Д.Оюунзул: Жүжигчин болоход хөөрхөн байх л хангалттай гэж боддог байлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

Францын абсурд театрын ноён оргил болсон Самюэл Бэккэтийн “Годог хүлээх зуур” жүжгийг уншигчид андахгүй. 2017 онд Тус жүжгийг “Гэгээн муза” наадмын шагналт М.Боролдой найруулж, Монголын үзэгчдийн хүртээл болгосон нь театрын урлагийн хувьд гол онцлох үйл явдал болсон билээ. Мөнхүү Владимирын дүрийг эмэгтэй хүн бүтээсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татсан юм. Тэр бол анхны эмэгтэй годо. Ингээд 2015 оны “Гэгээн муза-12” олон улсын наадмаас Моно жүжгийн төрөлд “Хүний дуу хоолой” жүжгээр шилдэг эмэгтэй жүжигчин, 2018 оны "Гэгээн муза-15" наадмаас Драмын жүжгийн төрөлд “Годог хүлээхүй” жүжгийн  Владимирын дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Д.Оюунзултай уншигчдыгаа уулзуулж байна.

 

-Дуртай киногоо үзэж суугаа хүүхэд бүрийн дотор жүжигчин болохсон гэх бяцхан хүсэл нуугдаж байдаг болов уу. Харин та тухайн үед яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо бодоход би жүжигчин гэдэг энэ мэргэжлийг маш нухацтай бодож, сонгосон санагддаг. Нэгдүгээр ангид байхдаа л ангиасаа хамгийн хурц тод хэллэгтэй, чанга хоолойтой нь гээд шүлэг уншиж, “Уран жиргээ”-д оролцдог байсан. Орой болгон гэртээ дуулж, бүжиглээд л, жүжигчин болно гэж мөрөөддөг жаахан охин байлаа. Гэрийнхэн ч мөрөөдлийг минь их дэмжинэ. Тэгсээр дөрөвдүгээр ангиа төгсөхдөө сургуулийнхаа бүх дугуйланд явдаг, тэмцээн, уралдаан хөтөлдөг болчихсон байсан. Удалгүй манайх хот руу шилжиж ирсэн юм. Улаанбаатарт ирсний дараа ээж намайг “Цоглог студи”-д оруулсан. “Цоглог студи” ч миний хүсч, мөрөөддөг газар яг мөн байсан. Зургадугаар ангидаа драмын дугуйланд явж эхэлсэн. Дараа жилээс нь төгсөх хүртлээ МҮОНТВ-ийн хүүхдийн редакцид хөтлөгч хийсэн. Ингээд арван жилийн сургуулиа төгсөхдөө “Сэтгүүлч болох уу, жүжигчин болох уу” гэдэг томоохон сонголтын өмнө ирсэн дээ.  

-Алийг нь сонгосон нь тодорхой байна л даа. Харин шалтгаан нь юу байв?

-Тухайн үед орчуулагч, сэтгүүлч талдаа бас нэлээд сонирхолтой байсан. Яг сонголт хийх агшинд өөрийнхөө зүрх сэтгэлийг болоод өөр хэнийг ч биш зөвхөн ээжийнхээ үгийг л сонссон. “Аль нь дээр вэ” гэж” ээжээс асуухад “Аль алиныг нь хийж болох юм чинь жүжигчин болсон нь дээр" гэсэн. Тэгээд л жүжигчний амьдралыг сонгосон.

-Яагаад жүжигчний мэргэжлийг сэтгүүл зүйтэй хослуулж ойлгосон юм бол?

-Яг ч тэгж ойлгож болохгүй. Учир нь жүжигчин хүн ухаантай, ном уншдаг, тоондоо ч ерөөсөө муу байх албагүй. Би яг л тийм байсан. Аливаа зүйлийг эргэцүүлдэг, хүн чанартай байх ёстой гэх мэт... Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй ч миний балчир насандаа мэдэрдэг, үргэлж бодолд шургалдаг байсан зүйлс нь жүжигчний мэргэжилтэй салшгүй холбоотой байсан юм билээ.

-Яг одоо жүжигчнээр суралцаж байгаа оюутнууд болон залуу жүжигчдэд хамгийн их үлгэр жишээ болж буй жүжигчин гэвэл таныг хэлмээр санагддаг. Цаг хугацааны хувьд анх 2005 онд оюутан болж байсан Д.Оюунзул одоо жүжигчин болох гээд сургуульд элсэж байгаа хүүхдүүдийн хооронд ямар өөрчлөлт хамгийн их ажиглагддаг вэ?

