1072 хувьцаа амь ороход бэлэн үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

“Эрдэнэс-Тавантолгой”-ын хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын зах зээл гаргах тухай Засгийн газар, УИХ-ын тогтоол гараад хагас жилээс илүү хугацааг үджээ. Үүнээс хамгийн том мессеж нь 1072 хувьцаа амь орох тухай Гүйцэтгэх захирлын амлалт байв. Компанийн зүгээс эхлээд олон улсын зах зээл дээр хувьцаа арилжаалсны дараа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, олон нийтэд нээлттэй компани болно гэж мэдэгдээд буй. Тэгвэл ард иргэдийн дунд хөрөнгийн зах зээлийн тухай, хувьцаагаа хэрхэн арилжаалах тухай мэдээлэл байгаа юу гэдэг нь хамгийн асуудал болоод байна. Судлаачийн үгээр хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт бага байгаагийн дээр хадгаламжийн данс, хувьцааны данс хоёроо ялгахгүй байгаа гэж мэрэгжилтнүүд мэдээллээ.

1072 хувьцаа ирэх дөрөвдүгээр сард амь орно

Насны хишиг, оюутны төлбөр гэж засгаас засгийн хооронд шидэгдсэн 1072 хувьцаа ирэх дөрөвдүгээр сард амь орно гэж компанийн удирдлагууд хэлж байна. Ирэх дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгж хувьцааны үнэлгээ, ногдол ашгаа хэрхэн тараах талаар нэгдсэн шийдэлд хүрэх юм байна.

“Аудитлагдсан тайлан удахгүй гарна. Тэгэхээр нэгж хувьцааны ногдол ашиг тогтоох санал тодорхой болно. Энэ саналаа ТУЗ, бодлого барьж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд танилцуулна.  Үүний дараа дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг эцсийн байдлаар тодорхой болно” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан юм.

Иргэдийн дунд дотоодын зах зээлд гараагүй учраас ногдол ашиг тараах нь эргэлзээтэй гэгдэж байсан ч компанийн цэвэр ашиг өссөн тул ногдол ашиг тогтооход ямар нэгэн асуудалгүй гэж ЭТТ-ээс мэдээллээ.

 

ЭТТ нээлттэй компани болоход бэлэн үү?

“Эрдэнэс-Тавантолгой” 2013-2016 онд дампуурах дээрээ тулаад байснаа бодвол 2018 оноос санхүүгийн хүндрэлээ давж ашигтай ажиллах болсон. Ногдол ашиг тараах, олон улсын зах зээл дээр гарах яриа санхүүгийн сэргэлтийн дараахнаас эхэлсэн байдаг. Энэ хугацаанд олон улсын зах зээл дээр гарахын тулд мэдээллээ нээлттэй болгож, эрдэмтдийн болон олон нийтийн зөвлөл байгуулсан. Хувьцаа эзэмшигчдэд зориулсан 1072 хувьцаа мэдээллийн төвийг ч тусад нь байгуулаад байна. Гэхдээ хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдээлэл олгох цэс, компанийн үйл ажиллагаа, хувьцаатай холбоотой тухай хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдээлэл хомс байгааг судлаачид хэлсэн юм.

“Яахав 1072 гэсэн цэс байна лээ. Гэхдээ яг хөрөнгө оруулагчдад холбоотой, тэдэнд зориулсан тусгайлсан цонх одоогоор байгаагүй. Хөрөнгө оруулагчдад хандсан сүүлийн үеийн мэдээлэл байхгүй гэсэн үг. Хэрэв хөрөнгийн зах зээл хувьцаагаа нээлттэй арилжаалж нээлттэй компани болох гэж байгаа л бол цаашид цахим хуудсандаа хувьцаа эзэмшигчдэд зориулсан цонх үүсгэх шаардлагатай” гэж ХҮИС-ийн багш, Доктор П.Баянсан ярьсан юм.

Бидэнд ирсэн сүүлийн үеийн мэдээллээр “Эрдэнэс-Тавантолгой” компани ирэх зургаадугаар сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хэрэв улстөрийн шийдвэрүүд удахгүй бол энэ хугацаанд багтан олон улсын зах зээл дээр гарах юм байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарахдаа гурван тэрбум ам.долларын IPO гаргахаар болсон юм.

 

Бид хувьцааны ойлголттой юу?

Хувьцаа гэж юу вэ? Шинэ нийгмийн босгон дээр цэнхэр, ягаан тасалбараар хуурсан улстөрчдийн явуулга уу? Эрх баригч нам нь сонгуулийн өмнө элдэв тоогоор далдлан хуурдаг шилний цаадах чихэр үү? Эсвэл хэнээс ч хамааралгүйгээр өөрсдийн дэмжиж буй компанидаа хөрөнгө оруулсан хувь хүний шийдвэр үү? Аль нь ч байсан бид Хөрөнгийн биржтэй, түүн дээрээ хувьцаа арилжаалдаг тогтолцоотой. Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн хоёр жил нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хувьцаа арилжаалдаг компанийн тоо, хувьцаа эзэмшдэг харилцагчийн тоо таван жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгджээ. Асааж асуудлаа шийддэг “Ленд.мн”, өдөр бүр шинэхэн өндөг хүргэдэг “Түмэн Шувуут”-аас аваад уул уурхайн томоохон тоглогчид, мэдээллийн технологийн компаниуд аль хэдий нь IPO босгоод хөрөнгийн зах зээлийн шинэ бөгөөд хүчтэй тоглогчдын нэг болоод байна.

