“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томиллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томиллоо. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар өчигдөр /2018.02.26/ түүнд тамгыг хүлээлгэн өгөхдөө “Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хүлээгдэж байгаа. Иймд эдийн засгийг тэлэх боломжит үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.

Б.Ачитсайхан нь “Эрдэс Баялаг Эрчим хүчний яам”-ны Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 2010 оноос хойш ажилласан туршлагатай аж.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор байгуулсан бөгөөд үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж юм. Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн зураглал хийх ажлыг нэн түрүүнд хийнэ гэдгээ “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан онцоллоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top