СЭДЭВ | Баян, ядууг үл ялгах хар тамхины хэрэглээ ба ХАР ЗАХ ЗЭЭЛ

2019 оны 02 сарын 13

Манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжүүдийг хөрсөн дээр буулгах шаардлага хүлээн, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байгаа. Мөнгө угаах гэмт хэргийг ӨНДӨР, ДУНД, БАГА эрсдэлтэй гэхчлэн ангилсан байдаг. ФАТФ-ийн зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбогдох эрсдэлтэй гэмт хэргийн тоонд хамгийн багадаа 21 гэмт хэрэг  багтаасны 5 дугаарт Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бусад эм, бодис бэлдмэлийн хууль бус борлуулалт, тээвэрлэлтийн хэрэг нэрлэгддэг.

 

Тэгвэл манай улсын тухайд хар тамхи, мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэг улам бүр өсч байгаа нь мэдээллүүдээс харагдаж байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлд бүртгэгдсэн Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй гэмт хэргийн тоон үзүүлэлтийг харахад 2010-2015 онд Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой 258 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг бол Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2019 оны нэгдүгээр сард гэхэд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан ТАВАН удаагийн үйлдлийг илрүүлээд байна.

 

Хамгийн сүүлийн байдлаар гэхэд өчигдөр /2019.02.12/ хар тамхи тээвэрлэж явсан гурван этгээдийг цагдаагийн байгууллага баривчилсан. Тэднээс хагас тэрбум буюу 500 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хар тамхи илрүүлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ цагдаагийн байгууллага энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

 

Эндээс харахад, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг зөрчлийн цаана хэчнээн төгрөгийн хар зах зээл нууц байдалд байна вэ? Хар тамхины орлогыг угаах процесс явагдаж байна уу гэдэг асуулт анхаарал татах хэмжээнд хэдийнэ хүрчээ.

 

2010-2015 онд бүртгэгдсэн 258 хэргийн 80 нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэсэн тоо байна. Мөн онуудад хамгийн их хөрөнгө битүүмжилсэн 20 гэмт хэргийн төрөлд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис бэлтгэх, олж авах гэмт хэрэг багтсан байгаа юм. Үнийн дүнг нь харахад 282 сая гаруй төгрөг байна. Энэ бол гурван жилийн хугацаанд битүүмжилсэн хөрөнгийн үнийн дүн. Тэгвэл одоо бид нэг л удаагийн баривчилгааны цаана хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэх мөнгөний эргэлт байгаа тухай ярих болж. Бүртгэлгүй байгаа мөнгийг УГААХ гэж байгаа мөнгө гэсэн тодотгол дагадаг. Тэгэхээр хар тамхины зах зээлд эргэлдэж байгаа мөнгө энэ тодотголд хамаарагдаж таарна.

 

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр хар тамхины хэрэглээ газар авч байгаатай холбоотойгоор хэлэхдээ “2017 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 38 хувь, 26-35 насны холбогдогч 88 хувиар өмнөх оныхоос нэмэгдсэн нь энэ асуудал яг л хорт хавдар шиг томорч буйг нотолж байна. Хар тамхинд зориуд донтуулж, ашиг олж бизнес хийж байгаа гэмт этгээдүүд өөрсдийнхөө зах зээлийг тэлэхийг эрмэлзэнэ. Тэр зах зээл нь зөвхөн баян чинээлэг хүмүүсийг онилдог гэсэн үг биш. Амьдралын боломж муутай залуусыг татан оролцуулах замаар дараа дараагийн гэмт хэргийн золиос болгох хандлага бий. Ялангуяа өсвөр насны охид, бүсгүйчүүдийг донтуулаад биеийг нь үнэлүүлэх, хүний наймааны золиос болгох төлөв байдал байгаа нь бидний сэтгэлийг их зовоож байна... Өнгөрсөн оны хавар Засгийн газраас “Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хуулийн машинаар нухчин дарах арга бол хамгийн эцсийн арга хэрэгсэл” гэсэн байдаг.

 

Гаалийн байгууллагын тухайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоосон гэж мэдэгдээд байна.

 

Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД 3 ширхэг, Хашиш 20 гр, Экстази 5 ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн, харьяаллын дагуу шилжүүлжээ.


 

2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр. Нидерланд улсаас 10 ширхэг ЛСД авчирсныг илрүүлжээ.


 

2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Герман улсаас 50 гр “Экстази” авчирчээ.



 

2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Малайз улсаас ирсэн “Ургамалын үр”-нүүдээс хар тамхины агууламж илэрсэн.


 

Тайланд улсаас ирсэн буухиа илгээмжийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис байж болзошгүй үндэслэлээр шалгахад 258 грамм мөс байгааг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


 

Зөрчил, гэмт хэрэгт ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдож байгаа тул эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэд, залууст тавих хараа хяналтаа сайжруулж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон үерхэж нөхөрлөж буй найз нөхдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болохоос сэрэмжлүүлэхийг Гаалийн байгууллагаас  анхааруулж байгаа юм.

 

Хар тамхи, мансууруулах бодисын наймааг дагасан мөнгөний хэмжээ өсөх тусам улс орны амьдралд сөрөг нөлөөллүүд бий болдог. Жишээ татахад, Мексик улс хар тамхины наймаанаас жилд 50 тэрбум ам.долларын орлого олж байгаа ч, зургаан жилийн дотор хууль бус наймааны хөлд дөчөөд мянган хүн амиа алдсан гэсэн статистик байдаг.

 

Тэгвэл 3 сая гаруйхан хүн амтай манай улсын тухайд залуус нь хар тамхины хэрэглээнд живбэл юу болох вэ?

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасансүрэн(202.126.89.137) 2019 оны 02 сарын 15

Илэрсэн хэргийн ихэнх нь хуулийн хариуцлага хүлээгээгүй байна шүүдээ.Ийм сул байхад улам дэлгэрэхгүй өөр яах юмбэ. Толгойг нь илээд дэмжээд байгаа хэиэг бишүү

0  |  0
zochin(66.181.188.201) 2019 оны 02 сарын 14

Gaaliinhan ajlaa muu hiij bna.ANU-s orj irdeg kargo nertei konteineruudig sain shalgah heregtei.ted er n ulsad tatvar tulduguu?

0  |  0
зочин(202.9.43.192) 2019 оны 02 сарын 13

зарсан хүнийг газар дээр нь бууд

0  |  0
иргэн,(202.179.26.43) 2019 оны 02 сарын 15

энэ Хар тамхины хэрэглээ ч Баячуулын хүүхдүүдын л хэрэглээ байх дөө Ядуу айлын хүүхэд хэрэглэе ч гэсэн Хулгай дээрэм хийж л мөнгө олохгүй юм бол яаж ч хэрэглэх вэ дээ Эцэг эхийнхээ Буруу гарын мөнгыг Буруу зүйлд ашиглаж Мансуурч байгаа нь Баячуул гээд байгаа Гэмт хэрэгтэнгүүдын Үр могойнууд шүү дээ

2  |  0
Top