Х.Баттулга: Хоёр том хөршийн дунд ардчилал ярьсан нэг монгол байгаа...

2019 оны 02 сарын 09

Улс төрийн тогооны ширэм жам ёсоор  улайсч, хурц үйл явдлуудаар арвин байсан 2012 оны дөрөвдүгээр сард Х.Баттулга гишүүнээс энэ ярилцлагыг авч байжээ. Тухайн үед түүнийг “ганцаардчихлаа”  гэж хэвлэлийнхэн бичиж байлаа. Тэгвэл өнөөдөр тэр Ерөнхийлөгчийн суудалд сууж байна.


Олны анхааралд байгаа асуудлуудын үнэн, худлыг дэнслэхийн төлөөх эрэлхийлэл сонгууль ойртох тусам зөв үр дүнд хүрэх эсэхэд эргэлзмээр дүр зураг ноёлчихдог. Гэхдээ тодорхой хугацааны дараа  их улс төржилт намжсан тэр үед эргээд нэг харахад нөхцөл байдал ямар байх бол...? гэсэн асуулт дагаж байдаг.


Өнөөдрийн тухайд улс төрийн тогоон дахь бужигнаан циклийн дагуу намжих төлөвтэй. Гэхдээ шинэ сонгууль дөхсөн тул шинэ үйл явдлууд  хөврөх нь гарцаагүй биз ээ.

 

 

-Хэвлэлийнхэн “Х.Баттулга намдаа, улс төрд ганцаардаж байна” гэж  бичсэнийг цөөнгүй харлаа.  Нөхцөл байдал ингэж харахад хүргэж байгаа. Тиймээс таниас шууд л асууя. Та үнэхээр ганцаардаж байна уу?

 

-Би өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлуудын эх үүсвэр, ундарга нь хаана байна вэ гэдгийг л ярьж байгаа. Гэхдээ ийм асуудал зөвхөн Монголд байдаг юм биш. Дэлхийн улс орнуудад, ялангуяа баялгийн асуудалтай холбоотойгоор нийгэмд сөрөг асуудлууд үүсч улмаар бугшдаг. Харин тэр тухай хэлж ярихгүйгээр, уудлахгүйгээр үгүй хийнэ гэж байхгүй. Тиймээс ярих ёстой. Ер нь бол баялгийн тухай яригдаад ирэхээр гадныхан тодорхой хэмжээний эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөний донтой хүмүүст анхаарал тавьдаг. Тэдгээр хүмүүсийг сонгуулиар дэмжиж гаргадаг. Харин тэрнийхээ хариуд асар их зүйлийг зохицуулах үүрэг хүлээлгэдэг. Зохицуулж өгсөний хариуд бас хувь өгдөг ч юм уу. Нөхцөл байдал тийм л байна. Харин тэр тухай, гол ундаргыг нь ярьчихаар “энэ нөхрийн үгийг үнэгүйдүүлье. Тэгэхийн тулд ямар нэг байдлаар ганцаардуулъя” гэсэн хандлага байхыг үгүйсгэхгүй. Ганцаардсан хүн чинь яадаг юм бэ. Сэтгэлээр унана, бууж өгнө гэхчлэн чамгүй юм болж таарна. Тийм арга, технологи ч байдаг юм. Тэр технологи явж л байгаа.

 

-Технологийн дагуу асуудал явагдаж байгаа гэж та хэллээ. Нэг хүн биш бүлэглэлийн  зүгээс  салхилж байгаа салхи бол аюултай биш үү?

 

-Гэхдээ тийм аюултай юм болохгүй болов уу л гэж горьдож байна. Би дөнгөж өчигдөрхөн болсон асуудлуудыг өнөөдөр яриад байгаа юм биш. Сүүлийн арваад жилтэй холбогдох болж бүтэхгүй зүйлсийн тухай ярьж байна. Энэ хугацаанд тунгалаг засаглал гэж ярьцгаалаа. Авлигатай тэмцэх газар ч гэж байгууллаа. Эргээд харахад үр дүн нь хаана байна. АТГ-ынх нь анхны дарга нь нас барж, дараагийнх нь дарга орон шоронд орлоо гэхчлэн харахаар бас л нэг но байдаг л юм шиг. Би сайн мэдэхгүй л дээ. Таны яриад байгаачлан тэр ганцаардуулах энээ тэрээ гэсэн асуудал ч явдаг л байх. Миний хувьд, ямар ч байсан одоохондоо тийм асуудал болоогүй л байна гэж бодож байна.

