“ГИНЖИЙГ ТАСАЛ -2” гар зургийн үзэсгэлэн гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

  

 

Та жендэрийн тэгш эрхийг хангасан нийгмийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Жендэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байснаар бидэнд ямар боломжууд бий болох вэ? Өсвөр насны хүүхдүүд эрх тэгш нийгмийг хэрхэн төсөөлж, юу хүсэж байгаа бол?

 

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.


“Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээлэл, урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарласан бөгөөд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэх юм.

 

Дээрх уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн удаад “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүүхдүүд бидний нүдээр” сэдэвтэйгээр орон даяар зарлагдаж нийт 160 гаруй бүтээл хүлээн авч байв.

 

"ГИНЖИЙГ ТАСАЛ" сэдэвт бүтээлийн үзэсгэлэн 2019 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд "Norphei" арт галерейд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top