Анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаярын ШИНЭ ЯРИЛЦЛАГА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15
Европын хөлбөмбөгт хөл тавьсан МОНГОЛ ХҮҮ

 

Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, Г.Ганбаяр Унгарын “Пушкаш академиа” багийн мэргэжлийн хөлбөмбөгчин болсон гэгээлэг мэдээг бид өнгөрсөн онд хүргэж байсан билээ. Г.Ганбаяр алдарт "Пушкаш" академид хоёр жил суралцсаны эцэст клубтэйгээ гэрээ байгуулсан юм. Энэ бол монгол хүн анх удаа хөгшин Европын хөлбөмбөгийн багтай мэргэжлийн гэрээ байгуулсан анхны тохиолдол бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбоо болон Унгар улсын Ерөнхий сайд, “Пушкаш” академийн үүсгэн байгуулагч Орбан Викторын бүх талын дэмжлэгээр түүхэнд тэмдэглэгдэх энэ үйл явдал биеллээ олж байлаа.  

 

Хөлбөмбөг сонирхогч та бүхэнд энэ удаа Европ дахь Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаярын орон нутгийн сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

 

(Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо)

 

ШААХАЙНААС ШИПИ РҮҮ...


 Сэтгүүлч Бобяк Бэнцэ

 

Монгол Улсын хойд хэсэгт орших Сэлэнгэ аймгийн Сүхбаатар нэртэй хотод хүүгийн 7 настайгаасаа нөхөрлөсөн зүйл нь бөмбөг байлаа. Тэр бага наснаасаа Испанийн "Реал Мадрид" болон Кристиано Рональдог үзэн биширч, нэг л өдөр түүний адил мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэсэн том хүсэл мөрөөдөл тээсээр өдийг хүрсэн юм. Цагдаагийн алба хаагчийн гэр бүлд өссөн Ганболдын Ганбаярын мөрөөдөл 2018 онд биелж, "Пушкаш" академитай мэргэжлийн гэрээ байгуулснаар Монгол Улсаас буурал тивд тодорсон анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон юм.

 

Ганболдын Ганбаяр: -Хүүхэд байхаасаа л би найзуудтайгаа хөлбөмбөг тоглодог байсан. Миний өссөн орчинд хөлбөмбөгийн талбай байгаагүй болохоор граж, гулгуур хоёрыг хаалга болгож тоглодог байсан. Тав билүү зургаан настай байхад ээж минь миний надад шар өнгөтэй шаахай авч өгч байлаа. Олон жил би тэр шаахайнаас салалгүй байнга хөлбөмбөг тоглодог байсан. Ер нь манай гэр бүл их спортлог. Аав маань гар бөмбөгийн спортын мастер, бас ширээний теннис сайн тоглодог. Ээж маань ширээний теннис, сагс, гар бөмбөг, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Ах маань харин хүүхэд байхдаа өсвөрийн шигшээд тоглодог байлаа. Сүүлд бэртэл авсан учир тоглохоо больж, аавын адил цагдаа болсон. Дүүгийн минь хувьд одоо шатраар хичээллэж байгаа.

 

Монголын хөлбөмбөг хурдацтай хөгжиж байгаа ч Монголын хөлбөмбөгчид хагас мэргэжлийн статустай тоглодог. Тийм ч учраас Г.Ганбаяр сагсан бөмбөгийн спортоор давхар хичээллэдэг байсан юм. Харин 2011 онд Италийн "Эй-Си Милан" багийн сонгон шалгаруулалтад орох боломж олдсон нь түүний хувьд шинэ зам байлаа.

 

Ганболдын Ганбаяр: -Би сонгогдож чадсан. Ингээд л би Итали руу явах болсон юм. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган хүүхдүүд дундаас би өөрийгөө харуулж чадсан. Би бага зэрэг махлаг байсан учраас намайг хамгаалагчаар тоглуулдаг байлаа. Тухайн үед шилдэг хамгаалагч болж чадсан. Энэ бүхэн надад итгэл найдвар өгч, тэр цагаас хойш авьяас чадвар минь хүрэх юм бол мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэж нэг мөр шийдсэн.

