ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Өнөөдөр /2019.03.11/ эх оронд маань нар 07 цаг 13 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 2 градусын дулаан, багавтар үүлтэй байна. Энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозуна Хакүхо буюу дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргалын төрсөн өдөр тохиож байгаа юм. 1985 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлж байв. Түүнчлэн Рио-гийн олимпийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын мөнгө, Дэлхийн аварга, Ази тивийн аварга, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа мөн төрсөн өдрөө тэмдэглэх учиртай. Тэрбээр 1991 оны энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт мэндэлсэн билээ. 1978 оны энэ өдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгч Дидье Дрогба Зааны ясан эрэг улсад мэндэлсэн.

Өнөөдөр Литва улсад тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр болж байгаа юм. Харин Замби улсад Залуучуудын өдөр, хойд хөршид Мансууруулах бодисын хяналтын байгууллагуудын ажилтнуудын өдөр тохиож байгаа аж. Тэгвэл 1702 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Англи даяар хэвлэгдэж байсан "The Daily Courant" сонины анхны дугаар хэвлэгджээ. Тажикстан улс хэвлэлийн өдрийг тэмдэглэж байна.

1931 оны эл өдөр Австралийн хэвлэлийн магнат "Ньюс" корпорацийг үндэслэгч Руберт Мердок мэндэлсэн байна. 1917 оны эл өдөр генерал Стенли Моадаар удирдуулсан Англи, Энэтхэгийн цэргийн нэгдсэн хүн Багдадыг эзлэн авсан. 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ЗСБНХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Михайл Горбачёв томилогдож байсан гэнэ. 1984 оны энэ өдөр Монгол Улсын Төрийн шагналт, нэрт зохиолч Донровын Намдаг нас баржээ.

Онцлон тэмдэглэхэд, энэ өдөр хонины ордныхон уран бүтээлийн арвин их олз, омогтой байх бол мэдлхийн ордныхон ямар нэгэн том ажил хариуцан аваад хэрэггүй хэмээн зурхайд буужээ. Өнөөдөр үс засуулбал эд мал арвидах ба гахай, туулай жилтнүүдийн ажил үйл өөдрөг бүтэмжтэй байх гэнэ. Мөн ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал худалдаж авахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, нохой худалдаж аваад хэрэггүй гэжээ. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргаарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top