“Алтан хальс” олон улсын кино наадмын бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулагдсаар ирсэн "Алтан хальс” Олон улсын VII кино наадмыг ирэх зургадугаар сарын 4-8-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Тус кино наадмыг энэ жил "Монголын кино институт", "iCinema", "Улаанбаатар паспорт" хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

Тус наадамд 2013-2018 оны хугацаанд нийт 60 гаруй орны 1622 олон улсын болон монгол богино бүтээл ирүүлснээс 184 нь уралдаант хэсэгт сонгогдож, 37 нь "Алтан хальс" кино наадмын шагнал хүртэж байжээ. 

Үзэгчдэд арт киног таниулах, уран бүтээлчийг гадаад уран бүтээлчээс урам зориг авч хөгжих боломж олгох, кино урлагт шинэ давалгаа түүчээлэх зорилготой наадам, уралдаант хэсэг, мастер класс, бүрэн хэмжээний киноны үзвэр зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.

Уралдаант хэсэгт ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл "Хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь" кино төрөлд богино хэмжээний кино бүтээлийг хүлээн авна. Наадмын "Шилдэг монгол" бүтээлд Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагнал олгох юм байна. Уг шагналын эзэнд “Global Smart Solution” компани 10 сая төгрөгийн үнэтэй мэргэжлийн ARRI Alexa Classic EV 1 сет камерын болон “Cineplus” компани 3 сая төгрөгийн үнэтэй мэргэжлийн гэрэлтүүлгийн хэрэгслийн бүрдэл 7 хоногийн түрээсийн эрх гардуулах ажээ.

Мөн "Шилдэг монгол хүүрнэлт кино", "Шилдэг олон улсын хүүрнэлт кино", "Шилдэг монгол баримтат кино",  "Шилдэг олон улсын баримтат кино", "Шилдэг монгол хүүхэлдэйн кино", "Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино", "Шилдэг монгол эксперименталь кино", "Шилдэг олон улсын эксперименталь кино" гэсэн төрөлд бүтээл тодруулж, 250-500 мянган төгрөгийн шагнал олгох гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top