 

-Болж бүтэхгүй байгаа асуудлуудын эх үүсвэр, ундаргын тухай ярьж байгаа гэж Та хэлж байна. Гэхдээ таны хэлж яриад байгаа зүйлсийг MCS групп УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын хоорондох тэмцэл гэж харагсад ч бас байгаа?

 

-Тийм хэлбэр лүү мушгиад байна. Зохион байгуулалттай л хийж байгаа юм. Бизнес хоорондын маргалдаан юм шиг болгочихоор олон нийт төдийлөн тоохгүй орхичихно гэж тооцоолж байгаа байх. Уг нь үндэстэн болгонд язгуур эрх ашиг гэж бий. Үндсэн хуулиар баталгаажуулчихсан Үндэсний язгуур эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар ярьж байгаа асуудлыг компанийн тэмцэл мэт болгоод ойлгуулчихвал хэн ч тоохгүй л гэсэн арга юм. Тэрнээс биш бидний хувьд өөр, өөр чиглэлийн бизнестэй. Өрсөлдөөд байх юм байхгүй. Тэдний тухайд хийгээд, бүтээгээд байгаа зүйлсэд нь үнэхээр бахархмаар зүйл ч бий. Харин төрийн бодлогыг даган баясахгүйгээр, төрийн бодлогыг дагуулан баясаад, төрийн бодлогыг үнэгүйдүүлээд байгааг нь л шүүмжлээд байна. Нэгэнтээ төр улс байгаа бол бодлого гарах ёстой. Бодлого гарсан бол хэрэгжих ёстой.

 

Ер нь бол энд компаниасаа илүү, худалдагдаад байгаа албан тушаалтангууд, тэр сайд нар гол буруутангууд.

 

-Ний нуугүй хэлэхэд хэвлэлийнхэн хэдийнэ олж хараад бичиж байх ёстой зүйлсийн талаар Та нилээдгүй ярьж байгаа. Тухайлбал, тэр Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоол бол ЭБЭХЯ-ны веб сайтад бүрэн эхээрээ байгаад байдаг..

 

-Би та нарыг шүүмжлээд байгаа чинь тэр байхгүй юу. Хэвлэл мэдээллийг Дөрөв дэх засаглал гэдэг ч, үнэндээ худалдагдчихсан. Урьд нь архины мөнгөнд явдаг байсан бол одоо нүүрсний мөнгөнд явдаг болчихсон. Тэгэхээр тэр тунгалаг засаглал энээ тэрээ гэсэн юм чинь бүтэхгүй гэсэн үг. Жишээ нь, би одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярилаа гэхэд маш их мөнгө нэхэж байна. Мэдээллүүд гарахгүй байна. Гэтэл би шүү дээ. Тэгэхээр жирийн иргэн яах юм бэ. Бүр л чадахгүй юм байна гэж харахаас өөр арга алга.

 

-Гэхдээ Танд С1 телевиз бас Ардчилал сонин байгаа шүү дээ?

 

-Ганц телевизээр ярилаа гээд олон нийтэд хүрэх хүрц нь юу билээ. Дор хаяж таван телевизээр ярьж байж хүнд хүрнэ. Өнөөдөр 20-иод телевиз мэдээлэл цацаж байна. Айлуудын олонх нь гэртээ нэг л зурагттай. Тэгээд кабельтай бол нэг зурагтаараа 60-70 суваг ээлжилж үзэж байгаа. Тэгээд бодохоор нэг сувгаар ярилаа гэхэд ард түмэнд яаж, ямар байдлаар хүрч чадах вэ.

 

-Гурван жил гаруйн хугацаанд хамтарсан Засгийн газраас АН гарах үед Та “бодитоор хүрз жоотуу хангинаж чадсангүй” гэж хэлж байсан. Ер нь хамтраад төдийлөн үр дүнд хүрэхгүй гэдгийг Таныг анхнаасаа гадарлаж байсан гэж ойлгож болох уу. Та тэр үед нь яагаад тод дуугарсангүй вэ?