-Баярлалаа. Сүүлийн үеийн оюутнуудын аливаа зүйлд хандаж байгаа хандлагыг харахад их мундаг болсон шиг санагддаг. Хувь хүний хандлага жаахан тиймэрхүү бол хамтарч ажиллахад ч хүндрэлтэй байдаг шүү дээ. Миний бодлоор бидний үед хүүхдүүд зөвхөн дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, жүжигчин мэргэжлийг сонгох явдал их байсан. Мөрөөдөлдөө хөтлөгдөж орохын хэрээр бас түүнээсээ няцаж гарсан тохиолдол ч зөндөө бий. Одоогийн оюутнууд намайг оюутан байх үеэс харин ч илүү их ном уншдаг, аливааг боддог, ухаалаг, урлаг, уран бүтээл талдаа чармайлттай, хувь хүн талаасаа төлөвшчихсөн хүүхдүүд байгаа юм шиг ажиглагдсан. Бид нарын хувьд оюутан байх үедээ  яг хүүхэд л байсан. Хичээл орохгүй бол баярлаад л гүйдэг. Нөгөө талаар одоогийн залуус яг тэр хэрээрээ дэндүү өөрийнхөөрөө,  нэг үзэл бодолдоо хэт их автчихсан тал байж магадгүй.

-Жүжигчин хүн дүр бүтээх, дүрийг амилуулах, тоглох зэргээр арга техникээ олон янзаар ярьдаг шүү дээ. Харин таны хувьд эдгээрээс аль нь илүү жүжиглэх ухааныг тодорхойлдог юм шиг санагддаг вэ, жүжигчний арга барилыг та өөртөө хэрхэн таньж нээсэн бэ?

-Жүжигчний дүрийн ажиллагааны хувьд би өөрөө их эргэлзээн дунд байгаа л даа. Уг нь дүр бүтээнэ гэдэг зөв. Өмнө нь багш нар дүр бүтээнэ гэхээс илүү дүр дээр ажилласан гэж яриарай гэдэг байж. Бодоод байхад тэр нь ч зөв. Надад маш сайн ажиласан дүрүүд олон бий. Харин маш сайн бүтээсэн дүр бол нэг ч байхгүй юм билээ. Би зөвхөн өөрөөрөө дамжуулж, өөртөө арай ойрхоноор л тухайн зохиолыг бусдад хүргэсэн. Сайн зохиол бол далайцаараа тоглож буй жүжигчнээ аваад явчихдаг. Одоо харин би “дүр дээр ажиллах” биш “дүр бүтээх”-ийг хүсч байна. Мөн дээрээс нь жүжигчин хүн ямар найруулагчтай, ямар уран бүтээл дээр ажиллаж байгаагаасаа шалтгаалж ур чадвараа сайн гаргаж тоглох эсвэл бүр доогуур тоглох ч талууд байдаг. Тэр тусмаа залуу жүжигчдийн хувьд.

-Тэгвэл одоо жүжигчнээр суралцаж буй оюутнуудад “дүр дээр ажиллах” гэж заах нь зөв гэсэн үг үү?

-Энэ тал дээр би өөрөө их эргэлзэж, одоо хүртэл бодож бясалгаж яваа учир харилцан ярилцаж л чадна уу гэхээс энэ зөв, тэр буруу гэж хэлж чадахгүй. Оюутан байхад дүр бүтээнэ гэхээр цоо шинэ, өөрөөсөө өөр дүрийг бүтээнэ гэсэн ойлголттой байсан. Тийм болохоор оюутнуудад “дүр дээр ажиллах” гэж заах нь зөв болов уу. Хамгийн гол нь хандлагаа л зөв тал руу нь чиглүүлэх хэрэгтэй.  Ерөнхийдөө л өөрөөрөө байх нь чухал. Түүнээс бол учиргүй хоолойгоо хиймэл болгох ч юм уу, янз бүрийн нэмэлт тоглолт хийхгүйгээр ажиллаж сурах нь хамгийн чухалд тооцогддог. Эхлээд өөрөөрөө дамжуулж дүр дээр ажиллахыг л заавал сурах хэрэгтэй.

-Урлагийн хүн, эмэгтэй хүн хоёрын хооронд хэр их зай байдаг вэ? Эмэгтэй хүний хувьд аливаа дүрийг бүтээхэд  мэдрэгддэг зүйлсээсээ хуваалцаач?

