66.181.161.69) 2019 оны 02 сарын 09

hi

Дашка(66.181.161.28) 2019 оны 02 сарын 09

Холбогдох утасны дугаар өгөх боломжтой юу

Top