СОРИЛТ | Гахай жилд биднийг юу хүлээж байгаа вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

Билгийн тооллоор гахай жил морилон ирээд тун ч удаагүй байна. Хүний насаар нэгэн мөчлөг ийнхүү шувтарч байгаа нь энэ. Өнгөрсөн жил Дэлхийн банк болон гадаад, дотоодын олон байгууллагын тооцоолж байснаас даван эдийн засгийн өсөлт 6,9 хувьд хүрсэн. Их сорилтын өмнөх жил гэж тодорхойлж буй 2019 онд бид энэ амжилтаа бататган үлдэх амаргүй сорилт бий. Эдийн засгийн сорилтоос гадна гадаад орчноос шалтгаалсан томоохон сорилт биднийг хүлээж байгаа. АНУ-Хятадын худалдааны дайн ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол мөнхийн хөрштэйгөө бид худалдаагаа өргөтгөж чадахгүй. Улс төрийн хүрээнд айсуй сонгуулийн сунгаа Хэнтий аймагт болно. Засгаараа олон тоглосон эрх баригч нам уу, асуудалд төдийлөн оролцож чадахгүй дотроо зөрчилдөөнтэй байгаа сөрөг хүчин үү, бүр эсвэл улс төрд шинэ салхи сэвэлзүүлэх гуравдагч хүчний орон зай хэрэгтэй болсон уу гэдгийг зургадугаар сарын 30-ны өдөр мэдэх учиртай.


Сорилт 1: Давах ёстой даваа

Гадна, дотноос элдэв бонд босгон элгээрээ хэвтэх дээрээ тулаад байсан эдийн засаг нохой жилд өндөр өсөлт үзүүлж, 6,9 хувьд хүрсэн. Оны дундаас эхлэн дэлхийн зах зээл дээр түүхий эд, эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөн нь хэцүүдэх дээрээ тулаад байсан Монголын эдийн засгийг дээш нь түлхэх ивээс болсон юм. Цагаан сарын дараахан их ажил эхэлсэн долоо хоногт Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээлэл эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалах сорилтын өмнө гудайн зогсохгүй гэдгийг баталсан. Тухайлбал, Монгол Улс нэгдүгээр сард нийт 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 607.3 сая ам.доллар, импорт 504 сая ам.долларт хүрэв. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 сая ам.доллароор өссөн нь энэ. Ялангуяа эрдэс бүтээгдэхүүний экспорт голчлон нэмэгдсэн нь ийнхүү өсөхөд нөлөөлжээ. Бас дээр нь манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний зах зээл бидэнд ашигтай хэд, хэдэн үйл явдал тохиолдлоо. БНХАУ нүүрсний импортын тал дээр Австралитай тохироонд хүрэлгүй гаалийн нэмэлт бүрдүүлэлтийн хугацааг 40 хоногоор сунгав. Тэгээд болоогүй Австралийн Күийнслэнд буюу нүүрсний томоохон уурхай голчлон байрладаг бүс нутагт нэг болон хоёрдугаар сард үер бууж, нүүрсний импортыг зогсоогоод байна. 2011 онд Монголын эдийн засаг өсөхөд мөн л Күийнслэнд мужид буусан үер томоохон түлхэц болж байсныг санахад илүүдэхгүй.

Гахай жилд биднийг хүлээж буй томоохон сорилтыг бид эхний сарын гүйцэтгэлээр даван туулах хангалттай боломжтойг сануулав.

Сорилт 2: ШХАБ-ын хавханд орох уу, эсвэл...

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай байгаа Монгол Улсыг жинхлүүлж, бүс нутгийнхаа томоохон байгууллагад элсүүлэх тухай яриа Төрийн тэргүүн, Засгийн тэргүүнээс гарах болов. Евразийн улс төр, эдийн засгийн хамгийн хүчтэй гэгдэх ОХУ, Хятадын санаачилгаар 2001 онд байгуулагдсан уг байгууллагад бид 2005 оны долдугаар сарын 05-ны өдөр ажиглагчийн статусаар нэгдэн орж байв. Улс төрийн хүчин чадал, байгууллагад гүйцэтгэх үндсэн үүргийн хувьд БНХАУ, ОХУ, Энэтхэгийг гүйцэх улс одоохон алга. Байнгын гишүүн дээрх гурван улс дээр нэмэгдээд Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикистан, Узбекистан улсууд бий. Хамгийн сонирхолтой нь БНХАУ-ын хувьд ОХУ-аас бусад бүх улсуудад эдийн засгийн тусламж үзүүлсэн байх ба Тажикистан улс зээлсэн мөнгөө төлж чадаагүй учраас газар нутгийнхаа тодорхой хэмжээг алдахад хүрээд буй.Узбек ч мөн адил тэдний араас орох дээрээ тулаад байна. Энэ байгууллагын байнгын гишүүн гэгдэх Энэтхэг, Пакистан улсын хооронд ихээхэн маргаантай байдаг Кашмирын бүс нутагт Пакистаны тал бөмбөг дэлбэлсэн нь дипломат дайны хэмжээнд хүрч Шанхайн хамтын ажиллагааны байгууллага тодорхой байр суурь илэрхийлээгүй тул гишүүнчлэлээсээ гарах тухай яриад эхэллээ.