-Өөрийгөө зөв олчихсон тохиолдолд гайгүй болов уу. Бүрэн эмэгтэй хүн болж төлөвшөөгүй байхдаа урлагийг давхар авч явна гэдэг жаахан хүндрэлтэй санагддаг. Л.Лхасүрэн багш маань хэлдэг байсан юм. “Эмэгтэй хүн жүжигчин байх нь маш их золиос шаарддаг” гэж. Би хүүхэд байхдаа "Эмэгтэй хүн жүжигчин байхын тулд  гоё, хөөрхөн л байхад хангалттай, юу нь хэцүү байдаг байна аа" гэж боддог байсан. Гэтэл тэр маань ёстой л хүүхдийн дэврүүн бодол байж дээ. Ер нь хэцүү үедээ хэцүү. Өөрийгөө бүрэн олоогүй эмэгтэйн гоо сайхныг нь биширч байгаад тухайн хүнийг эвдчихсэн тохиолдол амьдралд зөндөө л харагддаг. Урлагийн хүмүүс үнэнээрээ, чин сэтгэлээрээ байж л аливаа зүйлийг бүтээдэг. Эрэгтэй хүн хэчнээн яриулаад ч ойлгохгүй зүйлийг эмэгтэй хүн мэдэрч чаддаг. Хамгийн наад зах нь өөрийнхөө биед амьд ураг хөдлөх тэр мэдрэмжийг эмэгтэй л хүн мэдэрдэг. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг, эх хүн болдог. Энэ том ертөнцийг мэдрээд, ийм сэтгэлзүйгээр аливаа уран бүтээлд хандах нь маш торгон мэдрэмж. Иймээс л урлагт байдаг маш нарийн зүйлийг эмэгтэй хүн илүү мэдрэх боломжтой.   

-Та тайзан дээр эсвэл камерны өмнө байхдаа юуг хамгийн их чухалчилдаг вэ?

-Жүжигчин хүний анхаарал тухайн дүрд бүрэн автах боломжгүй. Дүрдээ хэт ороод өөрийгөө барьж чадахгүй уйлаад байвал яах вэ, тэгж эмоцидоо хөтлөгдөж, хамтрагчаа хүнд байдалд оруулдаг байж болохгүй. Би бол хамтрагчаа маш сайн хайрладаг жүжигчин гэж өөрийгөө боддог. Үүнийг ойлгох нэг нь ойлгоно. Энэ бол миний Л.Лхасүрэн багшаас сурсан эрдэм. Мөн текстээ мартана гэдэг бол жүжигчин хүний хувьд шившиг. Тийм өрөвдөлтэй зүйл байж болохгүй. Мянган хуудастай зохиол байсан ч цээжлэх л ёстой. Үг бодож тоглохыг би ойлгодоггүй юм. Жүжигчин хүний санаа зовох ёстой зүйл бол шал өөр юм шүү дээ.
 

 

УВИДАСТ ТЕАТРТ МОРИЛСОН ТҮҮХ

 

-Манайд гарын таван хуруунд багтахаар цөөхөн театр бий. “Вlack box” бол шалгуур өндөртэй театр. Тавигддаг жүжгүүд нь ч шинэлэг, дахин давтагдашгүй байдаг. Та анх яаж “Black box” театрт орсон бэ, одоо тус театрын жүжигчин болоод хэдэн жилийг үдэж байна вэ?

-Анх 2013 онд “Black box” театрт орсон. Өөрөөсөө зөрж чаддаггүй хүн хүссэн зүйлээ хийж чадахгүй байх нь их шаналгаатай байдаг юм билээ. Нэг хэсэг би их эмзэглэж явсан л даа. Сургуулиа төгсөөд театрт орж чадаагүй, тогтсон ажилгүй, уран бүтээлд ч тоглоогүй. Би бусад хүүхдүүдийг бодвол оюутан байхдаа телевизийн нэвтрүүлгээр олонд танигдчихсан байсан. Гэхдээ бусдаас онцгой царай зүс, бие хаа, ялгарах гоц авьяасгүй гэж өөрийгөө боддог, өөрийнхөө үнэ цэнийг ч бүрэн мэдэхгүй, зөв үнэлж ч сураагүй тийм л үеийг туулж байв. Нэг талаас шар хор хөдөлж, нөгөө талаас маш их шаналсан. “Вlack box” театрт аавыгаа тэнгэрт дэвшисэний дараахан орж таарсан. Тухайн үед болсон үйл явдлууд тэгж давхцсан нь энэ театрт орох, театрын агаарт уусан нэгдэх нөхцөл бүрдэхэд их нөлөөлсөн гэж боддог. Хүн харахад годгоносон, нүүрээ будсан охин байсан байх. Гэхдээ миний дотоод сэтгэл маш их тээштэй байсан. Би яг л буруу замаар яваад байгаа ч юм шиг санагдаж явсан үедээ энэ театрт ирсэн дээ.

