Ангараг гараг дээр анх эмэгтэй хүн хөл тавих уу?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

Эмэгтэй хүн Ангараг гараг дээр хөл тавих дэлхийн хамгийн анхны сансрын нисэгч байх боломжтой гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн захирал Жеймс Брайденстайн ярьжээ. Тэрбээр сансар судлалд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийн талаар Science Friday цахим хуудсанд нийтлэгдсэн ярилцлагадаа ийн онцолсон байна.

 

Өмнө нь тэрбээр 2030-аад оны дундуур Ангараг гараг руу нисэгчтэй экспедиц хөөргөнө хэмээн мэдэгдэж байсан бөгөөд ингэхийн тулд шаардлагатай технологийг сар руу хийх нислэгийн үеэр турших гэнэ.

 

Ойрын жилүүдэд НАСА агентлаг шинэ сансрын хөлгүүд болон хүнд даацын пуужин тээвэрлэгчийг туршихаар ажиллаж байгаа ба урт хугацааны сансрын нислэгийн хүний бие организмд  үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор туйлын чухал судалгаануудыг үргэлжлүүлэх аж.

 

Science Friday цахим хуудсанд бичсэнээр, Брайденстайн сар руу эргэж очих АНУ-ын дараагийн сансрын нисгэгч эмэгтэй хүн байна гэж мөн ярьжээ. НАСА агентлаг 2028 он гэхэд сар руу дахин хүн явуулахаар төлөвлөж байна.

 

Энэ сарын 29-нд түүхэнд анх удаа хоёр эмэгтэй нисэгчээс бүрдсэн баг олон улсын сансрын станцаас задгай сансарт гарахаар төлөвлөж буй тухай тэрбээр мөн мэдэгджээ. Эдгээр нь энэ сарын 14-нд Оросын “Союз” хөлгөөр Олон улсын сансрын станц руу нисэх Кристина Кох, тус станц дээр өдгөө  ажиллаж буй Энн Маккдейн нар юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top