”Газрын тосны салбарт дотоодын компанийн оролцоо бага байна”

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Монгол Улс 330 сая тонн газрын тосны нөөцтэй. Харин ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая тонн гэх судалгаа бий. Хэдийгээр газрын тосны салбар хөгжөөд 78 жил болсон ч 1997 оноос эхэлж эрчимтэй хөгжиж иржээ. Өнөөдрийн байдлаар 25 ашиглалтын талбайд 21 компани Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байна. Харамсалтай нь, манайхан суурь олборлолтын ажлыг хийж чаддагүйгээс үүдэж гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эл салбарт "монопол тогтоож" өдийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, газрын тосны салбарт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгжийн оролцоо тун бага байдаг аж. 


Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.02.15/ "Газрын тосны хөгжлийн шийдэл" гэх нэртэй төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус төрийн бус байгууллагын тэргүүн Ё.Бямбадорж болон "Geo Petro Engineering" компанийн менежер Ш.Жавхлан нар оролцлоо. Тэд мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын газрын тосны салбарт дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо тун бага, хавчигдмал байдгийг дурдаад эл салбарын 90 орчим хувийг эзэлдэг Хятадын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийг дотоодын компаниудад хаалттай байдаг гэдгийг онцоллоо.


-ГАЗРЫН ТОСНЫ 90 ОРЧИМ ХУВИЙГ ХЯТАДЫН "ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК ОЛБОРЛОЖ БАЙНА-

 

Хэвлэлийн бага хурлын үеэр "Газрын тосны хөгжлийн шийдэл" ТББ-ын тэргүүн Ё.Бямбадорж "Газрын тосны  90 орчим хувийг “Петрочайна Дачин Тамсаг” олборлож байна. Гэтэл тухайн компанид Монгол боловсон хүчин хангалтгүй, цөөн тооны хүмүүс байдаг. Тэд нарийн мэргэжлийн ажил огт хийдэггүй. Зөвхөн туслан гүйцэтгэх, хар бор ажлыг л хийдэг. Мөн энэ салбарт Монгол компаниудын хийдэг ажил нь ч бага. Дотоодын тээвэр, бусад жижиг ажлыг хийдэг. Мөн гадаад тээвэр, цооног, өрөмдлөг зэрэг нарийн мэргэжлийн ажилд гар бие оролцож чаддаггүй" хэмээн ярилаа.

 

Түүнчлэн тэрбээр "Ашигт малтмал, газрын тосны тухай хууль, Газрын тосны салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого гээд 2018-2027 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын зүйл бий.  Мөн олборлолтын үйл ажиллагаа хийж байгаа команиуд жил бүр Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ шинэчлэн байгуулдаг. Ер нь 2005 онд “Петрочайна Дачин Тамсаг” компани үйл ажиллагаа явуулж эхлэхэд манай улсын газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани цөөхөн байсан.

 

Гэвч өнөөдрийн нөхцөл байдал өөр болсныг бодлогын түвшинд төр  засгаас анхаарахгүй байна. Уг нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд монголчуудын оролцоог нэмэгдүүлье, бараа ажил үйлчилгээ нийлүүлэх тал дээр монгол компаниудыг дэмжинэ гэдэг бодлого явдаг. Харамсалтай нь амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй. 2005 оноос хойш 14 жил болоход монголчуудын байр суурь, энэ салбарынхны монгол ажилчдын нөлөөлөл асар бага байна" гэв. 

 

-ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР МОНГОЛ КОМПАНИД ХААЛТТАЙ БАЙДГИЙН УРШГААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА-

 

Харин “Geo Petro Engineering” компанийн менежер Ш.Жавхлан хэлэхдээ "Манай компани 2016 онд газрын тосны олборлолт цооног өрөмдлөгийн үйлчилгээний чиглэлээр  үүсгэн байгуулагдсан үндэсний компани. 2018 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор сүүлийн үеийн, дэлий нийтэд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийг нэг тэрбум орчим төгрөгөөр оруулж ирсэн. Энэхүү төхөөрөмж нь уурын цэвэрлэгээ, бодис шахах, бөглөрөл арилгах, усыг  360 градусын хэмд халаагаад өндөр даралтаар шахаж цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай.  Эдгээр ажлуудыг  3-4 тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг бол ганцхан төхөөрөмж ашиглах шинэ технологи нэвтрүүлсэн гэсэн үг. Улмаар ШУТИС-ын уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, газрын тосны салбарын боловсон хүчнүүдтэй хамтарч туршилт шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, дадлагажуулах ажлыг хийсэн орон нутагт хийсэн.

 

Энэхүү төхөөрөмж нь  яг одоо энэ салбарт ашиглагдаж байгаа техник төхөөрөмжөөс усны хэрэглээг гурав дахин бага зарцуулдаг, цаг хугацаа хэмнэсэн, хорт утаа бодисын агууламж, байгальд хүргэдэг хор нөлөөллийг багасгасан гэдгээрээ давуу талтай нь батлагдсан. Харамсалтай нь, газрын тосны салбарт монгол компани хаалттай байдгийн уршгаар бид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж байна. Уг салбарын 90 орчим хувийг эзэлдэг “Петрочайна Дачин Тамсаг” компанид удаа дараа хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Гэвч уг компани монгол компаниудад хандах хандлага хаалттай байдаг. Тиймээс шинэ техник технологи нэвтрүүлэх ажил ч ахицтай явж чадахгүй байна" хэмээн хэвлэлийн бага хурлын төгсгөлд хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jj(202.126.89.173) 2019 оны 02 сарын 17

Hotstoi yum chin l ene gazriin tosoo olon jaileer hyatadad uguh geree bolood hen grain iim geree hiisen baihav

0  |  0
Itsogoo(118.36.124.63) 2019 оны 02 сарын 15

Odor shongvvl uraghsaa gazariin tos zoodog gesen odoo zogsoson deer baiha neptiin vildber ashgiltand orood vndesniihe chanartai vne hymad shathuunaar bankaa dvvreed saihan eh ornooro aylan da

0  |  0
Top