-Тухайн үед Японы зохиолч Р.Акүтагавагийн өгүүллэгээс сэдэвлэсэн жүжгэнд дүр бүтээсэн бил үү?

-Тийм ээ. Тэр үеэр театр маань Р.Акүтагава зохиолчийн “Ширэнгэнд” жүжгийн эмэгтэй гол дүрийг хайж байсан юм билээ. Миний өмнө бараг 200-гаад охиныг шалгачихсан байв. Би бараг хамгийн сүүлд нь очсон. Намайг дуудсан хүн бол Л.Эрдэнэ-Очир эгч. Бид хоёр өмнө нь Н.Найдандорж найруулагчийн “Сэрүүн хасын нууц” жүжигт нэг нь уригдаж, нэг нь шалгагдаж тоглож байсан жүжигчид юм л даа. “Black box” театрт ирээд С.Мягмар ахад “Би танай театрын хаалгыг татаж үзээд, орж чадахгүй эргэлзээд зогсч байхад та намайг “Боролдой студи”-ийн цонхоор харж зогссон. Би ямар нэгэн юм хиймээр байсан. Би дотроо яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй ч нэг л гоё тансаг зүйлийг хүссэн. Тэгээд л би энэ театрыг ганцхан удаа шагайгаад үзчих юмсан гэж бодсон. Тэгсэн өнөөдөр би энэ театрт ороод ирлээ” гэж хэлсэн. Өөртөө л том зориг гаргаж, тэгж их итгэлтэй хэлж байгаа нь тэр. 

-Тэгвэл таны хүссэн газар яг мөн байжээ?

-Тэгэлгүй яахав. Театртаа орсондоо би маш их баярладаг. Маргаашнаас нь жүжгийнхээ бэлтгэлд шуугиад л орж явчихсан. Анх удаа хамт олонтой байж үзсэн, тэгээд л маш их хайртай болчихсон доо, энэ газарт. Би өөрийн дотор байсан бүх зовлон, шаналалыг тоглож байсан дүрдээ тэр чигт нь буулгасан, тэр нь ч зөв болсон. Тавигдаж байсан жүжгүүд нь ч маш хүнд жүжгүүд байсан учир өөр доторх сэтгэлийн эмзэглэлийг дүрдээ оруулж өгөхөд дөхөм болсон. “Black box” өөрөө маш сонин увидастай театр. Байх ёстой хүн нь л байдаг. Агаар нийлэх хүн нь л үлддэг. Авьяастай, авьяасгүй, сайн, муу гэж хүнийг дүгнээд байдаггүй. Алдахгүй хүнээ алддаггүй л газар. Харин явуулах хүнээ ямар ч шүүмжлэлгүйгээр зөвхөн сайн сайхныг хүсээд явуулчихдаг, ийм л театр.

-Уран бүтээлч хүмүүс бүтээлээ туурвиж түүгээрээ эдгэрэлийг олдог гэдэг. Нэг талаараа урлаг хүнийг эдгээдэг. Энэ тал дээр та хэр санал нийлдэг вэ? Урлаг танд эдгэрэлийг өгч чадсан уу?

-Чадсан. “Black box” театрт миний хамгийн анхны тоглож байсан жүжгүүд бол тэр чигтээ эдгэрэл. Гэхдээ ямар жүжигт хэр хэмжээний уран бүтээлчидтэй ажиллаж байгаагаас шалтгаална. Учир нь тайзны уран бүтээл бол хамт олны ажил. Зөрүүлээд сэтгэлийн шаналалтай болгодог ч тохиолдол бий. Уран бүтээлч хүний нэг давуу тал нь бүтээлээрээ эдгэрэл олох боломжтой. Гэхдээ маш үнэн, зөв ажиллагаа байж л сэтгэл санааны зөв хандлагыг олно. Тэгэхгүй зүгээр л нэг жүжигт тоглолоо гээд гунигаа хамт хөөгөөд явуулчихдаг юм гэж байх ёсгүй л дээ. Ухаарч ойлгох хорвоо гэдэг шүү дээ.

 

 

МОНГОЛЫН ТЕАТР ДАХЬ ЖИНХЭНЭ ГОДО

 

-“Годог хүлээхүй” жүжгийг “Black box” театрт үзэж байхад таны хоолойны цар хүрээ, жүжигчний ур ажиллагаа, уран чадварыг биширч байсан тэр догдлом үдшийг эргэн дурслаа. Таны хоолой жижигхэн, хээнцэр театрыг хэрхэн цуурайтуулж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. “Годог хүлээхүй” жүжигт тоглож байсан тэр үеээ эргэн дурсахгүй юу?

