Мах, арьс ширний технологи дамжуулах сургалт болно

2019 оны 03 сарын 04

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг дэмжиж, Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

2020 он хүртэл хэрэгжих уг төсөл мал аж ахуйн салбарт, ялангуяа нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос ноолуур, мах, сүү үйлдвэрлэлийг хөгжүүлж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадавх, экспортыг нэмэгдүүлж зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа юм. Ингэхдээ боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын туршлагыг дотоодын туршлагатай хослуулан нэвтрүүлж, технологи дамжуулах замаар стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортлоход хувь нэмэр оруулах зорилготой.

Төслийн хүрээнд 2018 оны 12 дугаар сараас Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), салбарын зөвлөх инженерүүдийн хамтын оролцоотойгоор “Арьс, шир үйлдвэрлэл, мах бэлтгэлийн чанарыг сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлыг зохион байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хараат бус судалгааны хүрээлэн (ИРИМ), Монголын махны холбоо (ММХ), хувийн хэвшлүүд хамтран ажиллаж айна.

Одоогоор Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн махны 5-7 үйлдвэр, арьс шир боловсруулах гурван үйлдвэрт арьс ширний гэмтэл, гологдлыг нарийвчлан тодорхойлох зорилгоор 2749 ширхэг түүхий эдэд судалгаа, туршилтын ажил хийгээд байна. Мөн цахим-ажлын байрны интерактив сургалтын модулиудыг боловсруулж, “Арьс ширний үйлдвэрлэлийн ээлтэй, тогтвортой аргууд” бэлэн сургалтын агуулгаар 70 гаруй ажилчдад ажлын байрны сургалт зохион байгуулав. Түүнчлэн мах, арьс шир бэлтгэлийн чанарыг сайжруулахын тулд зориулалтын технологи, мэргэжлийн багаж хэрэгслэлийг нэвтрүүлж туршилт хийхээр төлөвлөж байна. Тус дэд төслийн эцсийн үр дүнг 2019 оны гуравдугаар улиралд дүгнэнэ.

Дэд төслийн шугамаар ХБНГУ-аас мэргэжлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсэнтэй холбогдуулан 2019 оны гуравдугаар сарын 7-нд Улаанбаатар дахь "Мах маркет" ХХК-ийн үйлдвэрийн байранд  "Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах" сургалт болно. Уг арга хэмжээнд Мах маркет, Мах импекс, Дархан Мийт Фүүдс, Эдмийт, Баруун Монгол Интернэшнл, Мийт Фүүдс, Баяндэлгэрэх Хүнс зэрэг мах боловсруулах үйлдвэрүүдийн технологич, ажилчид, удирдлагууд, ХХААХҮЯ, МЭЕГ, МХЕГ, Европын Холбоо, НҮБХХААБ, МАШҮХ, ММХ, ХҮСХХ, ИРИМ, Мерси Кор, Адра, зарим ЭСЯ-дын төлөөлөл урилгаар оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top