WSJ: АНУ, БНХАУ тохиролцоонд хүрэхэд ойрхон байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

БНХАУ, АНУ худалдааны асуудлаарх хэлэлцээний сүүлийн шатанд очоод байна. Энэ сарын сүүлээр эцсийн тохиролцоонд хүрсэн тухай зарлаж магадгүй байна гэж The Wall Street Journal сонинд бичжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин Америкийн хөдөө аж ахуй, химийн бүтээгдэхүүн болон автомашин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татвар, хязгаарлалтыг хасахыг санал болгожээ. АНУ-ын зүгээс өнгөрсөн онд Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан худалдааны хязгаарлалтын бүгдийг нь биш юм гэхэд, ихэнх хэсгийг нь цуцлах боломжийг судалж байгаа аж.

 

Тус сонинд бичсэнээр, маргаантай асуудлууд байгаа хэдий ч талуудын хооронд яригдаж буй хэлэлцээр “хэлбэржиж”  байгаа гэнэ. Тохиролцоонд хүрсэн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд зарлаж магадгүй аж. Уулзалт энэ сарын 27-нд болно гэж таамаглаж байна.

 

Хятадын тал АНУ-аас худалдан авч буй бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Хятадын Sinopec корпорац АНУ-ын Cheniere Energy компаниас 18 тэрбум ам.долларын шингэрүүлсэн байгалийн хий худалдан авахад бэлэн байгаа бөгөөд нийлүүлэлт 2023 онд эхлэх магадлалтай байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top