-“Годог хүлээхүй” жүжиг урьд өмнө бүрэн эхээрээ Монголд тавигдаж байсан. Гэхдээ алдаж оносон туршлага хийгээд түүх нь ч бага. “Уншсан, судалсан, тавигдаасай” гэж хүсдэг байсан хүмүүс харин маш их байсан. “Годог хүлээхүй” жүжигт бүтээсэн дүр минь хэв маягийн хувьд зүгээр л навсгар хувцастай нэг хүн харагдаж байсан байх. Гэхдээ миний хувьд дээрийн бидний ярьсан өнөөх “дүр бүтээх” гэдэг зүйлд хамгийн дөхсөн, зориглож, бодож ажилласан дүр минь энэ жүжгийн Дидигийн дүр байсан гэж боддог юм. “Годог хүлээхүй” жүжиг нийт зургаан удаа удаа тавигдахад би зургаан өөрөөр тоглосон. Магадгүй үзсэн хүмүүс анзаараагүй байж болно. Тэр тусмаа “Гэгээн Муза” олон улсын наадмын сүүлийн шатны тоглолтонд дээр яг бодож санасан шигээ, дүр бүтээх тал руугаа хамгийн дөхөж ажилласан. Би хоолойныхоо өнгийг нэг ч удаа өөрчлөхгүй, өөрийн энгийн хоолойны өнгө рүү оруулахгүйг хичээсэн. Тэр үед бараг ганц ч хором дүрээсээ гараагүй. Анх удаа л би “Годог Хүлээхүй” дээр тэгж явж чадсан. Мэдээж ингэхийн тулд сэтгэл санаагаа маш сайн бэлтгэсэн. Дотоод эрч хүчээ олох гэж хичээсэн. “Гэгээн Муза” наадам болохын өмнө би Арабын нэгдсэн Эмират улсад “Хүний дуу хоолой” нэг хүний жүжгээргээ олон улсын моно жүжгийн фестивальд оролцоод ирсэн байсан. Тэндээс олсон алдаа оноо, туршлагаа “Годог хүлээхүй” дээр ашигласан гэж хэлж болно. Тэр үед л би өөрөөрөө, хэтэрхий энгийн тоглох гээд, энэ л зөв, үнэн гэж бодоод, өөр рүүгээ ороод байгаа юм байна гэдэг зүйлсийг анзаарсан.

-Анх “Годог хүлээхүй”-г уншихад ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Жишээ нь, би анх уншихдаа бол юу ч ойлгоогүй...

-Миний одоо яриад байгаа жүжгийг магадгүй зарим хүмүүс мэдэхгүй байх. Энэ бол дэлхийн абсурдын эцэг гэж нэрлэгддэг Самуэл Беккетийн “Годог хүлээхүй” нэртэй 97 хуудас зохиол бүхий жүжиг юм. “Годог хүлээхүй” зохиолоо анх удаа уншиж дуусчихаад жүжигчид маань “Нөгөө агуу нь хаанаа байгаа юм бэ?”, “Хүмүүс агуу агуу гэсээр байгаад л агуу болгочихсон юм байна” гэж хоорондоо ярилцаж, инээлдэж байсан. Гэтэл бид ажиллаж байх явцад жүжигчнийг хэрхэн яаж дүр бүтээхийг жүжиг нь өөрөө зааж сургаж байгааг анзаарсан. Ямар сайндаа л би зургаан удаа тоглохдоо зургаан өөр тоглосон гэдэг нь тэр. Хамгийн эхний тавилт дээр бэлтгэсэн 97 хуудас зохиолынхоо текстийг хольж солих вий гэх айдас, хариуцлага байсан. Хоёр дахь тавилт дээр би өөдрөг, нөгөө дүр маань гутранги үзэлтэй гэдэг шугамаа бариад тоглочихсон юм шиг санагдсан. Дараа нь гурав дахь удаагийн тавилт боллоо. Гэтэл жүжиг эхлэхийн өмнө нөгөө дүрийн тээш гэдэг юм нь ч байхгүй, хов хоосон болчихсон. Би ч айгаад, уйлах гээд л толгой дотор юу ч бодогддоггүй. Ариун цэврийн өрөөний толинд өөрийгөө харахаар хоёр хоосон нүд өөдөөс ширтээд, хамаг үгээ мартчихсан ч юм шиг санагдаад...

