ОУВС-гаас БҮТЭН мөнгө авахын тулд АМЛАЛТ хэрэгжих ёстой!

2019 оны 02 сарын 28

Олон улсын валютын сангийн /ОУВС/ хөтөлбөрийн хүрээнд  2018 онд 850 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байсан ч, 300 гаруй сая ам.доллар орж ирсэн гэдгийг Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэгдүгээр сард ярьсан. Тэгвэл  хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, “Жайка”-гаас 2018 оны төгсгөлд 360 сая ам.долларын санхүүжилт манай улсад шилжиж орж ирэх байсан нь, 2020 он хүртэл хойшилсон гэдгийг Монголбанкны  Мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлэв. Энэ 2019 онд орж ирэх ёстой санхүүжилт бол төлөвлөсний дагуу орж ирэх төлөвтэй байгаа аж.

Хэрэгжиж эхлээд гурав дахь онтойгоо золгоод буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд донор орнууд, санхүүгийн байгууллагуудаас  манай улсад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн ерөнхий зураг бий. Гэхдээ манай тухайд хөтөлбөрийн хүрээнд өгсөн амлалтуудаа биелүүлж, төсвийн сахилга батыг сахиж байж МӨНГӨ авч таарна.


НЭГ: Хүлээсэн үүргээ сана!

2018 онд орж ирэхээр төлөвлөгдсөн санхүүжилт дутуу гучуу орж ирсэнтэй холбоотой асуудлаар Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Засгийн газраас ОУВС-гийн өмнө тодорхой хэмжээний үүрэг авчихсан байгаа. Монголбанкны хувьд ч гэсэн банк санхүүгийн системийг сайжруулна, чадавхжуулна гэсэн үүрэг авсан. Авсан үүргүүд дотроос зарим нэгэн дээр нь хугацаа хожимдсон тал бий. Дэлхийн банк тэтгэврийн насыг төд болго, татварын ялгаатай бодлого явуул гэсэн үүрэг өгсөн. Тэр болзлыг нь биелүүлэхдээ сонголттой болгочихоод байгаа. Тэгэхээр нөгөө тал “Та бүхний шийдлийг харж судалъя. Тавьсан нөхцөлийн дагуу хийсэн эсэхийг шалгая” гээд үнэлгээ өгөх хугацаагаа хойшлуулаад байна л даа. Японы Засгийн газраас орж ирэх мөнгө бас хойшилж байна. Японы Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнээс гадна давхар нэг нөхцөл гарч ирсэн. Шинэ онгоцны буудлын менежмэнттэй холбоотой асуудал гарсан. Японы санхүүжилтээр онгоцны буудлаа барьсан ч яг ажиллуулахдаа тулахаар хэн нь менежмэнтийг авах тухай яриа үүссэн юм билээ. Шинэ нисэх буудлыг 51:49 хувийн харьцаатайгаар тодорхой хугацаагаар Япон талаар удирдуулаад, дараа нь Монголд шилжүүлж авах нөхцөлүүд тохирч байгаа мэдээлэл дуулдсан” гэж байр сууриа илэрхийлсэн байсан.


ХОЁР: Цаашид хийх алхам

Албаны хүн ийм байр суурь илэрхийлсний дараа 2019 оны нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багийн ахлагч Ж.Готтлиббагийн гишүүдийн хамт манай улсад айлчилж, бодлого боловсруулагч байгууллагуудтай уулзан, хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийсэн юм.  Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн төлөв, цаашид арга авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өрнөсөн гэж Төв банкны зүгээс мэдээлсэн. Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй байгаа, экспортын үнэ болон гадаад орчин эдийн засгийн засгийн идэвхжлийг дэмжин хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцолсон байгаа юм.  Монголбанкны зүгээс инфляцийн төлөв, эдийн засгийн сэргэлт, валютын нөөцийн хуримтлал, зээлийн өсөлт зэрэгтэй уялдуулан бодлогын хүү болон макро зохистой бодлогыг хослуулан бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар уулзалтын үеэр хэлэлцсэн. Түүнчлэн банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирсон байгаа юм.


ГУРАВ: 2019 оны төлөвийг ярилцав

Тэгвэл энэ уулзалтын дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 29-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлиб болон албаны бусад хүмүүстэй уулзсан гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “2018 онд эдийн засгийн өсөлт 6.4-7 хувь, Засгийн газрын өр буурч, төсөв ашигтай гарсан, зээлжих зэрэглэл нэмэгдсэн талаар мэдээлэл өглөө. Ийнхүү эдийн засагт эерэг үзүүлэлт гарахад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж, 2019 оны эдийн засгийн төлөв байдлын талаар санал солилцлоо” гэж мэдэгдсэн. 


ДӨРӨВ: Бүх эрсдэлийг хаалаа гэсэн үг биш...

Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа хөтөлбөртэй холбоотой асуудлаар   “Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Жайка  байгууллагатай тодорхой хэмжээний бодлогын нөхцөл тохирдог. Биелэлтийг нь мөн хардаг. Монгол Улсын хувьд биелэлтээ эдгээр байгууллага руу явуулж, удирдах зөвлөлөөр нь дэмжүүлсний үр дүнд санхүүжилт орж ирдэг. Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 2019 оны хоёрдугаар сард хуралдах товтой. Тус банк дэмжвэл манай хамгийн том донор Жайка-гаас санхүүжилт өгнө. ОУВС­-гийн үнэлгээний Ажлын хэсэг саяхан ирээд явсан. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд хангагдсан. Бүтцийн өөрчлөлтүүд цаг хугацаандаа явж байна гэсэн эерэг үнэлгээ өгсөн. Гэхдээ энэ нь ирэх оны бүх эрсдэлийг хаалаа гэсэн үг биш. Бид төсвийн сахилга батаа үргэлжлүүлэн сахих ёстой” гэв.


ТАВ: Бодлогуудын уялдаа холбоог хангах хэрэгтэй

Тэгвэл ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэр хэлэхдээ “Эдийн засгийн бодлогуудыг зохистой хэмжээнд хатуу байлгаж, уялдаа холбоог хангах хэрэгтэй.  2019 оны нэгдсэн төсөв, нэн ялангуяа зардлыг хянах тал дээр зөв чиглэлд явж байна.  Монголбанк инфляцийн өөрчлөлт, санхүүгийн салбарын эрсдэлээс анхаарлаа салгалгүй байж, бодлогын зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Жишээ нь,  макро зохистой бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй” гэж бидэнд зөвлөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top