СУРВАЛЖЛАГА: “Эрдэнэт” үйлдвэрт ОНЦГОЙ ДЭГЛЭМ эхэлсэн өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өчигдөр /2019.03.07/ Засгийн газраас гаргасан. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан даруйд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Орхон аймагт ажиллаж, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан юм. 

Онцгой дэглэм тогтоох ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн төв оффист 17-20 цагийн хооронд ажилласан. Энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын чиглэлийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж, зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг танилцуулж ажилласан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга н.Эрдэнэбилэг, Хөгжлийн газрын дарга н.Нэмэхбаяр,  Хууль эрх зүйн газрын дарга Б.Цэрэнбадам, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга н.Хонгор нарын нарын есөн удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлэв. Ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтнууд “Монголын зэс корпораци”-ийн төлөөлөл болон тус үйлдвэрт ажиллаж байжээ. 

Засгийн газрын шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулахдаа “Улс орны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй “Эрдэнэт” үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна” хэмээгээд “Үйлдвэрийн 49 хувийн асуудлыг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, зарим нэг аж ахуйн нэгжийн гүйлгээг шалгах хэрэгтэй тул есөн өрөөг битүүмжилнэ. Тухайн өрөөнүүдээс албан бичиг, цаас авч гарахыг хориглоно. Онцгой дэглэмээс үүдэн үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учрахгүй. Тиймээс үйлдвэрийн ажилтан, албан тушаалтнууд ч Засгийн газрын тогтоолыг хүндэтгэж, ёс бус үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна” гэж тайлбарласан. 

Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох тухай Засгийн газрын шийдвэрийг дараах байдлаар тайлбарласан юм. Тэрбээр “Онцгой дэглэмээр “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг хийнэ. Одоо бол үйлдвэрийн ТУЗ ажиллахад хүнд байдалтай байгаа. Шүүх дээр асуудалтай байгаа. Үүнээсээ болоод “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг ч ярьж чадахгүй байна. “Эрдэнэт” үйлдвэр бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй байдалд хүрлээ. Мөнгө захиран зарцуулах эрх нь ч төвөгтэй байдалтай байгаа. Засгийн газар УИХ-ын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. УИХ-ын 23 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах ажлыг зохион байгуул гэж заасан. Үүний тулд гүйцэтгэх ажиллагаа явуулж байж, “Худалдаа хөгжлийн банкнаас яг хэдэн төгрөг гарсан бэ”, “Төрөөс хэдэн төгрөг гарсан бэ”, “Яагаад УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр Засгийн газар давуу эрхээсээ татгалзсан бэ” гэдэг асуултуудад хариулт олох боломжтой. Гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өөр гарц байхгүй. Засгийн газарт байгаа материалын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан санхүүгийн схем 5 эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдсон. Энэ нь мөнгө угаалт, авлигын хэрэгтэй холбоотой. Жишээ нь, 111 сая ам.долларын ногдол ашгийг 49 хувьтай хамаарал бүхий компаниуд авчихсан байгаа. Энэ бүхнийг шалгахын тулд өрөөнүүдийг битүүмжилж байна” гэж ярьсан. 


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Орхон аймагт Засгийн газрын шийдвэрийг танилцуулж ажиллах үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа. 

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байгаа явдлыг тус үйлдвэрийн 6000 ажилтан хэрхэн хүлээж авч байна вэ. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?

-Онцгой дэглэм тогтоож, хүндрэл үүссэн нөхцөл байдлыг Засгийн газар шууд хяналтдаа авч шийдвэрлэх хууль бий. Хуулийн хүрээнд хийгдэж байгаа зүйл. Үйлдвэрийн ажилчдад хандаж хэлэхэд, онцгой дэглэм үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх тухайд Эрдэнэтийн ард түмэн олон удаа хүсэлт гаргаж байсан. Тиймээс Засгийн газар эрдэнэтчүүдийн хүсэлтэд нийцсэн үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож болно.

-Чөлөөлөгдсөн албан тушаалтнуудын орны хүмүүсийг хэзээ томилох вэ?

-Ер нь бүтцийг цомхон болгож байгаа юм. Энэ олон дэд захирлын орон тоон дээр энэ зургаан сарын хугацаанд хүн ажиллахгүй гэсэн үг. Мэдээж гарын үсэг шилжих асуудал үүснэ. Үүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шийдээд явна.

-Онцгой дэглэм тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй байсан уу?