Тухайн үед Л.Эрдэнэ-Очир эгч “Годог хүлээхүй” жүжигт туслах найруулагчийн үүрэг гүйцэтгэж байсан л даа. Тэгээд “Би хоосон болчихлоо” гэж Л.Эрдэнэ-Очир эгчид хэлтэл “Одоо л чи яг жүжгэндээ зөв орж байгаа юм биш үү” гэсэн. С.Мягмар ах абсурд, постмодерн урсгалыг бидэнд хамгийн сайн ойлгуулж чаддаг хүн л дээ. С.Мягмар ахын хэлсэн үг эхлээд ойлгомжгүй юм шиг боловч ухаж бодож чадвал яг л зөв байдаг. “Годог хүлээхүй” жүжгийн бэлтгэлийн үеэр С.Мягмар ах бидэнд “хоосон бай” л гээд байсан. Тэгээд л жүжгээ тоглосон. Ёстой л ямар ч сэтгэл хөдлөлгүй тоглочихсон. Нэг ёсондоо жүжиг дууссаны дараа яаж тоглосноо ч сайн мэдэхгүй байсан хэрэг. Заримдаа жүжигчин хүнд тайзан дээр яаж тоглосноо, ямар байснаа мэдэхгүй байх тиймэрхүү үеүд тохиолддог.

-Харин сүүлчийн тавилт дээр та яаж өөрчлөгдсөн байсан бэ?

-Хамгийн сүүлийн тавилт дээр өөртөө “Анхааралтай бай” гэдгийг хатуу сануулсан. Гэхдээ дүрээсээ огт гарахгүй гэдэг шаардлагыг би өөртөө тавьсан. Зарим тоглолтон дээр хамтрагчаа бодож, өөрийнхөө дүрээс гараад байснаа анзаарсан. Гэхдээ би дүрээсээ огт гарахгүй гээд нөгөө дүрээ хайрлахгүй байж болохгүй. Текст маань зүгширээд цээжинд суучихсан байсан учир гадна талаасаа хөдөлгөөн, бага зэрэг ажиллагаа нэмсэн. Бусад дүрүүдэд саад болохгүйгээр шүү дээ. Жүжиг дууссаны дараа би өөртөө “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бодож шаналсны хэрэг гарсан шүү, Оюунзул аа. Чиний энэ ажиллагаа миний бодлоор бараг зөв байсан. Чамайг хэн нэгэн үнэлэхгүй бол үүнд битгий гомдоорой. Чи “Гэгээн Муза” авахгүй байсан ч энэ тоглолтоор өөртөө нэг шинэ нээлтийг хийсэн шүү, дараа нь хоёулаа дүгнэлт хийе” гэж хэлсэн дээ.

-“Годог хүлээхүй” таны хамгийн хайртай бүтээлүүдийн нэг байх, та энэ жүжгээр өөрийгөө шинээр нээсэн гэж хэлж болох уу?

 -“Годог хүлээхүй” бол дээд зэргийн энгийн, дээд зэргийн агуу зохиол. Тэр их “агуу”-г нь хоосон тоглож байхдаа л мэдэрсэн хэрэг. Жүжиг өөрөө л хоосон бай гээд заачихсан. Агуу зүйл энгийн байдаг гэдэг яг үнэн. Энгийн байгаа учраас, амьдрал яг ийм учраас л энэ зохиол агуу. Заримдаа бидэнд тэгж санагддаг. Яг юуны төлөө амьдраад байгаа юм бэ? гэж. Юуны төлөө сураад, юуны төлөө хүсч мөрөөдөөд байгаа юм бэ, тэгээд явж явж бүгд л үхнэ. Ийм байхад яах гэж ч амьдарсан юм бэ гэж бодмоор. Тиймээс л энгийн бай, хоосон бай гээд заачихсан хэрэг.

Бас миний хамгийн хайртай жүжиг. Тэр тусмаа тоглосон дүрдээ маш их хайртай. Би Владимирын дүрд тоглосон. Энэ дүрийг Диди гэж дууддаг. Диди бол өөдрөг үзэлтэй, аливаа зүйлээс үргэлж гэрэл гэгээг олж хардаг. Дидигийн дүрд ихэвчлэн эрэгтэй хүмүүс тоглодог л доо. Мэдээж дэлхийн хэмжээнд асар олон тоглогдох явцад эмэгтэй хүн тоглосон тохиолдол бий.

