ГХЯ: ШХАБ-тай холбоотой МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Сүүлийн долоо хоногийн турш Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь зөв, буруу эсэх дээр нийгмийн сүлжээний хуудсуудаар маргаан мэтгэлцээн өрнөсөн. Тэгвэл Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар өнөөдөр /2019.02.20/ мэдэгдэл гаргаж, "Асуудлыг Монгол Улсын элсэн орсон гэрээ конвенц, гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдуулан, бүх талын судалгаатай шийдвэрлэнэ" гэж мэдэгдлээ. Мэдэгдлийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хүргэж байна.


 

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

 

“… Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн… Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно…” гэж Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан билээ.

Монгол Улс бүс нутагт өрнөж улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох үүднээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон.

Манай улс эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхлоо илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож, салбарын сайд нарын уулзалт болон ШХАБ-ын хүрээний бусад арга хэмжээнд тус байгууллагаас ажиглагч улсад олгосон эрх, хэмжээний дагуу оролцож ирсэн билээ. Монгол Улс бүс нутгийн интеграцад нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно.

 

 

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улс төржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай. Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субъектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд хоорондын харилцааны үндэс юм. Ингэж гэмээ нь бид олон улсын харилцаанд найдвартай, тулхтай, тууштай орны тоонд орно. Энэ нь ялангуяа хөрш орнуудтай харилцах асуудалд бүр илүү чухал юм. Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй.

Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх эсэх асуудлыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.70.34.70) 2019 оны 02 сарын 21

Elbegdorj uuriiguu ih mundag geed bodchihson bololtoi. Endyyrel shyy.

0  |  0
Zochin(66.181.180.187) 2019 оны 02 сарын 21

Ingemeer dee

0  |  0
Top