 

-Гурван жил гэдэг харьцангуй урт хугацаа юм шиг мөртлөө эргээд харахад богинохон байсан юм байна. 2008 оны есдүгээр сард хамтарсан Засгийн газар байгуулагдсан. 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр хүртэл Хөгжлийн бодлогын программ дээрээ суусан. Хөгжлийн бодлогын программ УИХ-аар батлагдаж байж ажил явна. Программ батлагдаагүй байхад урсгал ажил явна уу гэхээс гол ажлууд бол үгүй л дээ. Миний бухимдаад яриад байгаа зүйл бол, 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-аас батласан Хөгжлийн программыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой байсан.

 

2010 оны зургадугаар сард Хөгжлийн программ батлагдсан гэдэг маань мөн оныхоо аравдугаар сар хүртэл тэр программын дагуу ажил явах ёстой. Цаас нь бэлтгэгдэх ёстой гэсэн үг. Баримт бичиг батлагдах хүртэлх хугацаанд ийм ийм ажлуудыг явуулах суурь нь болсон программ батлагдана гэсэн мэдээллүүд байсан. Тиймээс Хөгжлийн программ батлагдсан бол бодитоор хүрз жоотуугаа хангинуулах ажил руугаа орох ёстой. Гэхдээ хүрз, жоотуу руу орохын тулд цаас орно. Цаас гэдэг нь чи бид хоёр суугаад ярилцлага хийж байгаа шиг юм биш. Дэлхийн банк өөр хаанах ч байдаг юм бэ. Их хэмжээний мөнгөн дээр очих тул мэргэжлийн төвшинд боловсруулсан, үндэслэлтэй, суурьтай баримт бичиг байх ёстой. Тэр материал нь өөрөө асар үнэтэй байдаг ч юм уу. Асуудлууд бий л дээ. Тэрнээс хамтарсан засагт ороод л юу юугүй энэ чинь болохоо байлаа гээд байх юм биш. Хүмүүс тэр болгоныг мэдэхгүй болохоор анхнаасаа хэлэхгүй яасан юм бэ гэж хараад байх шиг байна.

 

Бодлого бол 2010 оны зургадугаар сард батлагдсан. 2011 оны хавар “за энэ хавраас ажил эхлүүлнэ. Мөнгө бүтнээ” гэдэг хүлээлт үүсээд явсан. Ерөнхийдөө энэ хооронд би хэвлэлд 2-3 удаа ярилцлага өгөхдөө “ажил явахгүй байнаа” гэдгийг хэлж байсан. Харин Ардчилсан нам Засгийн газраас 2012 оны хоёрдугаар сард гарсан шүү дээ.

 

-Хамтарсны үр дүнд хүрч чадсан ололттой зүйлийг Та хэлээч?

 

-Нэг урагшилсан юм нь түрүүн хэлсэнчлэн Хөгжлийн программ гэдэг юмыг УИХ батласан. Ер нь Засгийн газраас оруулсан бүх асуудлуудыг УИХ-аас батлаж өгсөн. Энэ бол нэг том дэвшил. Өмнө нь Монгол Улсын Хөгжлийн программ гэж байгаагүй. 30, 40, 70, 80-н онуудад Монгол Улсын Хөгжлийн программ гэдэг юмыг Кремльд Оросуудын бодлогоор хийдэг байсан. Тухайн үед Оросоос хамаарсан нийгмээ хүлээн зөвшөөрсөн анхны орон нь Монгол байсан. Тиймээс ч тэр улс нь дэлхий дахинд халтар царайтай харагдах ёсгүй. Нүүрээ угаасан хүүхэд шиг үзэгдэх ёстой тул Оросын мэргэжилтнүүд манай хөгжлийн программыг өөрсдийн бодлогоор хийж өгдөг байсан. 1990 оноос хойш бол тэднээр хийлгээгүйг бид мэдэж байгаа. Харин 2010 онд өөрсдөө хийсэн. Үүгээрээ ч энэ УИХ тодорхой хугацааны дараа түүхэнд үлдэж, яригдах байх.

 

-Ингэхэд таньд   уул уурхайн бизнес бий юу?

 

-Өмнө нь ганц нэг алтны уурхай байсныг зарсан. Одоо манайхан нүүрснээс шингэн түлш боловсруулах төсөл дээр ажиллаж байгаа. Мөн уул уурхайн боловсон хүчин бэлтгэх сургалтын чиглэлийн ажлыг нэг компани хариуцан хийж байна. Тэнд би оролцоотой байдаг.