Энэ дүрийг бүтээхэд ерөөсөө л дотоод эрч хүчийг олох нь чухал байсан юм байна лээ. Өөдрөг дүр гээд гадна талдаа инээх ямар ч албагүй, бүр инээхгүй ч тоглож болно. Энэ жүжиг нэг удаа ч нулимс унагадаггүй, нэг удаа чанга ч орилдоггүй. Ямар ч жүжигчний техник шаардлагагүй. Тэгэхээр их амархан юм шиг, жүжигчний уран чадвар гарахгүй юм шиг санагдаж магадгүй. Гэвч хоосон байх, хоосон тоглох, хоосонг ойлгох, мөн чанарыг нь таньж мэднэ гэдэг хүнд асар их чадварыг өгдөг юм билээ. Хамгийн чухал зүйлийг ойлгоход надад цаг хугацаа маш их тусалсан. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлдэж байсан үйл явц маань л энэ дүрийг таньж мэдэхэд нөлөөлсөн гэсэн үг. Энэ зохиол надад хангалттай ихийг өгсөн. Хэрвээ би олон жилийн дараа тогловол дахиад л нэг мэдэхгүй байсан зүйлээ олж авах байх даа.

-Жүжигчин хүн үргэлж бодож, эргэцүүлж, бас эргэлзэж байх нь уран чадварын хувьд нэг талаар зэврэхгүй, байнга амьд сэргэг байх нөхцөл нь болж өгдөг үү?

-Эргэцүүлээд л яваад байхад нэг л өдөр хариу нь олддог. Гэхдээ үргэлж эргэлзээн дунд амьдраад байх ч бас хэцүү. Би ямар ч эргэлзээгүйгээр өөрийн хийж чаддаг зүйлсээ мэднэ. Гэхдээ надад бодож, эргэцүүлэх зүйл маш их байна. Магадгүй энэ ярилцлагыг хэдэн жилийн дараа уншвал “Би яг юу яриад байсан юм болоо” гэж гайхаж магадгүй. Надад одоо их сонин мэдрэмж төрж байна л даа. Гэвч би одоо яг л үнэнээсээ ярьж байна, учиргүй ухаантай, мундаг харагдах гээд ч чадахгүй.

 

ШИНЭ БҮТЭЭЛ БА ШИНЭ СУРАГ

 

-Зохиолч Г.Аюурзаны “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Хэвтрийн хүн” киноны найруулагч С.Бямба нэгэн ярилцлагадаа “Зохиол ерөнхийдөө бэлэн болсон. Одоо надад жүжигчдээ хэрхэн сонгох вэ гэдэг маш том асуудал тулгараад байгаа” гэж ярьсан байсан. Гэтэл та тус киноны жүжигчдийн нэгээр сонгогдсон байна. С.Бямба найруулагчтай хамтарч ажилласан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-С.Бямба найруулагчтай хамтарч ажилсан минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэр хүн бол маш мундаг найруулагч. Ганц кинонд нь тоглоод бүрэн ойлгож, таньж мэдэж чадахааргүй. Найруулагч маань зураг авалтын өмнө жүжигчдээ дуудаж их ярилцдаг байсан. Магадгүй нэг талаар кинондоо тоглуулах гэж буй жүжигчдийнхээ хувь хүнийг таньж мэдэх оролдого хийж байсан байх. Тэр авьяас, уран чадвар гэхээсээ илүүтэй тухайн хүний ертөнц, хувь хүнийг таньж ажилладаг юм шиг санагдсан. “Монголд зөндөө олон мундаг жүжигчид байна. Гэхдээ би жүжигчдээ сонгохдоо өөр олон зүйлийг хардаг” гэж бидэнд ярьж байсан. Зөвхөн энэ үгнээс нь л эш татахад хамтарч ажилласан залуучуудад тэр хүн өөрөө байгаагаараа л маш их зүйлийг өгсөн. Мэдээж миний хувьд “Хэвтрийн хүн” кинонд тоглоход алдаж оносон зүйл их бий. Ямартай ч би Г.Аюурзана зохиолчийн “Хэвтрийн хүн” зохиолыг уран сайхны кино болгон хийж буй энэ багт багтсандаа маш их баяртай байгаа. Кино ямар ч болсон бай, би энэ уран бүтээлээр, уран бүтээлчдээрээ бахархах болно.

-“Хэвтрийн хүн” зохиол кино болно гэдэг нь л өөрөө зохиолч Г.Аюурзаны үнэнч уншигчид, С.Бямба найруулагчийн киног үздэг үзэгчдэд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа. Та энэ кинонд хэрхэн тоглох болсон юм бэ?

