УЛС ТӨРИЙН ТОЙМ: Ээлжит бус чуулганы ээлжит шаардлагатай ДОЛОО ХОНОГ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 17

Өнгөрсөн долоо хоногт цагаан сарын баярын өдрүүд өндөрлөж, ажил жигдэрсэн долоо хоног байлаа. Энэ утгаараа улс төрийн үйл явдал сэргэж, төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байв. Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргасан бол УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал “сэргэлээ”. Мөн Засгийн газрын зүгээс томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулсан долоо хоног өндөрлөлөө. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг аваад байгаа С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлахаас татгалзах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ тоймлон хүргэж байна.


Ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор хуралдуулахыг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөсөн эдгээр УИХ-ыг ээлжит бусаар хуралдахыг гишүүдийн зүгээс шаардаж байгаа. Тухайлбал, баасан гарагт /2019.02.15/ “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, УИХ-ын  ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаад дараах найман зүйлийн шаардлагыг хүргүүлсэн юм.  

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах,
  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,
  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,
  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,
  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,
  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,
  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

Харин холбогдох байнгын хороо болон эрх баригч намын бүлгээс ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар ямар байр суурь баримталж байгааг хүргэе.

 

14 хоногийн хугацаанд ээлжит бус чуулганыг хуралдуулах байх

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүд даваа гарагаас /2019.02.11/ ажилдаа ороод хаврын чуулганы бэлтгэлтэй холбоотойгоор хийх ажлаа ярилцаж байна. Манай  Байнгын хорооны ажлын алба, УИХ-ын Тамгын газартайгаа хамтраад хаврын чуулганыг эхлүүлтэл ямар ажил хийх талаараа ярилцлаа. УИХ-ын даргын  дэргэдэх  зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 10 хавьцаа хуралдуулахаар ярилцсан. 14 хоногийн хугацаанд ээлжит бус чуулганыг хуралдуулах байх.

Ээлжит бус чуулганы дараа хаврын чуулган хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ завсарлаад 10 гаруй хонож байна. УИХ байнгын ажиллагаатай парламент учраас тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.Ойрын үед олон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна.Ирэх долоо хоногт болон түүний дараагийн долоо хоногт хэлэлцүүлгүүд болох төлөвлөгөөтэй байгаа.Ямар ч байсан гуравдугаар сарын 5 хүртэл хэлэлцүүлэг зохион байгуулж, ээлжит бус чуулган хуралдах бэлтгэлийг хангаж ажиллана.Тэгэхээр гуравдугаар сарын 10-наас хойш ээлжит бус чуулган хуралдах болов уу гэж бодож байна.Хэлэлцэх шаардлагатай хуулиуд олон бий.Тийм учраас ээлжит бус чуулганыг гуравдугаар сар гаргаад хуралдуулж, үргэлжлүүлээд хаврын чуулганыг хуралдуулах ерөнхий төсөөлөл байна.

 

С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа /2019.02.15/ албан ёсоор мэдэгдлээ.

НИТХ-аас олонхийн санал авч Хотын даргаар сонгогдоод байсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, уг бичгээ НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна.Ерөнхий сайд уг хүсэлтдээ “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм.Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.

Энэ долоо хоногийн сүүлээр дэгдсэн мэдээллүүдээс харахад Ерөнхий сайд батламжлаагүй шалтгаанаар С.Мөнхчулууны дүү тодроод байх шиг байна. Учир нь С.Мөнхчулууны дүү хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. У.Хүрэлсүх хар тамхитай хатуу гараар тэмцэх чиглэлээ цагдаа, тагнуул, гаалийн байгууллагуудад онцгой даалгаврыг өгч ажиллуулж байгаа. Энэ тэмцэлтэй нь зөрчилдөх хүнээр улсын нийслэлийг удирдуулах нь зарчимгүй шийдвэр болно гэдгээ хэлжээ. Дүүгийн асуудалд С.Мөнхчулуун хамаарахгүй мэт харагдавч гэр бүлийн соёл, үлгэрлэл өндөртэй манай улсын хувьд маш эмзэг тусдаг билээ.

 

Ч.Содномцэрэн: УИХ-ын нөхөн сонгуулийг 287.6 сая төгрөгөөр хийнэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн билээ.Улмаар түүний нэр дэвшиж парламентад сонгогдсон УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүсээд байгаа юм. 

