"Huawei"-н санхүүгийн захирал Канадын эрх баригчдыг шүүхэд өглөө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Канад улсад саатуулагдаад буй Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоу Канадын холбооны Засгийн газар, хилийн албадын агентлаг (CBSA) болон Канадын Хатан хааны морьт цагдааг түүний үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн хэмээн шүүхэд ханджээ.

Globe and Mail сонинд мэдээлснээр, Ванжоуг төлөөлж буй Gudmundseth Mickelson LLP хуулийн компанийн мэдэгдлээс үзвэл гуравдугаар сарын 1-нд Британийн Колумбын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд CBSA ажилтнууд Ванжоуг баривчилж, эрхийг нь хэрэгжүүлэхээс өмнө хилийн шалгалт нэрийн дор Ванжоуг хууль бусаар саатуулж, нэгжлэг хийн, мэдүүлэг авсан гэж дурджээ. Түүнчлэн, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласны төлөө нөхөн төлбөр нэхэмжилсэн байна.

Huawei компани дэлхийн улс орнуудад хэрэглэгдэж буй төхөөрөмжийн тусламжтайгаар техникийн тагнуулын ажиллагаа явуулж, нууц мэдээллийг цуглуулсан хэмээн АНУ, Австрали зэрэг улсууд тус компанийг буруутгасан билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мэн Ванжоу АНУ-ын эрх баригчдын хүсэлтийн дагуу Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн хэргээр Канад улсад саатуулагдсан. Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэтью Уитакер АНУ Huawei компани болон Мэн Ванжоугийн эсрэг нийт 23 зүйл заалтаар нэмэлт ял тулгасан тухай мэдэгдсэн. Huawei компанийн зүгээс бусад улсад ямар нэгэн заналхийлэл учруулаагүй хэмээн мэдэгдэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top