-Намайг пробонд орооч гэж дуудсан. Би нэг биш нэлээн олон удаа очиж шалгуулсан. Очих бүрт "Олон дахин дуудаж байгаад уучлаарай, ингэхээс өөр арга алга" гэдэг байсан. Шалгуулж буй жүжигчид тэнцэх үгүйгээ нь ч мэдэхгүй байсан. Учир нь бидэнд ямар ч найдлага төрүүлээгүй. Гэхдээ би дотроо тэнцчихээсэй гэж их хүссэн. Тэнцсэнээ мэдээд маш их баярласан. Яг зураг авалт эхэлтэл нөгөө баярлаж байснаас тэс өөр, мэдэхгүй ертөнц намайг угтаж авсан. Нэг ёсондоо бүх зүйл маш энгийн байсан.  Найруулагчийн ажиллагаа ч тэр. Зүгээр л энгийн юм шиг хэрнээ маш өөр. Тэрэнд дасан зохицож, өөрийн ур ажиллагаагаа гаргах гэж бүх чадлаараа хичээж ажилласан даа. Олон ч шинэ зүйлийг мэдэрсэн. Хэзээ ч, ямар ч найруулагчаас сонсож байгаагүй жүжигчний ажиллагаа болоод киноны тухай ойлголтуудыг мэдэж авсан. Харин бүтээсэн дүрийн хувьд “нууц” хэвээрээ үлдэг дээ.

-Баярлалаа, шинэ бүтээлийн талаар мэдээлэл өгсөнд. Та гэр бүлийнхээ хүнийг манай уншигчдад танилцуулж болох уу?

-Миний ханийг Гэрэлт-Од гэдэг. Нэр шигээ л гэрэлтсэн залуу бий. Би нөхрийнхөө бүтэн нэрийг өмнө нь өөр ярилцлагад хэлж байгаагүй. Хувийн харилцааг их нандин байлгах ёстой гэж боддог. Одоо бид хоёр албан ёсоор эхнэр, нөхөр болчихсон учраас ханийгаа танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. Одоо бид хамтдаа сайхан амьдарч байна. Анх танилцаад л маш хурдан ойлголцчихсон. “Би энэ хүнтэй л хамт байх ёстой юм байна” гэдгээ мэдэрсэн. Бидний хайрын түүх, дурсамжууд дандаа гэгээлэг, хөгжилтэй байдаг нь намайг үргэлж жаргалтай болгодог. 

-Эмэгтэй хүнээс бид тэр бүр төрж, өссөн нутаг усыг нь асуудаггүй. Та өөрийн төрсөн нутгийнхаа талаар ярьж өгөхгүй юу?

-Сайхан асуулт байна. Би учиргүй шашин шүтдэггүй л дээ. Гэхдээ монгол хүнийг тэнгэрээс заяатай гэж бат нот итгэдэг. Тиймээс ч өөрийнхөө удам судраар маш их бахархаж явдаг. Би бол өндөр халх хүн. Говийн эмэгтэй. Аав минь Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн. Хожим аав, ээж хоёр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд амьдарч, бид тэнд өсч өндийсөн. Би жаахан байхдаа хурдан морь унадаг байсан. Зарим хүмүүс итгэдэггүй л дээ. Намайг одоо ч манай нутгийнхан гоё гийнгоолдог, шартай унаач байсан шүү гээд л ярьдаг юм. Аав хангайн хүн болоод ч тэр үү манайх өвөлжөөндөө байшин барьж байсан бараг анхны айл, бас их сайхан айрагтай. Би дээрээ нэг эгч, доороо нэг дүүтэй. Аав, ээж хоёр  минь хүүхдүүддээ хэзээ ч үзэл бодлоо тулгаж байгаагүй, өөрсдөө л амьдралыг таньж мэдэх боломжийг өгдөг байсан. Биднийг боловсролтой хүмүүс болгохын тулд манайх хот руу нүүж ирсэн дээ. Одоо Дундговь аймгийн Говь-Угтаал суманд эмээ минь амьдардаг. Эмэгтэй хүний л үнэнч зан юм болов уу, эмээ нутгаасаа огт холдохгүй гэдэг юм. Хүүхдүүд нь хэчнээн ятгаад ч дийлэхгүй байгаа.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.22.248) 2024 оны 02 сарын 18

Uyn sonin tsarai ve.

1  |  0
Зочин(66.181.160.105) 2024 оны 02 сарын 18

МУНДАГ ОХИН БАЙНА. АМЖИЛТ

1  |  0
Зочин(66.181.160.105) 2024 оны 02 сарын 18

МУНДАГ ОХИН БАЙНА. АМЖИЛТ

1  |  0
Top