СЭДЭВ: Монголын боломж ба Австралийн зовлон

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Яг хоёр долоо хоногийн Австралийн Күийнслэнд мужид буусан үер хэдийгээр татарсан ч нүүрсний борлуулалт нь өмнөх хэмжээнд хүрэхгүй байгааг Австралийн уул уурхайн яам онцолжээ. Тус улсын нүүрсний экспорт оны өмнөхтэй харьцуулбал тав гаруй хувиар унаад байна. Яг найман жилийн өмнөх үйл явдал давтагдаж байгаа мэт. Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйл л дан ганц Австралийн нүүрсний салбарт дарамт учруулаад байгаа гэвэл өрөөсгөл. БНХАУ-ын Австралийн нүүрсний салбарт баримталж буй бодлого тэдэнд маш том дарамт болж байгаа. БНХАУ 40 хоногийн хугацаанд нүүрсний онгоцнуудын гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг хойшлуулсан нь Австралийн Засгийн газрыг зөвхөн худалдааны асуудал биш улс төрийн зорилготой алхам гэж ойлгоход хүргээд буй.

БНХАУ-ын засаг захираа Австралиас орж ирэх дулааны нүүрс болон коксжих нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийхдээ урьдынхаас илүү хугацаа зарцуулж байгааг Австралийн талаас онцолж байна. Хойд болон өмнөдийн боомтуудад ийм байдал илүү ажиглагдаж байгааг БНХАУ-ын Нүүрс тээвэрлэлтийн холбооноос мэдээлжээ. Энэхүү ажлыг оноос өмнө хэрэгжүүлж, нэгдүгээр сараас түр зогсоох болсон юм. БНХАУ-ын нүүрсний дотоодын олборлолт нэмэгдсэн нь ийнхүү экспорт, импортоо зохист харьцаанд оруулах, нүүрсний хамаарлыг аажимдаа багасгах бодлогын үндэс болсон гэж ойлгогдож байгаа. Энэ бодлогын хариу болгож Австралийн томоохон компаниуд хамтран ажиллах томоохон төсөл хөтөлбөрүүдээ эргэн харахаар болоод байна.

Ойрын хугацаанд Австралийн Засгийн газар Худалдааны яамаараа дамжуулан БНХАУ-ын Худалдааны ерөнхий хороо болон Засаг захиргаа ямар учраас ийм нөхцөлд байдалд хүргэж байгаа дээр албан ёсны тайлбар авахаар болжээ. Өнгөрсөн жил БНХАУ-ын хойд хэсгийн Далиан боомтоор гэхэд Австрали улс 14 сая тонн нүүрс экспортолсон баримт бий. БНХАУ-ын Далиан боомт нь Далиан, Баючуан, Панжин, Дандон, Бейлиан зэрэг таван боомтоос бүрддэг бөгөөд Далиан боомтын захиргаа нэгтгэн хяналт тавьдаг юм. БНХАУ Австрали улсаас нүүрс экспортлохгүй байх нь магадгүй Монгол Улсад  том боломж байж болно. Учир нь Австралийн нүүрсний хэрэгцээг Индонези, Орос, Энэтхэгээс гадна хамгийн ойрын хөрш Монголоосоо авсан нь энэ хооронд үүссэн заагийг арилгах шижим байхыг үгүйсгэхгүй. Яг одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тонн тутамдаа 71.55 ам.доллароор хэмжигдэж байна. Үүсэн нөхцөл байдлаас харахад, АНУ-Хятадын худалдааны дайнаас гадна Австрали-Хятадын нүүрсний салбарын адармаатай байдал нь ийнхүү нүүрсний үнэ нэмэгдэх үндэс болж эхэллээ. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл л дан ганц Австралийн нүүрсний салбарт дарамт учруулж байгаа гэвэл өрөөсгөл. БНХАУ-ын Австралийн нүүрсний салбарт баримталж буй бодлого том дарамт болж байгаа.

Үүнээс гадна байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан Австралийн нүүрсний экспортын уналт Монголын хувьд найман жилийн өмнөх таатай боломжийн үндэс гэдгийг мартах учиргүй. Түүхийн хүрдийг долоон жилийн өмнөх рүү ухрааж үзвэл, яг л ижил дүр зураг ажиглагдана. Тухайн үед Күийнслэнд мужид үер бууж байлаа. 2010 оны арваннэгдүгээр сард буусан үер татрахгүй байсаар 2011 оны нэгдүгээр сартай золгосон билээ. Байгалийн гамшиг нэг тэрбум австрали долларын хохирол учруулсан юм. Бодит хохирлоос гадна нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт огцом буурч, 2011 оны арваннэгдүгээр сар хүртэл нүүрсний нийлүүлэлт, орлого нэмэгдэхгүй байсаар Австралид том алдагдал дагуулсан. Тухайн үедээ дэлхийн эдийн засгийн хямралын давлагаанд цохигдоод байсан Монгол Улсад энэ байдал ашигтайгаар эргэсэн гэхэд болно. Монгол Улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамдаа 118.1 ам.долларт хүрч, оны эхнээс 1.5 дахин өсч, нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлж байлаа. Нийт жилийн тухайд авч үзвэл, Монголы Улс 2011 онд 15.6 сая тонн нүүрс экспортолж, өмнөх оныхоос даруй гурван сая тонноор нэмэгдэн, мөнгөн дүнгийн орлого 1.6 тэрбум ам.долларт хүрч байсан юм. Үүнийг байгалийн асар их баялагтай ч хямралын давлагаанд цохигдсон Монгол Улсад гэрэл гэгээ авчирсан таатай цаг үе гэж одоо ч эдийн засагчид хэлдэг.

Үер бууснаас хоёр жилийн дараа Күийнслэнд орчимд дахин үеэр бууж, нүүрсний нийлүүлэлтийг удаашруулж байлаа. Үр дүнд нь мөн адил Монгол Улс хожсон. 2012 онд буураад байсан нүүрсний экспортын орлого 2013 оны эцэс гэхэд хоёр хувийн өсөлттэй гарсан юм. Күийнслэнд орчимд үер буух болгонд Монголын нүүрсний экспорт өссөөр ирсэн. Энэ жил хоёр ч удаа буусан үер Күийнслэнд мужийн цаашлаад Австралийн нүүрсний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж эхэллээ. Нүүрсний зах зээлийн үнэ ч 0.5-1 ам.доллароор өсөөд байна.

Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны судалгаагаар түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан эдийн засгийн өсөлтийг саарна гэж таамаглаж байсан. Тэгвэл энэ нөхцөл байдал дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын төсөөллийг нэмэгдүүлэх нь гарцаагүй гэдгийг харуулах боллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top