Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” уулзалт болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр /2019.03.01/ Улаанбаатар хотод эхэллээ.

Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр "Миний бие 2018 оны есдүгээр сард Оросын Холбооны Улсад болсон “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эрчимжүүлэх зорилго, зохицуулалтын үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьсан билээ.

Энэхүү эрчим хүчний супер сүлжээний эдийн засгийн ач холбогдол маш өндөр болохыг Та бүхний судалгаанууд баталжээ. Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох юм.

Жишээ хэлэхэд, Монгол Улс  цахилгаан эрчим хүчийг 1 кв-ыг 6 цент, түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байгаа нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад гурав дахин хямд байна.

Хэлэлцэгдэж буй санаачилгын үр дүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл маш хямдаар хэрэглэгчиддээ хүрэх боломжтой. Ингэснээр эцсийн хэрэглэгчид, хүмүүс өөрсдөдөө зарцуулах цаг улам их болж, амьдралынх нь чанарт эерэг өөрчлөлт гарах болно.

Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол болон Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг улс, байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар тус бүрдээ судалгаа тооцоолол хийж, хамтарсан хурал зөвлөгөөнүүд хийсээр ирлээ. Гэвч энэ санаачилга харьцангуй удаашралтай байгаа нь бүс нутгийн улсуудын улс төрийн итгэлцэлтэй холбоотой гэж судлаачид бичиж байна.

Монгол Улсын хувьд хөрш орнууд, бүс нутгийн бусад орнуудтай улс төрийн харилцааны ойлголцлын түвшин өндөр, ямарваа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Монгол Улс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх таатай нөхцөлийг агуулж байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд  ч Монгол Улс асар их нөөцтэй, уудам нутагтай, жилийн 300 илүү хоногт нартай учир нар, салхи, нүүрс болон бусад эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Өмнөд Солонгос улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.

Цэвэр, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь байгаль дэлхийгээ хамгаалж буй энэрэнгүй үйлс тул аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах нь дамжиггүй. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд уг санаачилгыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

Уулзалтад оролцохоор манай орныг зорин ирсэн төлөөлөгчид болон бусад эрхэм хүндэт оролцогч Та бүхэнд сайн бүхнийг ерөөж, ажлын амжилт хүсье” гэлээ.


“Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага, Судлаачдын байр суурь: Илтгэл ба хэлэлцүүлэг зэрэг хуралдаанаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top