ИНФОГРАФИК:  Нийгмийн даатгалын сангийн зарлага 29.7 тэрбум төгрөгөөр өсчээ

2019 оны 02 сарын 21

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 192.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 50.3  тэрбум төгрөгөөр, зарлага 178.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.7 тэрбум төгрөгөөр өсчээ.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 50.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.4 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 8.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Нийгмийн даатгалын сангийн зарлага нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 29.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 19 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 6.7  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас  нэгдүгээр сард 227.3 мянган хүнд 25.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 116.6 мянгаар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 15.2  тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

 

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 5.2 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.7 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэхүү өсөлт нь “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам” өөрчлөгдсөнтэй холбоотой юм.

 

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны нэгдүгээр сард 47.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.0 мянга, олгосон тэтгэврийн хэмжээ 6.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт нэгдүгээр сард 47.4 мянган хүн хамрагдсаны 68.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 4.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

 

Нийгмийн халамжийн тэтгэмжид нэгдүгээр сард 49.9 мянган хүн хамрагдсаны 80.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 19.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны нэгдүгээр сард 6.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 3 тэрбум төгрөгөөр өсчээ.

 

Энэ оны нэгдүгээр сард 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top