Х.Амгаланбаатар: Заамарт амиа алдсан иргэдийн ар гэрт НӨХӨН ТӨЛБӨР өгөх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайд осол гарч, дөрвөн ажилтан нь нурангад дарагдсан билээ. Одоогоор онцгойгийн албан хаагчид гурав дахь хүний цогцсыг уурхайн гүнээс гаргаад байгаа юм. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.


-Саяхан Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар”-ын уурхайн нурангад дөрвөн иргэн дарагдсан хэрэг гарсан. Одоогоор гурван иргэний цогцсыг нь л гаргаад байна. Энэ хэрэгт танайх хэрхэн ач холбогдол өгч ажиллаж байна вэ?

-Төв аймгийн Заамар суманд гарсан осол нэгэнт болоод өнгөрчихлөө. Бидний авсан мэдээллээр зургаан хүн осолд өртөж, тэдний дөрөв нь нурангид дарагдсан. Юуны өмнө амь насаа алдсан иргэдийн ард гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т зааснаар тухайн компани 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох ёстой. Нөхөн төлбөрийг ялгаж ойлгох нь зөв. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж гэдэг нь тусдаа шүү. Үүнийг ихэнх нь мэддэггүй юм. Зарим хариуцлагаа ухамсарласан байгууллага нөхөн төлбөрийг жил бүр олгодог.

-Хуулийн байгууллагатай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Төв аймагт гарсан ослын дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай мэдээлэл солилцон ажиллаж байна. Энэ дашрамд, амь насаа алдсан иргэдийн ар гэрт дахин эмгэнэл илэрхийлж байна.

Ер нь, манайхаас ойрын хугацаанд зохион байгуулалтад оруулж, энэ чиглэлээр миний зүгээс хоёр хоногийн өмнө албан үүргийг салбар хороондоо өгөөд байна. Ослын шалтгаан эцэслэгдээгүй, хүний амь эрсэдсэн энэ үед Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нэгдэж, ажилчдынх нь эрх ашгийг нь хамгаална гэдэг бол боломжгүй зүйл юм. Гэхдээ ойрын хугацаанд анхаарч ажиллах болно.

-Ер нь хууль эрх зүйн орчин нь ямар байдаг юм бэ?

-Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжээд 1992 онд Үндсэн хуулий өөрчилсөн. Шинэ Үндсэн хуульд хүн амьд явах, хөдөлмөрлөх эрхтэй. Эдгээр эрхийг нь төр хамгаалах үүрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах эрх бол Үндсэн хуульд тусгасан хамгийн чухал заалт юм. Үүнээс гадна Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиар хүний аюулгүй орчинд ажиллах эрхийг нь тухайн байгууллага хангахаар тусгасан. Бие даасан хуультай болоод 11 жил болж байна. Харамсалтай нь, үйлдвэрлэлийн осол, түүнээс шалтгаалж эрүүл мэндээрээ хохирох байдал буурахгүй өссөөр байна.

Энэ байдалд дүгнэлт хийх цаг нь хожимдож эхэллээ. Сүүлийн үед гарч байгаа осол, гэмтлийн шалтгааны Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөрийн хяналтын арга барилаар дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

2008 онд Хөдөлмөрийн тухай хуулиас Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг салгаж, бие даасан хуультай болсон цагаас хөдөлмөрийн хяналтад эрсдэл дагасан төлөвлөгөөт хяналтад шилжсэн. Энэ хяналт нь хөдөлмөрийн нөхцөл үнэхээр сайтай гадны улсад тохиромжтой. Харин манай улсад хөдөлмөрийн зах зээл тийм ч өндөр хэмжээнд хүрээгүй байна.

Манай уул уурхайн салбар хөгжиж байна. Хөгжлийнхөө эхний үе шатанд явж байна. Ер нь олон жил үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч тээвэр, барилга, үйлдвэрлэлийн осол, өвчлөл өндөр гарах магадлалтай хүнд салбар. Тиймдээ ч хөгжил нь өндөр төвшинд хүрээгүй байна. Энэ үед эрсдэл дагасан төлөвлөгөөт хяналт руу шилжүүлсэн явдал нь үйлдвэрлэлийн осол буурахгүй байгаагийн гол шалтгаан юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос анхнаас нь л шаардлага тавьж ажилласан. Гэхдээ үр дүнд хүрэхгүй байна. Ер нь эрсдэл дагасан хяналтыг дагаж ажил олгогч ослынхоо шалтгааныг нуух явдал гардаг. Жишээ нь, урьдчилсан шалгалт ирэхийг мэдсэнээр түүндээ бэлдэх, төлөвлөгөөний дагуу ажлын байрны нөхцөлөө тодорхойлдог. Шалгалт ирэх тухай бүрт нь эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлөө сайжруулах зэрэг явдал олон байгууллагад бий.

Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко алтан заамар” ХХК-д гарсан осол нь үүний тодорхой жишээ юм. Энэхүү компанид Монгол үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар хорооноос өмнө нь гурван удаа очиж үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад оруулах замаар сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг нь хангуулах чиглэлээр ажилласан. Гэхдээ уул уурхайн салбарын үйл ажиллагаа улиралын чанартай, нүүж явдаг учраас тухайн компанийн ажилчид зохион байгуулалтад орж амжаагүй байсан. Гэсэн ч манай салбар хорооноос дахин очиж, зохион байгуулалтад орж эрхээ хамгаалах ажлыг хэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын системийг бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үзэж байна. Зарим аж ахуйн нэгжид эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналтыг явуулах нь зөв байх. Гэнэтийн болон урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай.

-Тухайлбал, яаж тэр үү?

-Учир нь, жиллах нөхцөл нь хүнд салбарыг эрсдэл хэзээ ч гарах магадлалтай аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалтыг хийдэг байсан. Түүний ачаар үйлдвэрлэлийн осол харьцангуй бага байлаа. Тэгэхээр энэ чиглэлээр манайхаас Монгол Улсын Засгийн газарт болон мэргэжлийн байгууллагуудад хандаж дахин санал тавина. Хэрэв тодорхой өөрчлөлтийг оруулж чадвал үйлдвэрлэлийн осол, өвчлөлийн тоо буурах боломжтой гэж харж байгаа юм.

-Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн хэд нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч, салбар хороодоо байгуулсан байдаг юм бэ?

-Уул уурхайн компанийн тоо огцом нэмэгдэж байна. Цар хүрээ нь ч нэмэгдэж байх шиг байна. Салбар хороод маань хүрч ажиллахаар хичээж байна. Манайх салбар 14 хороотой. Уул уурхайн компанид ажиллаж байгаа ажилчдын идэвхтэй үйл ажиллагаа дутагдаж байгаагаас эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалж чаддаггүй. Бидний үйл ажиллагааг дутуу ойлгож байгаагаас хохирсоор байдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.42.211) 2019 оны 03 сарын 11

за чи битгий чалчаад бай? нээд ажилаа өгөөд зайл өнгөрсөн юмны араас хуцаад байх хэрэггүй чамтай чамгүй шинэ шүүх шийдээд өгнө за юу??? амгаланбаатар гэгч дуракаа

0  |  0
зочин(43.242.243.253) 2019 оны 03 сарын 08

Татвар ,авах ,болохоор ,уургийн ,морь ,шиг. Газар ,дээр ,нь очиж ,ярих ,хэрэгтэй. Өөдгүй ,чалчаа ,саарлууд.

0  |  0
Top