 

Ер нь Монгол Улсад нефтиэ боловсруулж чаддаггүй, маш том алдаа бий. Нефтийн бүтээгдэхүүний хувьд гадны хараат гэдгээ яриад л байдаг. Ярихаас гадна бодлогын хувьд боловсруулж, бодит ажил болгох ёстой. Хүрэн нүүрснээс шингэн түлш гаргадаг Германы технологи бий. Тэр технологийг Төгрөг нуурын ордын нүүрсэнд тулгуурлаж, нэвтрүүлэх гэж сүүлийн 5-6 жил энэ төсөл дээр явж байна. Одоо ч гэсэн зүтгүүлээд явж байна. Гэхдээ үүнийг хийхийн тулд асар их мөнгө хэрэгтэй. Төр оролцох ёстой. Уул уурхайтай холбоотой зүйл гэвэл ийм л нэг төсөл байгаа.

 

-Сая Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн айлчлалын хүрээнд нүүрсийг шингэрүүлж түлш гаргах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгүүдэд талууд гарын үсэг зурцгаасан. Энэ чиглэлийн технологи болоод тоног төхөөрөмж нийлүүлэх тухай хоёр ч Санамж бичигт MCS групп гарын үсэг зурсан. Тэгэхээр тэд төрийн дэмжлэгийг авчихаад байгаа харагдаж байна л даа?

 

-Хэн хийх нь хамаагүй. Ямар нэг байдлаар хийх нь чухал байна. Яагаад гэдгийг тодорхой болгох үүднээс их энгийнээр жишээ татъя л даа. “Чи ганц бие. Чамд уух ус байхгүй. Харин надад ус байгаа. Тиймээс чиний ам цангахаар над дээр ирж мөнгө төлөөд ус авахаас өөр арга байхгүй. Тиймээс ч авдаг. Гэтэл чи гэр бүлтэй боллоо. 3-4 хүүхэдтэй боллоо. Өмнө нь чи ганцаараа надаас хараат байсан бол одоо гэр бүлээрээ миний хараат болж байна. Өмнө нь чиний нэг өдрийн усны хэрэгцээ нэг литр байсан бол гэр бүлээрээ хараат болсоноор хэмжээ нь улам бүр нэмэгдэнэ. Надаас 3, 4, 5 дахин хараат болж байна гэсэн үг. Ганцаараа хараат байхад бол төдийлөн асуудал байхгүй байж болно. Гэтэл одоо Монгол Улсын хөгжил гэдгийг нэг талаас Эрдэнэт шиг 4-5 үйлдвэртэй болох тухай яриад байна. Тэгвэл тэдгээр үйлдвэрүүд чинь бүгдээрээ тос дизельтэй байж хөдөлнө. Тэгэхээр миний түрүүний жишээлээд байсанчлан тэр чинээгээр бүгдээрээ улам л хараат болно гэсэн үг. Тиймээс яадаг ч байсан, залхуурахгүйгээр өөрсдөө дотооддоо худаг усаа гаргаж ирэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд чи хэдэн ч хүүхэдтэй болсон надаас хамааралгүй юм чинь болж байна. Дизель, шингэн түлшний хараат байдлаа шийдэж чадаагүй хэрнээ, баахан “хүүхэд” төрүүлчихдэг. Тэгсэн нөгөө тал крантаа хаачихвал яах юм бэ. Тэгэхээр үүнийг харсан бодлого байх ёстой.

 

-Таныг их хор шартай гэдэг юм билээ. Бизнесийн талбарт их амжилтад хүрэхийн тулд чамгүй их алдаж, түүнээсээ суралцаж, хор шараараа ирлэгдэж явсан байх. Харин хор шар гэдэг ойлголт улстөртэй хэр зохицдог юм бол?

 

-Хор шар бол ялахын төлөөх тэмцлийн нэг илрэл. Хор шар байхгүй бол амьдрал сонирхолгүй л байх болно.

