ЭДИЙН ЗАСАГ: НЭХЭЛ үргэлжилсэн 7 хоног

2019 оны 02 сарын 23

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Эдийн засгийн хэтийн төлөв, мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө зэрэг бодлогын асуудлуудыг хамарсан илтгэлүүд, эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгааны ажлуудыг хэлэлцсэн нь долоо хоногийн онцлох үйл явдал байв.

 

Гацууртыг дагасан НЭХЭЛ үргэлжлэв

“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүд  Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE  компанид 35 сая ам.доллараар худалдагдсан тухай асуудал 2018 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс хойш ХАЛУУН СЭДЭВ хэвээрээ байгаа. Халуун чигээр нь байлгах шаардлага бийг Зиндаа.мн цуврал нийтлэлүүдээрээ сануулсаар байгаа билээ. Ашигт малтмалын орд газруудад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ОПЕРАЦИ стратегийн гэх тодотголтой Асгатын мөнгөний орд болон стратегийн бус  Салхит, “Цагаан эрэг”-ийн ордуудад хэрэгжиж эхлээд байгаа. Гэтэл  УИХ-ын  2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болсон Гацууртын ордтой холбоотой асуудлыг ТӨР үл огоорч байгаагийн цаана хэний, аль бүлэглэлийн эрх ашгууд нуугдаад байна вэ гэдэг асуудал анхаарал татсаар байна.


Эерэг ӨӨРЧЛӨЛТ-ийг “хадгалах” тухай хэлэлцэв
 

“Think Thank 2019 – Мөнгө санхүүгийн орчин” сэдэвт хэлэлцүүлэг эдийн засгийн нөхцөл байдлын ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ-ийн талаар хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн хугацаан дахь Мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн тогтвортой байдлын төлөө Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр Мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжсэн. Монголбанкнаас эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар буурсан. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өссөн. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон зэрэг эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийн талаар  дурдагдлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  хэлэхдээ “Монгол Улс нийтдээ 6.5 их наядын Засгийн газрын  төсвийн өрийг төлж барагдууллаа. Ингэснээр өрийн дарамт буурч, өнөө маргаашгүй дефолт үүсэх эрсдэлээс ангижирч,  өрийн тогтвортой байдал руу шилжих боломж бий болж байна... Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2019 оны төсөв болон Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Одоо хэрэгжүүлж байна.  Энэ онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү,  банк, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. Эдийн засагт бий болж байгаа эерэг хүр дүн, үр нөлөөг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлого, арга хэмжээг хамарч байгаагаараа онцлогтой.  Сүүлийн  хоёр жилд банкны салбарын хууль, эрхзүйн өөрчлөлт шинэчлэл амжилттай хэрэгжлээ. Энэ оны хувьд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь буруу мэдээлэл, улс төржилтөөс шалтгаалсан сөрөг нөлөө, зохисгүй хүлээлт буюу субъектив тал давамгайлсан байдлыг зохицуулах замаар нийгэмд зохистой хүлээлтийг бий болгох, долларжих үзэгдлийг тогтворжуулах, бууруулах, төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд юу хийвэл зохистойг ярилцах, эрдэмтэн судлаачдын судалгаа, олон нийтийн санаа бодол, баримт нотолгоонд суурилсан мэтгэлцээнийг хэлэлцүүлгийн хэлбэрээр хийж олон түмэнд хүргэх явдал гэж ойлгож байна гэсэн юм.

Албаны хүмүүсийн өгч буй мэдээллүүд, тоон үзүүлэлтүүдээс үзэхэд эдийн засгийн өнгө төрх аятайхан байна. Тэгвэл цаашдаа эерэг үзүүлэлтүүдээ хэрхэн хадгалах вэ? Өгөөжийнх нь хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэг асуулт чухалд тавигдаж байна. 


54.5 тэрбум төгрөгийн  НОГДОЛ АШИГ хуваарилна

Компанийн тухай  хуульд  заасны дагуу Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл  санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг. Тэгвэл хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон. Хуулийн хугацаанд СЗХ-нд  51 ХК мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал:

  • “Говь” ХК  5 тэрбум  304  сая төгрөг
  • “Баян Тээг" ХК  нэгж хувьцаанд 3958.7 төгрөгийн ногдол ашиг
  • “Монгол Базальт”  ХК нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашиг
  • “Хөвсгөл Алтан Дуулга" ХК  нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашиг
  •  “Монгол Шуудан" ХК 468 сая төгрөгийн ногдол ашиг
  • “Мах импекс" ХК нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашиг
  • “Талх чихэр" ХК нэгж хувьцаанд 200 төгрөгийн ногдол ашиг
  • “АПУ" ХК 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг
  • “ХҮРД" ХК 74.4 сая төгрөгийн ногдол ашиг
  • "Мандал Даатгал" ХК  624.3 сая төгрөгийн ногдол ашиг
  • "Жуулчин Дюти Фрий" ХК 653.6 сая төгрөгийн ногдол ашиг
  • “Ард Даатгал” ХК 631.7 сая төгрөгийн ногдол ашиг
  • "Гутал" ХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг  
  • "УБ БҮК" 131.5 сая төгрөгийн ногдол ашиг тус тус хуваарилах шийдвэр гаргалаа.  

ТАНХИМ-ыг ӨӨРЧИЛНӨ гэж 3 нэр дэвшигч мэдэгдлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ XX их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болох гэж байна. Бизнес эрхлэгчдийг амжилт руу хөтөлсөн, ХӨТӨЧ нь байх зорилготой тус байгууллага 4 жил тутамд Их хурлаа хийж, Танхимын удирдах дээд байгууллагын тайлант хугацаанд  хийсэн ажлыг хэлэлцэн дүгнэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхой болгож, удирдлагын түвшний сонгон шалгаруулалтаа хийдэг уламжлалтай. Тэр дагуу энэ удаагийн ээлжит Их хурлаар МҮХАҮТ болон Хяналтын зөвлөлийн   2015-2018 онд  хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэнэ. Мөн МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгуулийг явуулах юм.

Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал  Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, танхимын одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав нар өрсөлдөхөөр байр сууриа илэрхийлцгээлээ.

Нэр дэвшигч Б.Лхагважав “Миний хувьд нэг удаа дахин сонгогдох эрх байгаа. Энэ боломжоо ашиглаж, нэр дэвшинэ. Би маш тодорхой гурван зүйлийг дэвшүүлж, түүнийхээ төлөө л тууштай ажиллана. Одоогоор өрсөлдөгчид эцэслэн тодорхой болоогүй учраас юу хийхээ нууцалж байгаад Их хурал дээр илэрхийлнэ” гэсэн бол О.Амартүвшин  “Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс арав гаруй байраар ухарчихлаа” гэж ярьж байна. Харин Ч.Ганхуяг "Би энэ сонгуульд өрсөлдөнө. Танхимыг өөрчилнө. Би сонгогдсон ч, сонгогдоогүй ч дотоод үйл ажиллагааны хувьд зөрчилд идэгдэн хэдэн хүмүүс барьцалдаж, найр тавьсан, гадагшаа хандсан ажлын хувьд үр дүнгүй үлбэгэр энэ байдлыг өөрчилнө. Баялаг бүтээгчид хүчээ нэгтгэх цаг болсон” гэж мэдэгдлээ. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан ч МҮХАҮТ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, өөрчлөлт хэрэгтэй байна гэж дуугарлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top