-Би үүргээ гүйцэтгэж байгаа хүн. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал багагүй сунжирсан. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсэг 14 хоног холбогдох материалтай танилцсан. Ингээд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр шийдвэртэй алхам хийх шийдэлд хүрсэн.

-Онцгой дэглэм тогтоосон хугацаанд асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?

-Зургаан сарын дараа асуудал шийдэгдэхгүй бол УИХ хугацааг сунгана.

-“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ бол “Эрдэнэт” үйлдвэр бүхлээрээ барьцаалагдсан асуудал. Энэ асуудалтай холбогдуулж хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа хүмүүс бий. Буруутай нь тогтоогдвол нөхөн төлбөрийг тэр хүмүүсээс гаргуулах ёстой. Гэтэл “Стандарт” банкинд төлөх төлбөр өссөөр байгаа. Төлбөрийг өндөр байлгах сонирхолтой хүмүүс бий. Сингапур болон бусад газарт уулзалт хийсэн тухай мэдээлэл тусгай албадын шугамаар бидэнд ирсэн . Тэгэхээр энэ бүхэнд хуулийн хүрээнд цэг тавих нь зөв. Хуулийн байгууллага бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг гаргаж ирэхгүй хав дарсан нь сонин байдаг. Үндсэндээ "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлын дараа Монгол Улсад төр байна уу гэдэг том асуудал босч ирнэ. Миний хувьд Ерөнхий сайдын захирамжийг биелүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ontsgoi deglem (124.126.2.1) 2019 оны 05 сарын 30

Ontsgoi deglem nereer ontsgoi deglemeer halhavchilsan deerem uildej standart banknii oriig zasgiin gazriin nootsoos tolson geluu?!

0  |  0
Дамиран(66.181.187.85) 2019 оны 03 сарын 09

sain shalgaval zohino.yamarch baraa uilchilgee niiluuleegui atlaa 17 terbum tugrug avsan hun unuudur Tavantolgoin sankhuugiin dargaar ajillaj l bna..

0  |  0
Нэргүй (202.126.89.104) 2019 оны 03 сарын 08

Дэмжиж байна

0  |  0
555(45.117.35.4) 2019 оны 03 сарын 07

хэлэлцээр хийж уулзана гэхэд уулзаагүй гээ бизкээ арай сүржигнэж бна даа oюунаа

0  |  0
Бб(59.153.114.216) 2019 оны 03 сарын 07

Зөв

0  |  0
зочин(103.57.95.79) 2019 оны 03 сарын 07

Оюунэрдэнэ сайд ямар албан тушаалтай юм бэ. Хаалга скочдогч юм уу. Уул уурхай, Хууль зүй, Сангийн сайд гээд сайдууд нь яасан юм бэ. Цагдаа АТГ МХЕГ гээд бас байгууллагууд байдаг байх аа.

0  |  0
Топорт(103.229.123.221) 2019 оны 03 сарын 07

Энэ нэг тэнэг пацаан хамаг юм самраад дуусах нь ээ!!! Хүрэлсүх ээ! Чи наадах нохйогоо татаж авахгүй бол нэр хүндийг чинь баасдаад дууслаа шүү!!!!!

0  |  0
зочин(202.179.31.242) 2019 оны 03 сарын 07

Шинэбаатар, Хонгор гээд хуучин Төрийн өмчийн хороонд байсан үл бүтэх гарууд тэнд очоод хувалз аятай шигдчихсэн Эрдэнэт үйлдвэрийн цусыг сорж байсан байна ш дээ. Өөр ч олон этгээд байж мэдэх л юм байна даа.

0  |  0
Уурхайчин(64.119.25.204) 2019 оны 03 сарын 07

Онцгой байдал тогтоож сүржигнэх ямар ч шаардлага байхгүй. Энэ хэдэн хүнийг халах шиг амархан зүйл алга. Бадамсүрэнд иргэний зориг дутсан л хэрэг. 2 орлогчийг нь ТӨХ ( ТУЗ байхгүй тул) халаад л болох байсийм. Хайран ЗГ-ийн нэр хүнд?!?!?! Ер нь төр бизнес хийнэ гэдэг бол дарга нар шахаа хийнэ л гэсэн үг шдээ

0  |  0
Дарь(192.82.66.139) 2019 оны 03 сарын 07

Зөвхөн ногдол ашиг маягаар жилд зуу илүү сая төгрөг авахаар 5 жилд л нөгөө 400 сая доллар нь төлөгдөх нээ. Тэгвэл хоосон шахам авлаа гэсэн үг. Оросууд ийм хөнгөн наймаа хийнэ гэжүү.

0  |  0
Top