СЭЛЭНГЭ: Монгол, Английн далбаагаар чимэглэсэн галт тэрэг аяллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн сард тохиосон. Ойн хүрээнд Британийн Элчин сайдын яамнаас олон арга хэмжээ зохион байгуулсны хаалт, GREAT компанит ажил Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний аялал боллоо. Хоёр улсын төрийн далбаагаар чимэглэсэн галт тэрэг энэ сарын 19-нөөс 23-ны хооронд аялах юм. Хоёр улс найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд нийгэм эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэр зэрэг олон салбарт амжилттай хамтран ажиллаж байна.

 

Энэ жил Их Британийн Ерөнхий сайд Монгол дахь худалдааны элчийг томилохын зэрэгцээ Их Британийн экспортын болон санхүүжилтийн байгууллага Монгол руу бараа экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдэд хоёр талын зээлийг нэмэгдүүлсэн зэрэг арга хэмжээг авчээ. 1963 онд хоёр улс харилцан тохиролцож элчийн сайдын яамаа нээсэн нь манай улсын хувьд барууны улстай харилцаа тогтоосон анхны тохиолдол болж байжээ. Британийн Элчин сайдын яамнаас технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээг зохион байгуулан явуулсан байна. Мөн Дархан, Эрдэнэт хотуудад боловсролын өдөрлөг, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах арга хэмжээ, Сэлэнгэ аймагт Британи үүлдрийн мал аж ахуй эрхлэгчидтэй уулзах зэрэг ажлуудыг ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Британийн Элчин сайдын яам “Улаанбаатар Төмөр Зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа аяллын галт тэрэг өчигдөр /2019.02.19/ 19:12 цагт Сүхбаатар өртөөнд ирлээ. Энэхүү галт тэргээр Монгол Улсад суугаа Их Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Иан Кокс хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул нар угтан авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top