Ойрын өдрүүдэд зарим нутгаар бага зэргийн цас орно

2019 оны 02 сарын 23

Өчигдрийн байдлаар /2019.02.22/ Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг, Булган аймгийн хойд, Сэлэнгэ, Төв аймаг болон Дундговь аймгийн баруун, Архангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Эдгээрээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 24 см, Хяргас, Малчин суманд 20 см, Баруунтуруун суманд 19 см, Улаангом суманд 18 см, Завхан аймгийн Баянтэс суманд 16 см,  Хөвсгөл аймгийн Хатгал, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 15 см, Улиастай хотод 14 см зузаан цастай байна.

 

Энэ долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч суларч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-9 хэмээр дулаарлаа. Ойрын таван хоногийн цаг агаарын төлөв байдлын мэдээнээс харахад, энэ сарын 23-нд төв аймгуудын нутгийн хойд, 24-нд нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмээс дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна гэж Ус, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top