 

Мэргэжлийн хөлбөмбөгчин болох түүний ээлжит оролдлого Английг чиглэв. Тэнд Г.Ганбаяр хэд хэдэн тоглолтод оролцсон. Харин 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбоо болон Унгарын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Г.Ганбаяр нутаг нэгт гурван хүүхдийн хамтаар анх "Пушкаш" академид суралцахаар ирсэн. Нэг жилийн дараа гэхэд бусад гурван хүүхэд нутаг буцаж, харин Г.Ганбаяр тус клубийн 17 хүртэлх насны багт багтан, 2017 оны "Сузуки" цомын тэмцээнд "Пушкаш" академийн бүрэлдэхүүнд багтан тоглосон юм. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сард нутаг буцаж, "Улаанбаатар Сити" багт зээлээр очсон бөгөөд наймдугаар сард эргэн Унгарт ирж, анхны мэргэжлийн гэрээгээ хийсэн. Тэр цагаас хойш Унгарын Үндэсний III дивизионы "Пушкаш" академийн хоёрдугаар багт тоглож, хоёр гоол оруулсан.

 

Ганболдын Ганбаяр: -Миний амьдрал өөрчлөгдсөн. Монголын нөхцөлд өдөр бүр бэлтгэл хийх боломж огт байхгүй байсан бол энд би 24 цагийн турш зөвхөн хөлбөмбөгт анхаарлаа хандуулдаг. Анхны жил гэрээ санах зав ч гараагүй. "Пушкаш" бол миний хоёр дахь гэр. Би энд үлдэхийг хүсч байна. Карьераа Унгарт эхлүүлмээр байна. Унгарын дээд лигт тогломоор байна. Гэр бүлээ мэдээж санаж байгаа. Монголын шигшээ баг дуудсан үед нутаг руу гаа очиж, тэр үедээ гэрийнхэнтэйгээ уулздаг болохоор гэхдээ гайгүй ээ. Гэрээ санасан ч энэ бүхнийг тэвчинэ. 

 

 

Ганбаярын талаар түүний ДАСГАЛЖУУЛАГЧ юу хэлэв?


"БАГИЙНХАА УУРАГ ТАРХИ БОЛОХ БОЛОМЖТОЙ"

 

"Пушкаш" академийн авьяаслаг залуу тоглогчийн дасгалжуулагч Вишинка "Түүнд гайхалтай ирээдүй бий" гэж тодорхойлсон юм.

 

ДАСГАЛЖУУЛАГЧ ВИШИНКА:

 

-Ганболдын Ганбаяр шилдэг тоглогч. Сэтгэлийн хаттай, хүчтэй, төрөлхийн авьяаслаг тоглогч. Унгар хэл нь улам сайжирч байгаа болохоор бид маш их ярилцдаг болсон. Хөлбөмбөгийн техникийн ямар ч дутагдал түүнд байхгүй. Харин тактикийн хувьд түүнд суралцах зүйл их бий. Зарим үед анхаарал алддаг ч энэ нь насны онцлог байж болох юм. Үүнээс илүү чухал зүйл гэвэл энэ залуу бэлтгэл дээр 100 хувь өөрийгөө дайчилдаг. Шилдэг тоглогчийн бүх чанар түүнд бий. Тоглолтын үеэр бөмбөг алдана гэсэн ойлголт байхгүй. Түүн дээр хэн нэгэн алдаа гаргавал баашлаад хэвтээд байхгүй. Түүнд ганц л зорилго бий. Тэр нь юу вэ гэвэл эсрэг багийн хаалганд гоол оруулах эсвэл өөрөөс нь илүү боломжтой хүнд гоолыг нь бэлдэж өгөх. Зүүн, баруун аль аль хөлөөрөө гайхалтай хууралт гүйцэтгэж, байрлалаа сайн эзэлж, бөмбөг рүү зөв үед явж чаддаг тийм авьяаслаг тоглогч бол Г.Ганбаяр юм.

 



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(202.126.89.126) 2023 оны 12 сарын 07

Насыг нь бичээд өндөрийг нь бичихгүй яасан юм бээ ккк

1  |  0
Зочин(202.179.27.172) 2019 оны 02 сарын 20

Амжилт хүсье дүүдээ. Мундаг байна шүү

0  |  0
Top