 

Улс төрийн тухайд бол, манай улс төр ч гэж дээ, хөөрхий минь. Одоо энэ байж байгаа хүмүүсийг нь та нар хар л даа. Ярьж байгаа юмыг нь сонс. Том бодлого ярьдаг хүн байхгүй. Бодлого ярьж чадахгүй бол улстөрч мөн үү. Ирээдүйгээ 30, 40, 50 жилээр харах ёстой байтал, дөрвөн жилийн улс төр хийдэг л хүмүүс байна шүү дээ. Энэ байдлыг өөрчлөхгүй бол улс төр биш. Тэр хор шар бол бүр 36 дахь асуудал. Манай улстөрчид геополитик мэддэг байх хэрэгтэй. Олон хэл мэддэг байх бол асуудал биш. Хэл мэдэхгүй ч байж болно. Харин өнөөдөр дэлхий дахинаа болоод байгаа асуудлуудыг геополитикийн үүднээс хардаг, ойлгодог байх хэрэгтэй. Монгол Улс хаана байгаа юм. Солонгос, Япон гэж юу юм. Орос, Хятадын бодлого гэж юу юм бэ. Америкийн бодлого юу билээ. Бид өмнө нь ямар байсан. Одоо ямар байна. Цаашид яах ёстой вэ. Бидэнд юу байгаа юм бэ гэдгийг, тэр бодлогыг хардаг болж байж улстөрч болно уу гэхээс тэнд явагдаж байгаа лицензний наймаанд орчих юмсан гэсэн хандлагаар бол бүтэхгүй. Яахав, манай улстөрчид их л олон айлчлал хийдэг. Гэхдээ тэр айлчлалууд үнэн өрөвдмөөр болдог. Худлаа баахан санамж бичгүүд хийгээд л. Нэг хүн Ерөнхий сайд болохоор дагаад л бөөн айлчлал болно. Уг нь өмнөх сайд нь айлчлал хийчихсэн л байдаг. Гэтэл заавал тэр улс оронд нь айлчилж зураг авахуулах сонирхолтой байдаг юм уу, хувийн намтараа баяжуулах гэдэг юм уу, яадаг юм. Зардал гаргаад л, үр дүнгүй айлчлал хийгээд байдаг. Би бол айлчлалуудыг тэгж л хардаг. Олон ч дарга нарыг дагаж наашаа цаашаа явлаа. Үр дүн харагддаггүй юм.

 

-Тэгвэл геополитикийн хувьд Оросууд манай нүүрсийг өөрийн нутаг дээгүүрх төмөр замаараа дамжуулан гуравдагч зах зээлд хүргэхийг зөвшөөрөх болов уу?

 

-Яаж ярихаас л болно. Дэлхий айдаг хоёр том хөршийн дунд ардчилал ярьсан нэг монгол байгаа. Энэ бол геополитикийн асуудал. Нууц байх ёстой. Төмөр зам барих, бариулах, яаж барих вэ гэдэг чинь бүгд нууц байх ёстой. Тэр Хууль зүйн сайд шиг мангартаад гаргаад, задлаад сууж байх ёстой юм биш. Энэ чинь улсын нууц. Манай улс далайд гарцгүй. Ийм улсын нууцыг хамаа замбараагүй яриад сууж байдаг сайдтай байгаад хэлэх муу үг олдохгүй байна. Мэдээж хоёр хөршид маань биднийг хөгжүүлэх ямар ч бодлого байхгүй. Тэдэнтэй яаж ярилцах вэ, яаж хэлэлцээ хийх вэ гэдэг чинь дипломат ёс. Өөр бусад янз бүрийн туршлагууд шаардана. Бид туршлагуудыг ашиглаад явах хэрэгтэй. Америк бол энэ хоёр орноос л айдаг шүү дээ, ер нь бол. Гэхдээ амьдрал баян. Баяжиж байгаа газрын баян бодлогууд дотор бид орох ёстой. Газрын мухарт хэвтээд байвал хэн ч биднийг тоохгүй шүү дээ.

 

-Ярилцах цаг бага байгаа учраас сэдвээ өөрчлөх нь зөв байх гэж бодож байна. Та улстөрч. Харин таны бизнесийн замналын тухай уншиж байхад  өдийг хүрэх гэж үнэхээр “их юм үзсэн” хүн байна гэж бодож байлаа...

