УБЕГ: Бүртгэлийн онлайн сүлжээнд 120 сумыг холбоно

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр /2019.02.21/ мэдээлэл хийлээ. Мэдээллийг УБЕГ-ын дарга Б.Баасандорж, Азийн хөгжлийн банкны Монгол дахь захирал Ёланда Фернандез нар хэвлэлийнхэнд өгсөн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байна.  

 

Төслийн хүрээнд өнгөрсөн онд 12 аймгийн 39 сум, нийслэлийн 2 дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбожээ. Сүлжээнд холбогдсоноор тухайн сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг өөрийн оршин сууж байгаа сум, хорооноос шууд авах боломжтой болсон байна. Өмнө нь тухайн сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг авахын тулд 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1000-250.000 төгрөг зарцуулдаг байна. Бүртгэлийн онлайн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор дээрх зардлыг хэмнэн улсын бүртгэлийн зарим үйлчилгээг сум, хорооноосоо шууд авах боломж бүрджээ.

 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Энэ жил төслийн хүрээнд нэмэлтээр 120 сумыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашид шилэн кабелд холбогдсон бүх сумыг үе шаттайгаар бүрэн холбох зорилт тавин ажиллаж байна. Иргэдэд бүртгэлийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажилд Засгийн газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Сумдын улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, түүний дотор шүүх, хууль сахиулах байгууллага, түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд үр дүн гарна” гэлээ.

 

Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд 2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудын нийт 39 сум, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 11 хороог холбожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top