#BOOKTELLER: Д.Батбаярын “Ийнгаа миний хээр тал” номоос онцлох 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

 

Тус зохиолд залуу хосын хайр сэтгэл хийгээд монгол түмний байгалиа шүтэх ёс заншил, түүнээс улам алсран холдсоор буй суурин амьдралын бараан сүүдэр хүмүүсийг хэрхэн дайрч буйг өгүүлдэг. "Ийнгаа миний хээр тал" бол хүмүүний дотоод сэтгэл, эрх чөлөөний дуулал болсон бодрол тууж юм. Залуу хүмүүсийн амьдралын утга учир, итгэл үнэмшлийн тухай ойлголтын ч тус туужид өгүүлэх болно. Зохиолч Д.Батбаярын "Ийнгаа миний хээр тал" туужаас онцлон 10 эшлэлийг хүргэе.

 

1.Зөн совингүй хүн гэж яаж байх юм бэ. Ганцхан бүх юмыг ухаанаар тунгаах гэхээрээ хүн зөн совингоо анзаарахаа байчихдаг байх. Юманд сэтгэлээрээ хандаад ирэхээр л хар аяндаа зөн совин төрөөд эхэлдэг.

 

 

 

2. Ер нь уяа гэдэг маш чухал зүйл. Амьдралын гадаснаас өөрийгөө хэрхэн бөхөлснөөс чинь л гарз олз чинь шалтгаална.Сэтгэл гэдэг салхи. Бөхөөхөн юмнаас баттайхан уяхгүй бол дэгдээд л алга болно гэсэн үг. 

 

 

 

3.Хот гэдэг иргэншил. Хөдөө гэдэг байгаль. Хот гэдэг бусдын эрхшээл. Хөдөө гэдэг эрх чөлөө. Хот гэдэг дүрэм заавар. Хөдөө гэдэг байгалийн зүй тогтол. Хот гэдэг хүмүүсийн хооронлын харьшил, хөдөө гэдэг хүн хийгээд мал адгуус, уул усны өөрийншил...

 

 

 

4.Ерөөс байгаль дэлхий гэдэг өөртэйгөө зөвхөн сэтгэл итгэл хоёроор л хандахыг шаарддаг байх.

 

 

 

5.Хүнийг “тэг”, “ингэ”, “тэгэх хэрэгтэй”, “ингэх хэрэгтэй” гэж хоосон номлох шиг амархан юмм байдаггүй юм. Харин арга хэлэх хэцүү. Хүн ер нь номлохоос ондоон тусаар бага амьтан байх шүү.

 

 

 

6.Юмс үзэгдлийг ойлгож ухаарахад минь надад садаа болж байсан зүйл бол цаг байж.

 

 

 

7.Эрх чөлөөтэй байхын үндсэн нэг нөхцөл нь орон зай. Орон зай хэдий чинээ өргөн, уудам зах хязгааргүй байна вэ, эрх чөлөөний мэдрэмж төдий алд. Эрх чөлөө орон зай учраас хүний эрхийг хязгаарлахдаа хамгийн түрүүн орон зайг нь хязгаарладаг байв.

 

 

 

8.Бодох бясалгах бол цэнгэл. Өөрт таатай учраас л хүн ингэж дэвэн дэлхийн юм боддог. Өөрт таатай бүхэн цэнгэл.

 

 

 

9.Юмны үнэ цэнэ гэдэг чинь үнэлж байгаа хүний сэтгэлээс л болдог зүйл. Сайн муу, сайхан муухай цөм сэтгэлээс.

 

 

 

10.Бурханд сүсэглэн мөргөдөг хүмүүсийн ихэнх нь нэг бол энэ насандаа үйлдсэн нүгэл хилэнцээ нимгэлэх гэж, нэг бол хойт насандаа жаргах гэж л мөргөдөг болохыг би анзаарсан.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top