Бизнесийн хүрээнийхэн, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг мэдэрсэн мэдээлэлд ойрхон иргэд үндсэндээ хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцдог. Гэхдээ 1072-ын сураг сонссон монголын нийт ард иргэдийн дунд хувьцаа гэж чухамдаа юу болохыг жинхэнэ утгаар нь ойлгодоггүй гэдгийг судлаачид хэлж байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын насанд хүрсэн нийт хүн амын 41 нь санхүүгийн боловсролтой гэж гарчээ. Харин хувьцаа болон хөрөнгийн зах зээлийн хувь 10 хүрэхтэй, үгүйтэй л хувьтай байгаа аж. Хөрөнгийн биржийн арилжаа нэмэгдээд, эргэлдэх мөнгөний хэмжээ өсөөд ирэхтэй зэрэгцэн сургалтад хамрагдах, хувьцааны арилжааны тухай анхан шатны мэдлэгтэй болох гэсэн хүмүүсийн тоо нэмэгджээ.

Ялангуяа Тавантолгойн хувьцаа амь орох тухай гүйцэтгэх захирлын мэдэгдлийн дараа 1072 хувьцаа захиалагчдын тоо нэмэгджээ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэх хүсэлтээ илэрхийлэгчдийн тоо сүүлийн гурван сар тасралтгүй нэмэгдэж, данс нээх ажил удаашралтай байгаа аж. Ирэх гуравдугаар сардаа багтаж үнэт цаасны компаниудыг цахим мэдээлэлд нэгтгэх ажил хэрэгжиж дуусах төлөвтэй байна. Иргэдийн сонирхол нэмэгдэж байгаа ч хувьцааны талаарх ерөнхий мэдээлэл байхгүйгээр хувьцааны арилжаа жинхэнэ утгаараа явахгүй. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг байгуулж хувьцаа болон хөрөнгийн зах зээлийн тухай мэдээлэл өгөх, данс нээх зэрэг үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

Жич: Монгол Улсын нийт 2.5 сая иргэнд тараах 1072 ширхэг хувьцаа нь тус компанийн нийт хувьцааны 15 хувьтай тэнцэж байгаа.

 

Хувьцаат компаниудад хөрөнгийн зах зээлийн соёл бий юу?

Компанийн тухай хуулийн 34 болон 35 дугаар зүйл дээр хувьцаа эзэмшигчдийн эрхийг тодорхой заасан байдаг. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйл дээр Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх, 35 дугаар зүйл дээр Компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхой заасан бий. Эрх авах, арилжаалах, санал өгөх зэрэг олон янзын эрх хуулиар баталгаажсан юм. Гэвч эрхийн хэрэгжилт нийт компаниудад хангалтгүй байгааг судлаачид хэлж байна.

“Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани сүүлийн гурван жилд 300 болж нэмэгдсэн. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан нь 45 хувьтай байна. Ихэвчлэн гуравдугаар самбарын компаниудын хурал зарлагдахгүй байгаа нь ажиглагдсан. Энэ нь хувьцаа эзэмшигчийн мэдээлэл авах эрхийг зөрчөөд байгаа юм” гэж П.Баянсан ярьсан юм.

Үүнээс гадна нийт бүртгэлтэй компани дунд ногдол ашиг тараадаг гуч хүрэхтэй, үгүйтэй компани л байдаг аж. Хувиар үзвэл 4-8 хувьтай гэж гарна.  Үндсэндээ нийт компаниудын 90 гаруй хувь нь ногдол ашгаа тараадаггүй гэж ойлгож болно.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.15.166) 2019 оны 03 сарын 04

Iluudee garsan belen mungu baigaa bol niigmiin emzeg buleg bolood baigaa ahmad nastan,mon huuhduud,emneleg tuk iin ajilchid,ontsgoi,tsagdaa nartaa taraaj ogol doo.

0  |  0
Zochin(99.203.15.166) 2019 оны 03 сарын 04

Belen mungu taraahaa hezee bolih ve?!!!!!humuusee ajiltai bolgood zogsohgui avdag tsalin n tednii setgeld hezee niitseh ve?!!1072 huvitsaagaaraa buteen baiguulj ajiltai orlogotoi boloochei haraal idmeruudee.unuudur bolj baival margaashiin nar hamaagui geh yumaa.

0  |  0
dorj(66.181.160.116) 2019 оны 03 сарын 01

belen bish bn. tgd ch belen mongo taraah n uls torchid n bidend ashigtai gj moroodood bh shig bn ugui bhku yu ongorson songuuliar ardchilsan nam yalaa maniinhaan

0  |  0
Top