 

-Их юм үзнэ гэдэг чинь улс орон хөгжөөд байвал хүн муу юмаа бага үзнэ. Улс орон ядуу байвал муу юмаа их үзнэ гэсэн үг л дээ. Тиймээс тэр муу юмыг нь бага үзүүлэх гээд л яриад байгаа ухаантай юм. Хүн ядуу байвал муу юм л үзээд байна. Өвчин зовлон, үхэл хагацал гээд муу бүхэнтэй илүү ойр байна. Миний санаа бол ийм юмыг л багасгах гээд байгаа юм. Хар л даа. Өнөөдөр нэг нас хүрээгүй хүүхдийн үхэл хэд болж байна. Утаатай холбоотой өвчлөл хэд болж байна. Хэвлийдээ зулбаж байгаа хүүхдүүд хэчнээн байна. Улс орон олигтой бол иргэдийн хувьд ийм юм үзэхгүй байх ёстой л гэж яриад байгаа юм. Миний хувьд нэг их айхтар амьдрал туулчихсан ч юм биш. Тухайн үед нийгэм тийм л байсан.

 

-Гэхдээ л тэр номонд бичсэнээр бол амьдрал таныг нилээдгүй шалгаж л гэж ойлгож байгаа...

 

-Аль номыг уншсаныг чинь би мэдэхгүй...

 

-”Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” гээд...

 

-Аан. Тэр бол бүгдээрээ л үнэн юмнууд. Ерэн оноос өмнө бол бид бүгдээрээ шал өөр нийгэмд амьдарч байсан. Нийгэм гэнэт өөрчлөгдчихөөр хөл, толгойгоо алдах үзэгдэл хавтгай болж байгаа юм л даа. Тэр хүртэл сонсож байсан сургааль тэс өөр болж, бид шинэ нийгэмд хөл тавихад ямар ч гарын авлага байхгүй байсан. Гэхдээ амьдрах ёстой. Жишээлж хэлэхэд, усанд огт сэлж үзээгүй, чаддаггүй хүнийг далайн эрэг дээр аваачаад сэл гээд түлхэж байгаатай адилхан юм. Тэр хүний өмнө дөрвөн мөчөөрөө хөдлөхгүй бол живж үхэх, эсвэл сэлж сурах гэсэн хоёр л зам байгаа. Тухайн үед бид ийм нийгэм рүү орсон. Тиймээс үхэхгүйн төлөө янз бүрийн л юм сурахаас өөр сонголтгүй байсан.

 

-Та багадаа оёдог, хатгадаг, зурдаг гээд л бусад эрэгтэй хүүхдүүдээс их өөр хүүхэд байсан юм билээ...

 

-Аав маань их гарын дүйтэй хүн байсан юм. Тэгэхээр дагасан болов уу. Багаасаа л зураач болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тиймээс ч юм сэтгээд, оёод сурчихсан. Үеийнхээ хүүхдүүдэд янз бүрийн юм оёж өгөх, футволкон дээр зураг зурах гээд л, тэр талын сонирхолдоо илүү хөтлөгдсөн хүүхэд байсан байх.

 

-Ингэхэд Дүрслэх урлагийн дунд сургууль руу багшийнхаа зөвлөгөөний дагуу явсан гэл үү?

 

-Тэгсэн. Ангийн багш чинь хүүхдүүдийнхээ хэн нь юунд илүү сонирхолтой байгааг мэддэг шүү дээ. Тиймээс ч намайг тийшээ очоод шалгалт өг гэсэн юм. Би ч өөрөө үнэхээр дуртай бас жаахан авьяас байсан учраас шалгалт өгөөд, тэнцсэн. Тэгж л ДУдуС-д орж төгссөн юм.

 

-Та аавынхаа гарын дүйг өвлөсөн тухайгаа түрүүн дурсаад өнгөрлөө. Сүүлийн үед та урьд өмнөхөөс илүүтэй хэл аман дунд байх шиг байна. Ийм үед аав нь байсан бол юу гэж зөвлөх байсан бол?

 

-Аав ер нь нэг их юм хэлдэггүй юм. Хааяа л товчхон үг хэлдэг. Ер нь хүн болгон л эцэг эхээсээ төрхийг нь, зан аашийг нь, авъяасыг нь гэхчлэн бүхий л зүйлийг өвлөж авдаг. Дээр үеийн хүмүүсийн гол чанар нь хөдөлмөрийн төлөө төрчихсөн юм шиг л байдаг. Аав маань ч яг л тийм хүн байсан. Тиймээс ч хүүхдүүддээ хөдөлмөрч чанарыг суулгах гэж оролдож байсан үйлдлүүдийг нь одоо бүүр сүүлд нь ойлгож байгаа юм л даа.

