Малайз улсад олон зуун хүн аюултай хаягдлаас болж хорджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Малайз улсад гол руу хаясан аюултай хаягдлаас болж олон зуун хүн, тэр дундаа хүүхдүүд олноор өвдөж, нэг зуу гаруй сургууль хаагдаад байна гэж Малайзын мэдээллийн Бернама агентлаг мэдээлжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт тус улсын өмнөд Жохор мужид гол руу хаясан аюултай хог хаягдал ойр орчиндоо хорт хий ялгаруулсны улмаас хүмүүст дотор нь муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрчээ.

 

Хорт хийгээр амьсгалсан сургуулийн сурагч голдуу нийт 500 гаруй хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авснаас 160 гаруй нь эмнэлэгт хэвтжээ. Одоогоор Пасир Гуданг хотын үйлдвэрийн бүс орчим ямар төрлийн хий ялгарсан нь тодорхойгүй байна.

 

Тус улсын боловсролын сайд Масзли Малик эхэндээ 43 сургуулийг хаах шийдвэр гаргасан бол дараахан нь энэ тоо даруй хоёр дахин нэмэгдэж нийт 111 сургууль үүдээ бариад байна.

 

Энэ долоо хоногийн эхээр аюултай хог хаягдлыг ил задгай хаясан хэргээр гурван хүний баривчилсан бөгөөд байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчсөн нь тогтоогдвол таван жил хүртэл хорих ял оногдуулах гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top