Улс төр болон эдийн засгийн тал дээр гишүүн орнууд ямар үүрэг хүлээсэн, ямар статустай оролцох нь маш бүрхэг энэ байгууллагын үндсэн үүрэг юу вэ гэдэг дээр гадаад бодлогын томоохон судлаачид одоог хүртэл хариултаа нэхэж буй.

Ойлгомжгүй энэ байгууллагад Монгол Улс гишүүнээр элсвэл гуравдагч хөршийн дэмжлэг, АНУ, Солонгосын дэмжлэг хаашаа эргэх нь эргэлзээтэй. Хэрэв газар нутгийн маргаан боллоо гэхэд Монгол Улс батлан хамгаалах ажиллагаанд оролцохоос өөр сонголтгүй болно. Нэгэнт энэ байгууллагад элссэн л бол улс төр болон эдийн засгийн хувьд байнгын гишүүдийн хаана ч хүрэхгүй Монгол Улсын хувь заяа ихээхэн бүрхэг болох эрсдэлтэйг дан ганц би бус шинжээчид хэлж буйг сануулъя.

Сорилт 3: Айсуй сонгуулийн сунгаа

2016 оны сонгуулийн үр дүнгээр Ардын нам олонх болж, 65-ын бүдүүн бүлэгтэй болсон. Бүдүүн бүлгийн хамгийн залуу гишүүн Д.Гантулга Хэнтий аймгаас сонгогдон УИХ-д данстай болсон билээ. Гэвч залуу гишүүний суудал ердөө хоёрхон жилийн настай байж. Залуу хүний болчимгүй алдаанаас гэх үү, ах нарын хөзөр хуваарилалтаас болсон гэх үү, ямартай ч тэр гишүүний суудлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн юм. Нэг жилийн хугацаанд Хэнтийн 42 дугаар тойрог парламентад төлөөлөлгүй байсны эцэст ирэх зургадугаар сарын 30-ны өдөр төлөөллөө сонгох нөхөн сонгуулийн тов батлагдав. Энэ бол зөвхөн нэг гишүүний нөхөөсийг томилж буй хэрэг бус айсуй сонгуулийн өнгийг тодорхойлох  ач холбогдолтой сунгаа байж болох талтай. Эрх баригч нам нөхөн сонгуулиар хэрхэх вэ гэдэг нь маш том асуулт. Бүлэггүй болох дээрээ тулсан Ардчилсан нам ч энэ сонгуулиар хэрхэх нь эргэлзээтэй. Намын даргадаа хаягласан муу үгсийн цуурай намжаагүй байхад энэ нам нөхөн сонгуульд хэрхэн оролцох бол.

Эсвэл хөгөө хөлдөө чирсэн хоёр намын дундуур гуравдагч хүчний “хүүхэдгүй морь” ороод ирэхийг ч үгүйсгэхгүй. Нөхөн ч бай, нөхөөсний ч бай энэ сонгууль маш том асуултад хариу өгөх болно.

* * * 

Үүнээс гадна биднийг хүлээж буй сорилтууд олон бий. Шатахууны үнэ гадаад зах зээл дээр буурсан ч Венесуэлийн хямрал, АНУ-Хятадын худалдааны дайнаас болоод дахин  өсөх хандлагатай байгаа. Газрын тосноос ихээхэн хамааралтай манай улсад энэ нь маш том даваа болохыг үгүйсгэхгүй. Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр энэ онд дуусах ч дараа жил бид бондын өрөө төлнө. Төсвийн тэнцвэр, сахилга бат гэдгийн үнэр ч үгүй байгаа энэ цаг үед бид ОУВС-нд хандахаас өөр сонголтгүй. Сар хагасын хугацаанд эзэнгүй байгаа Их хот эзэнтэй болохгүй л бол нийслэлийн харьяа байгууллагад ажиллаж буй ажилчдын орооцолдсон авилгын хэрэг УИХ-ын гишүүдтэй цуг яригддаг дээрээ тулаад байна. Дээрх сорилтыг бид хэрхэн давахаас ирэх жилүүдийн зураглал тодорно...

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.119.216) 2019 оны 02 сарын 23

Oglogch baival urgelj bayn bna

0  |  0
tagnuul(103.212.119.216) 2019 оны 02 сарын 23

Oo sev haigchid uurd tiim baidag

0  |  0
zochin(103.212.119.216) 2019 оны 02 сарын 23

Yaduu hund tuslah n buyn bolno oo sev haigchid yaduu humuusiig yu ch uldeelgui shigshdeg

0  |  0
ХАН ХЭНТИЙ(202.126.89.27) 2019 оны 02 сарын 22

2021, 2022 ОН ГЭЭД АСАР ИХ ЗЭЭЛ ТӨЛӨХӨӨ ӨГЛӨӨ БҮР САНАЖ СЭРЖ БАЙ!!!!!! ОЙР ЗУУРЫН ЮМ БОЛДГООРОО Л БОЛООД ӨНГӨРНӨ... ЦААШИД ШУУД АШГАА ӨГӨХГҮЙ ДЭД БҮТЦЭД ЯЛАНГУЯА ЗЭЭЛ АВЧ АЖИЛ ХИЙСЭН БОЛДГИЙГ ХУУЛЬЧЛАН ХОРИГЛОХ ЁСТОЙ

0  |  0
Top