Тэгвэл Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар болжээ.Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос /2019.02.12/ нөхөн сонгуулийг хэрхэн явуулах талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Болдсайхан  "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Улмаар нөхөн сонгуулийг энэ жил зохион байгуулахаар болсон.Бид /2019.02.11/ бүх нам, эвсэлд зөвлөмж маягаар албан бичгээ хүргүүллээ" хэмээсэн бол СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Нөхөн сонгуулийг 287.6 сая төгрөгөөр хийнэ.Нөхөн сонгуулийн зардлыг УИХ-аар тогтоож, баталж өгсөн.Нийт 21 хэсэгт санал хураалт явагдана" гэв.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах асуудлыг УИХ намрын ээлжит чуулганы сүүлийн өдрүүдэд хэлэлцэн /2019.02.02/ УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

 

АН-ын бүлэг задарч, зөвлөлийн статустайгаар ажиллана

УИХ дахь АН-ын бүлэг задарч, гишүүд нь зөвлөлийн статустайгаар ажиллахаар болсон нь тодорхой болох шиг боллоо.Учир нь АН-аас намын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийнхээ эсрэг байр суурьтай байсан гэх шалтгаанаар улс төрийн хариуцлага тооцсон билээ.

Өөрөөр хэлбэл, Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарласан.Харин үүнийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарахаа мэдэгдэж, өргөдлөө өгөөд байгаа юм.

Тэгвэл УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхэнд Л.Болд гишүүний хүсэлт, АН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, бүлгийн зүгээс албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэхээр болжээ.

 

Томоохон төслүүдийн ажлыг танилцуулахыг ҮҮРЭГ БОЛГОВ

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулахыг нэр бүхий сайд нарт үүрэг болгов. 

Тухайлбал:

-Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт,

-Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад,

-Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд,

-Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахыг сайд Б.Энх-Амгаланд,

-Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Х.Баделхан нарт даалгалаа.

 

ЗГХЭГ-ын дарга санаачилгатай ажиллахыг анхаарууллаа

Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал /2019.02.12/ боллоо.Тус ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаа юм.

1990 оноос хойш Монгол Улсад үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын 500 орчим баримт бичиг батлагдсанаас 190 гаруй нь хүчинтэй байна.

Эдгээр баримт бичгийн олонх нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдахаас өмнө гарсан учраас нэршлийн хувьд хуульд нийцээгүй, хэрэгжих хугацааны хувьд замбараагүй, хуулийн шаардлага хангахгүй, урт хугацааны зорилго, зорилтуудыг хангахад чиглээгүй, хоорондын уялдаа сул, бодлогын нэгдмэл цогц байдал алдагдсан гэдгийг Үндэсний хөгжлийн газраас танилцуулж байлаа.

Бодлогын баримт бичгүүдийг үнэлэх ажлын үр дүнд үндэслэн уялдаа хангахгүй байгаа баримт бичгүүдийг хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах, цөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргана. Түүнчлэн баримт бичгүүдийн үнэлгээний ажил нь цаашид хөгжлийн бодлогыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлнэ гэдгийг Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Өмнө гарсан бичиг баримтуудыг нягталж, үнэлж дүгнэе. Үнэлгээнд тулгуурлан дараагийн 20-25 жилийн хөгжлийн төсөөллийг гаргая гэлээ. Энэ ажилд цаг зав, сэтгэл гаргаж, илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд анхаарч ажиллана. Зөвхөн өчигдөр, өнөөдөр биш ирээдүйг төлөвлөж, хамтын төсөөлөлтэй болъё. УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намуудын түвшинд Монгол Улс ийм бодлогоор хөгжинө гэсэн нэгдсэн бодлоготой болох нь зүйтэй гээд энэ бодлогыг тодорхойлон гаргах хүмүүс нь төрийн албанд удирдах албан тушаал хашиж буй та бүхэн юм гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байлаа.

Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ сайд тун эрчимтэй ажиллаж байгаа. Тэрбээр сайд болсныхоо дараа амралтгүйгээр жилийн 365 хоног ажиллахаа илэрхийлээд байсан. Энэ үгэндээ хүрч, амралтын өдрүүдэд Мэдээлэл технологийн газарт ажиллаж төрийн албаны үйлчилгээг цахимжуулж, төрийн байгууллага дээр иргэд биечлэн очилгүй төрийн үйлчилгээ авах боломжийг Эстон, Гүрж улсын жишээнээс судлаж, санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top