 

-Одоо бодоход Та аавыгаа хамгийн ихээр баярлуулж байсан үе хэзээ вэ?

 

-Яг тэр үед л гэж хэлж мэдэхгүй байна. Хүн эцэг, эхээ баярлуулаад л яваад байх ёстой болов уу. Ер нь хүүхэд нь сайн явж байвал эцэг, эх хүн баярладаг байх. Бид ч гэсэн одоо тийм шүү дээ. Хүүхэд сайн л явж байвал баярладаг юм.


-Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.


Э.БОЛОРХАЖИД

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
narangerel(64.119.22.11) 2019 оны 02 сарын 12

saihan yariltslaga bna. yndesnii yhaalag menejer baigaagvi bol mahkombinat. talh chihrin vildburuu aldsan bol yana. тэр 2 том уйлдвэр олон жил маш сайхан жигд вжиллаж биднийг тэжээж бна даа.

0  |  0
uhaarahgui baisaar b(124.126.2.106) 2019 оны 02 сарын 12

Eeregeer helbel shiliin sain er, sorogoor ni helbel deeremchin setgelegeereer ulsiig udirdahgui ee, Uls tor .niigmiin asuudlaar yarih argagui ee,giopolitik gevel bur yarih yum bish. Heg asuudliig heden helnees unshlaa gehed heden talaas ni harj taarna.uls tor niigmiin asuudliig ch mon adil olon ontsgoos ni harj negtgen sudlah bolomjtoigooroo helgui hunees hool iluu . Ene bugdiin ach holbogdol,une tseniig odoo her ni oilgoogui baij busdiig ”yamar yumniih ni uls torch baihav”gej hereggui bizdee.

1  |  1
uhaarahgui baisaar b(124.126.2.106) 2019 оны 02 сарын 10

Eeregeer helbel shiliin sain er, sorogoor ni helbel deeremchin setgelegeereer ulsiig udirdahgui ee, Uls tor .niigmiin asuudlaar yarih argagui ee,giopolitik gevel bur yarih yum bish. Heg asuudliig heden helnees unshlaa gehed heden talaas ni harj taarna.uls tor niigmiin asuudliig ch mon adil olon ontsgoos ni harj negtgen sudlah bolomjtoigooroo helgui hunees hool iluu . Ene bugdiin ach holbogdol,une tseniig odoo her ni oilgoogui baij busdiig ”yamar yumniih ni uls torch baihav”gej hereggui bizdee.

0  |  0
бат (66.181.160.66) 2019 оны 02 сарын 11

жинхэнэ монгол хүн

0  |  1
Zochin(70.187.118.197) 2019 оны 02 сарын 10

Saikhan yariltslaga bolson bn. Ikh ukhaantai shuu. Ene corog comment bichsen khumuus ochij kheregtei.

0  |  1
zochin(202.9.42.49) 2019 оны 02 сарын 12

олон жилийн өмнөх ярилцлага гэхэд ухаалаг байжээ яг л өнөөгийн болж буй үйл явдлыг харсан юм шиг ярьсан байна амжилт

2  |  1
Схдөндөр настан ууд(66.181.191.216) 2019 оны 02 сарын 11

МОНГОЛ УЛС ИЙН ИРГЭДИЙГ АРХИНД ЖИВҮҮЛЖ ХӨРӨНГӨЖСӨН ТӨМӨР ЗАМ ИДСЭНЭЭ МАХ КАМЬБИНАТ АВСАН АА БАЯНГОЛ БУУДАЛ ДЭЭРЭМДЭСНЭЭ ЯРИХ БОЛЖ ДЭЭ.ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ ГУАИ

2  |  0
зочин(103.194.176.117) 2019 оны 02 сарын 10

Үхэснийхэн авъяаслаг бизнесмэн байхав дээ тэд бол монголын баялгыг цөлмөгчид луйварчид олгиархууд тэндий ганц айдаг зүйл бол надаад түрүүлээд хэн их мөнгөжижхэв гэхээс ухаанаа алдтлаа айна

1  |  0
Хоёр том гүрэн(64.119.19.200) 2019 оны 02 сарын 09

Хоёр том хүний хооронд нэг согтуу банди дальжигнаад явахтай адил.

1  |  0
Top